Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баттулга: Засгийн газар татвараа нэмж хөрөнгө босгох чиглэл өгсөн


Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай санал солилцох уулзалт хийлээ.
Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод боловсрол, эрүүл мэнд, соёлын  байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг хариуцуулж, хөрөнгө оруулалтын зардлыг тэглэжээ. Ингэснээр нийслэл жилдээ 340 гаруй тэрбум төгрөгийг дээрх байгууллагын цалинд зарцуулах аж. Харин нийслэлийн өдөр тутмын ажил, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд ямар ч хөрөнгө тусгаагүй бөгөөд иргэдээс төвлөрүүлдэг албан татваруудыг  хоёр дахин нэмэгдүүлж, хөрөнгө босгох чиглэл өгсөн байгаа юм. Монгол Улсын Засгийн газар энэ төсвийн төслөө орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох бодлогоор боловсруулсан гэж тайлбарлаж байгаа бол нийслэлийн удирдлагууд эсрэг байр суурьтай байна.

Уг төслийг УИХ-д өргөн барихаас өмнө нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж удаа дараа асуудлыг ярьж, тайлбарласан ч нөхцөл байдлыг үл харгалзан дээрх төслийг өргөн барьсан гэнэ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргийн удирдлагуудтай уулзаж, дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд асуудал тавьж, тус төслийг батлахгүй байх хэрэгтэйг анхаарууллаа.

Хэрвээ энэ төслийг УИХ-аар баталвал 2015 оны нэгдүгээр сараас нийслэлийн багш, эмч нар, соёлын байгууллагын ажилтнуудын цалинг нийслэл олгож чадахгүйд хүрч, I улиралд 71,  II улирал гэхэд 105 тэрбум төгрөгийн алдагдалд орно гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлсэн юм.

Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Монгол Улсын Засгийн газар нийслэлийн иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхээр зэхэж, ийм төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр гайхаж байна. Үндсэндээ энэ төслийг баталвал хот дампуурч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөр шууд зогсоно гэдгийг Засгийн газрын тэргүүнд учирласан. Гэвч цалин, тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэхгүй байж иргэдээс авдаг авто тээврийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, хөрөнгө босгох чиглэл өгч байгааг бид эсэргүүцэж байна. Үүнийг бид яагаад ч хүлээж авч чадахгүй. Нийслэл гэдэг их айлын иргэн бүрийн төлөө бид ажиллаж байгаа. Тиймээс тэдний эрх ашгийн төлөө цаашдаа ч тууштай ажиллах болно. Ийм хүнд ачааг зүгээр сууж байгаад үүрэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ. Мөн “Энэ хүнд байдлаас гарахын тулд УИХ-ын гишүүд уг төсвийн төслийг батлахгүй байх ёстой. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүд Улаанбаатар хотыг ав­рах уу, дампууруулах уу гэдгийг одоо л бид харна” хэ­мээн тодотгон хэлсэн юм. Дүүргийн удирдлагууд ч өөрсдийн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд энэ асууд­лаар хандана гэдгээ илэрхийллээ.

Нийслэл өнгөрсөн жил төсвийн орлогоо 16 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн бол өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөв 30 тэрбум төгрөгөөр тасар­чээ. Энэ нь орлоготой, цалинтай иргэдийн тоо буурсантай холбоотой гэд­гийг албаныхан хэлж бай­на. Тиймээс ийм үед нийслэлийн бүтээн байгуу­лалтыг зогсоож, төсвөөр дарамтлах шийдвэ­рийг УИХ-аас гаргахг­үй гэж найдаж байгаа гэлээ.


УИХ-ын гишүүд хотоо аврах уу, дампууруулах уу

Дээрх асуудлаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас цөөн асуултад хариу авлаа.

