Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уранчимэг: Эцэг эх нь хараа муутай бол хүүхдийнх нь хараа муудах магадлал 50 хувь


Дэлхий нийтээрээ аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Хараа хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Өнөөдөр тохиож буй энэ өдөрт зориулан ЭМЯ, ДЭМБ, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран хүүхдийн харааг хамгаалах асуудлаар сургалт зохион байгуулж, сургууль цэцэрлэгийн эмч нарыг хамруулжээ. Дэлхий дээр хараа муутай хүн 289 сая байгаагаас 39 сая нь бүрэн хараагүй гэх тоон мэдээлэл бий. Тэгвэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2011 онд 86865 байснаа 2013 онд 96325 болсон гэх харамсалтай дүн гарчээ. Тэдний 15400 гаруй нь харааны бэрхшээлтэй аж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүдний эмч профессорын багийн ахлагч анагаах ухааны доктор, дэд профессор Д.Уранчимэгтэй энэ талаар ярилцлаа.  

-Дэлхийн хараа хамгаа­лах өдрийг манай улс хэр­хэн тэмдэглэж байна вэ. Ха­рааны бэрхшээлийн та­лаар хийсэн судалгаа байдаг уу?
-Энэ жилийн хараа хамгаалах өдөр үндсэн хоёр үе шаттай байна. Хүүхдийн хараа хамгаалах асуудлыг хөндөхийн зэрэгцээ аравдугаар сарын 13-нд ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулна. Гол нь дэлхийн өдрөөр хараагүй болохоос урьдчилан сэргийлэх ажил манай улсад их чухал байгааг хөндөхийг зорьсон.  2013 онд улс орон даяар 50-аас дээш насныхны дунд нүдний харааны гажигийн талаар судалгаа явуулсан. Нүдний болор цайх өвчин ахмадуудын дунд их байгаа нь судалгаагаар харагдсан. Ахмадууд “Хадан гэртээ очихын хооронд нүдэндээ эмчилгээ хийлгээд яах юм бэ” гэх ойлголттой явдаг юм байна. Эмчлүүлэх хэрэгтэй.  Манай улсад техник технологи шинэчлэгдэн нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаа маш өндөр түвшинд хөгжсөн. Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Увс  зэрэг зургаан аймагт буюу орон нутгийн түвшинд ч өндөр үйлчилгээ үзүүлж чадаж байгаа шүү дээ.

-Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа бий юу?
-Хүүхдүүдийн дунд 15 жилийн өмнө харааны согогийн судалгаа хийсэн байдаг. Одоо хоёр дахь шатны нүдний харааны согогийн судалгаа явуулах, тархалтыг үзэх, рефракцын гажиг хэр байгааг судлах шаардлага зайлшгүй гарч байна. Манай улс хүүхдийн нүдний согогийн хувьд өндөр хөгжсөн орнуудын түвшинд байдаг. Гэхдээ хүүхдийн нэг нүдний, ялангуяа гэмтэл үрэвслээс шалтгаалсан сохрол багагүй хувийг эзэлдэг. ЭНЭШҮТ-д эмчлүүлсэн харааны бэрхшээлтэй хүүхдийн 10 хувь нь гэмтлээс шалтгаалсан байдаг. Энэ нь хүүхдүүдийнхээ харааг хамгаалах, гэмтлээс сэргийлэх шаардлага бидэнд хэр их байна вэ гэдгийг харуулж байна.

-Техник технологи асар хурдтай хөгжиж байна. Хүүхдүүд компьютер телевизээс салахаа байж. Хүүхдийн хараа муутгах гол шалтгаан эдгээр зүйлс гэж үзэж болох уу?
-Залуу гэр бүлүүд хүүхдээ төгс болгох гэж хичээдэг болж. Компьютер, гар утас авч өгөх зэргээр тансаг хэрэглээг эрхэмлэх болсон. Хүүхдүүд нь номоо уншина, компьютер дээр тоглоно, утсаараа мессэж бичинэ. Ойрын зайнд удаан хугацаанд ажилласнаас болоод хүүхдийн холын хараа мууддаг.
Үүнээс шалтгаалаад харааны гажиг үүсдэг. Тийм учраас хүүхдээ аль болох гадаа тоглуулах, явган аялалд авч явах, усанд сэлүүлэх, теннис, нум сум харваа зэрэг спортын төрлөөр хичээллүүлэх хэрэгтэй. Хүүхдийн харааны хэт ачааллаас үүссэн үйлдэл нь харааг муутгах гол шалтгаан болдог. 

-Нүдний шилтэй хүүх­дийн тоо олширсон нь анзаарагддаг шүү дээ?
-Намайг сургуульд сурч байх үед харааны шилтэй хүүхэд ангид сайндаа  нэг л байлаа. Одоо бол тухайн ангийн бараг тал нь харааны шилтэй байх жишээтэй. Хотжилттой холбоотой. Дөрвөн хананаас гараад дөрвөн хананы дунд ордог. Ялангуяа, нэг байшинд нөгөөг нь тулгаад барьчихсан нөхцөлд хараа сунгаж харах ямар ч боломж байхгүй. Гэтэл хөдөөний хүүхдүүд харж болох хамгийн алсыг харж, тэр хэрээр нүдний хараа нь хөгжиж байдаг. 

-Хоёр гуравхан настай хүүхэд хүртэл харааны шил зүүдэг болсныг заримдаа гайхах юм. Энэ байж болох зүйл үү?
-3-5 хүртэлх насны хүүхэд нэмэх 3 гэсэн шил зүүх нь физиологийн хувьд байж болох зүйл гэж үздэг. Харин таваас дээш насных болоод ирэхээр эмгэг гэж үздэг. Гэхдээ хүүхдийн харааг 3-6 сар тутамд шалгаж байх хэрэгтэй. Хүүхдийн нурууны байрлал зөв байна уу, дэвтэр номоо хэр ойроос харж байна гэдгийг анзаараарай. Зарим хүүхэд нүдээ номондоо бараг наачихсан сууж байдаг шүү дээ.

-Бага насны хүүхдэд телевизор 30 минутаас илүү үзүүлж болохгүй гэдэг. Энэ тухай мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Нэг удаагийн үзэлтээр 30-40 минутаас илүү үзэх нь сайнгүй. Телевизор, компьютер үзсэнийх нь дараа аль болох гадаа тоглуулж нүдийг нь амрааж байх ёстой.

-Хараа муудах нь удамшлаас шалтгаалдаг гэх яриа байдаг. Энэ тухайд?
-Удамшлаас шалтгаалах нь бий. Эцэг эх нь хоёулаа хараа муутай бол удамших магадлал 50 хувь, нэг нь хараа муутай бол 25 хувь гэж үздэг. Харааны гажгаас гадна бусад нүдний эмгэг ч удамшиж болно. Тухайлбал, хавдар, болор цайх эмгэг гэхчлэн.
  

0 Сэтгэгдэл
tavan tolgoin sain chanariin 24 tn nuursiig une tohirch yaraltai hyamd zarna. hurgeed buulgaad ugnu. Utas: 88138688
Хамгийн их уншсан