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тө­сөл үнэхээр нийслэлийг сөх­рөхөд хүргэнэ гэж үзсэн хэрэг үү. Засгийн газрын зүгээс төсвийг танах бодит боломжийг энэ гэж харж, орон нутагт эрх мэдэл олгож бай­на гэж  тайлбарлах байх?
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Энэ төслөөр ахмад настан, оюутан, цагдаа нарын унааны хөнгөлөлт 53 тэрбум төгрөг, дээр нь боловсрол, эрүүл мэнд, соёлын ажилтнуудын цалин хөлс болох 290 гаруй тэрбум төгрөг, нийлээд 340 гаруй тэрбум төгрөгний ачааллыг Улаанбаатар хотод ямар ч эх үүсвэргүйгээр шууд шилжүүлсэн. Улаанбаатар хотын төсөв нь өөрөө 500 орчим тэрбум төгрөг байдаг.  Хөрөнгө оруулалтаа тэглээд зөвхөн урсгал зардал дээрээ энэ 340 тэрбумыг нэмээд явах юм бол 100 гаруй тэрбум төгрөг сох дутаж байгаа юм. Нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэсэн үг. Энэ хөрөнгийг нөхөхийн тулд тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэм, нийслэлийн татварыг тогтоох асуудлыг НИТХ-д өгье гэсэн гурван хуулийн төслийг давхар өргөн барьсан байгаа. Ин­гээд бодоход 2015 он ямар он билээ, Монгол Улсын эдийн засаг ямар бай­гаа билээ, цалин нэмж чадаа­гүй, юмны үнэ өсөөд валю­тын ханш тогтворгүй байна. Ийм нөхцөлд дахин татварыг нэмэх, шинээр татвар бий болгож авах нь нийслэлчүүдийн нуруун дээр маш хүнд ачаа болно. Судалгаа байдаг шүү дээ. Нэг төгрөгний татвар авахад 2-5 төгрөгний ачаалал хэрэглэгчид очдог. Цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмэхэд л талхны үнэ 15 төгрөгөөр нэмэгддэг. Тэгэхээр 300-600 тэрбум төгрөг Улаанбаатар хотын нэг сая 300 мянган хүний нуруун дээр л бууна.  Өнөөгийн ийм нөхцөлд хотын­хон маань үүнийг даахгүй. Маш хүнд төсвийг хотод тулгаж байна гэсэн үг. Өмнөх хоёр жилд хотоос олон том төсөл хөтөлбөр эхлүүлсэн.  “Дахин төлөвлөлт”, “Найрсаг Улаанбаатар”, “Ахмадын орон сууц”, гудамж талбайг тохижуулах гээд хийх ажил маш их байна. Энэ бүхний хөрөнгө оруулалт алга болж байна гэсэн үг. Хотынхоо асуудлыг ингэж хүндрүүлж болохгүй. Засгийн газар ийм төсөв оруулж ирснийг үнэхээр их гайхаж байна. Хотын зүгээс төсвийн төслийг шууд эсэргүүцэж байна. Бид УИХ-д үгээ хэлж тэдэнтэй ажиллахаас өөр арга байхгүй.

-Гарц байгаа болов уу?
-Гарц олохын төлөө л ажиллаж байна. Би ганц зүйлийг л хэлнэ. Хэрэв УИХ дээрх төсөлд өөрчлөлт оруулахгүйгээр батлах юм бол Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр дахин өсөх нь, тээврийн хэрэгслийн татвар хоёр дахин нэмэгдэх нь. Дээр нь нийслэлийн албан татвар бий болох нь. Ийм л нөхцөл байдал үүснэ. Хот үүнийг хийхийг үнэхээр хүсээгүй. Гэхдээ батлагдах юм бол хуулиа биелүүлж таарна шүү дээ. Энэ олон хүн амтай айлыг бид аль болох аятайхан авч явахыг хүснэ. Энэ бол бидний хариуцлага. Монгол Улс төсвийн нэгдсэн тогтолцоотой, нэгдсэн хуультай улс. Бид биелүүлэхээс өөр аргагүй болох байх.

-Тээврийн хэрэгслийн болон үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмснээр хэр их хөрөнгө төвлөрөх бол?
-Үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 25 орчим тэрбум төгрөг авдаг. Тэгэхээр 50 тэр­бум болно.  Тээврийн хэрэгс­лийн татвар бол зам зас­варын ажилд зарцуу­лагдаж, тэр шу­­га­мынхаа санд төвлөрдөг мөн­гө шүү дээ. Үүнийг нэм­лээ гэхэд 30 тэрбумаар л нэ­мэгдэнэ. Нийлээд 50 тэрбум бос­­но. Батлагдаагүй учраас нийс­­­­лэлийн албан татварын хэм­жээ төд байна, тэрнээс ав­на гэдгийг хэлэхэд эрт бай­на.

-Хотын төсвийг хэд байхад болно гэж төлөвлөсөн юм бэ?
-Сангийн яаманд анх наймдугаар сард төсвийн санал өгөхдөө Улаанбаатар хотын төсвийг 490 тэрбумаар тогтоосон. Урсгал зардлыг 220 орчим тэрбум төгрөгөөр, хотын өөрийнх нь хөрөнгө оруулалтыг 210 орчим тэрбум төгрөгөөр тогтоогоод, төсөвт 50-аад тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тохирсон. 210 тэрбум төгрөгөөр хот өөрийнхөө томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм.

-Энэ жил хотын төсөв 30 тэрбумаар тасарчихсан яваа гэсэн. Энэ жилийн тө­сөв тасарсны шалтгаан нь ?
-Хотын төсвийн 70 орчим хувь нь хүн амын орлогын албан татвар байдаг. Эдийн засгийн хүнд байдлаас үүдэн компаниуд үүд хаалгаа барьж байгаа юм байна, ажилгүйдэл нэмэгдэж, цалин авч байгаа хүний тоо багасч байгаа хэрэг. Цалин авч байгаа хүн багасч байгаа учраас хүн амын орлогын албан татвараас хотод орж ирж байгаа мөнгө нь багасч байна гэсэн үг. Энэ утгаараа хотын төсвөөс 30 тэрбум төгрөг тасраад байна.

-УИХ-ын гишүүдэд байдлаа ойлгуулна гэв үү?
-Хотыг дампууруулах төс­лийг баталж болохгүй. Улаан­­баатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд онцгой ан­хаарал хандуулах хэрэгтэй. Тэдэн­тэй уулзах ажлыг нийс­лэлээс зохион байгуулна. Нөх­цөл байдлаа ойлгуулна гэж бодож байна. Кнопоо яаж дарахыг нь харна даа. Хотын­хоо төлөө дарахгүй хүнийг ирэх сонгуульд дэвшүүлээд яах юм бэ. УИХ-ын гишүүд хотоо аврах уу, дампууруулах уу гэдгийг одоо л харъя.

0 Сэтгэгдэл
Орон нутагт өгч байгаа эрх энэ дээ. Чиглэл өгөх, журамлах замаар ЗГ хэрэг дээрээ татварын тогтоох эрхийг авч, УИХ-ын оролцоо ерөнхий болно л гэсэн үг. Нөгөө талдаа холбооны улс шиг, аймаг, нийслэл нь татвараа тогтоох нь нэгдсэн улсын хувьд ямар байхын, үүнээс үүдсэн алдаа,завхрал гарвал ЗГ хариуцахгүй гээд суух уу. Цаг нь биш байхаа.
Bitgii namar talst,ajliin tyrshlagatai,ajil xiix,bvteen xvseltei xvnee ajillyylla.SHAXAANII XVMVVSEE BYTSAAJ XAL. HOEOR JIL SYL TSALIN UGCH TEJEELEE,ODOO BOLNO DOO BATTYLGAA, VVLEE.TOLGOI VTEGEE YALGAJ CHADAXGVI OLON XVN SVREGEE TSUUL.BVDVVN OROLCH NARAA XAL,HOEOROOS ILVV XEREGGVI...BIEIIN GALBIRAA ZASCH CHADDAGGVI XVN XEZEE CN AJLIIN AMJILT GARGADAGGVI UM.
Ene BOL ZUBXUN SHALTAG. TUCBUU XEMNEX OLON BOLOMJTOI BII. VVNIIG OLJ XARJ XEREGJVVLJ CHADBARGVI BOL NAD AJLAA UGCHIX,BI XARYYLAAD UGIE.
Svrtei shd battylga
Хамгийн их уншсан