“Хыран 2014” бүргэдийн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг “Саят толгой” хэмээх газарт болжээ. Аялал жуулчлалын арга хэмжээ болж, 15 дахь удаагаа зохион байгуулагдсан тус баярын “Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан”-д энэ жил анх удаа хоёр эмэгтэй бүргэдчин оролцож, 13 настай Н.Айшолпан охин 72 бүргэдчинг манлайлсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Тус наадмыг үзэхээр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг. Тэгвэл энэ жил наадмыг үзэхээр бас дэлхий даяар “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпаныг харахаар 450 гаруй жуулчин иржээ. Тэдний нэг нь Холливудын нэрт жүжигчин Мишель Родригез байв.
2013 оны арваннэгдүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг багагүй алдаршуулжээ. Тэрээр Монголд тавдахь удаагаа ирж байгаа бөгөөд гуравдахь удаагаа Н.Айшолпан охины зургийг авч байгаа гэнэ. Хэдийгээр энэ нь Монгол руу ирэх жуулчдын сонирхлыг татаж байгаа ч алс баруун хязгаарт суугаа охины аж амьдрал гадаадын дурын иргэнд ихээхэн мөнгө болж харагджээ. Учир нь, өнгөрсөн жил ирсэн Израилийн зурагчин Ашэр энэ жил Монголд дахин ирсэн аж. Тэрээр энэ удаа нэгэн башир арга сүвэгчилсэн нь англи хэл огт мэдэхгүй, ямар нэгэн гэрээ хийж байсан туршлагагүй Н.Айшолпан охины гэр бүлийнхэнтэй хүний санаанд буумгүй нөхцөл бүхий гэрээ хийхээр ирж. Гэрээний ерөнхий агуулга нь Н.Айшолпан охины амьдралын түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон кино, баримтат кино зэрэг арилжааны сувгаар цацах эрхийг тэр гэрэл зурагчин эзэмших тухай. Мөн охины тухай кино хийж, түүндээ тоглуулах, киноны дүрсээ өөр арилжааны аргуудаар ашиглаж болох эрхийг ч тэр өөртөө авч. Харин энэ бүхнийхээ төлөө ганцхан ам.доллар өгөхөөр гэрээнд бичиж, 13 настай охиныг төлөөлүүлж, ааваар нь гарын үсэг зуруулчихжээ.
Гэрээг үзсэн япон жуулчин ихэд гайхаж, охины ээжид гэрээг дахин зөвлөж. Үүний дагуу тэрээр бүргэдийн баяр үзэхээр очсон “Цэрэн тур” компанийн захирал Э.Цэрэндолгорт хандсан ажээ. Энэ талаар Э.Цэрэндолгор ярихдаа “Энэ айлыг би олон жилийн өмнөөс мэддэг юм. Охинтой уулзахаар гэрт нь очиход тэр эзгүй, ээж нь аахар шаахар юм ярьсаар энэ бүхэн ил болов. Армиас дөнгөж халагдсан Ашэр гэгч Израиль залуу ноднин жил охины зургийг аваад явжээ. Энэ жил Америкт амьдардаг Отто Белл гэгчтэй кино хийхээр тохирч буцаж ирсэн байна. Хоёр зураглаачтай, хоёр жолооч, нэг орчуулагч ирж. Тэд киногоо хийгээд зарсны дараа мөнгө өгнө гэж их л гүрийсэн байна. Ээж нь саяхан хагалгаанд орох болоод хэдэн төгрөг авсан гэнэ. Би энэ хүмүүсийг казах, монгол, англи хэл дээр гэрээгээ хийж мөнгөн дүнгээ тохирч урьдчилсан төлбөрөө авахыг сануулаад, гэрээ хийсэн гадаадынханд нь ч гэсэн хэллээ. Эс бөгөөс бүгдийг түдгэлзүүл гэж анхааруулсан. Энэ бол олон улсад гарах арилжааны кино юм байна” хэмээн өөрийн Facebook хуудсандаа нийтэлжээ.
Гэтэл түүнийг уншсан хүмүүс талцаж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Зарим хэсэг нь үүнийг эсэргүүцэж “Өөрийн байгаа зүйлдээ үнэ цэнэ өгч ухаантай байхгүй бол хэцүү цаг ирсэн байна шүү. Хаалга нээлттэй байхад юу ч орж ирж болно... Инээсэн бүхэн нөхөр биш, гэрээгээр юуг чинь ч авчихсан байхыг үгүйсгэхгүй дээ, газар нутгаа ч алдаж мэдэхээр байгаа”, “Наад гэрээг нь байлгаж байгаад олон нийтэд зарла. Луйвартай тэмцэх хэрэгтэй”, “Сайн туслаарай гэж захья. Наад гэрээ чинь арай л биш ээ. Бид гадаадынхныг гуйж түүх соёл, ёс заншлаа дүрсжүүлэх ард түмэн биш. Хэрэгтэй цаг нь болохоор өөрсдөө хийнэ шүү дээ” гэх зэргээр санал бодлоо бичсэн бол зарим хэсэг нь “Үгүй байх. Энэ айлд хоёр цаг зураг авахуулах гэхэд л багадаа 100 мянган төгрөг нэхэж байсан. Мань мэтдээ л үнэд ороод байсан юм уу. Баян-Өлгийд бүргэдтэй хүмүүс амар хөдлөх нь ховор доо”, “Энэ зун Алтайгаар явахад казахууд зам зааж өгөөд л мөнгө нэхэж байсан. Ийм зүйл дээр ингэж гэнэдэх хүмүүс мөн үү. Таньдаг хүнтэй л явахгүй бол гадаад, монгол хүнийг ч гэртээ оруулах дургүй айлууд байсан. Бүргэдтэй зураг авахуулах ч үнэтэй юм байна лээ” гэх хэсэг ч байв.
Э.Цэрэндолгор: Хөдөө уулын мухарт суугаа хүн англи хэл мэдэхгүй
Энэ талаар тодруулахаар Э.Цэрэндолгортой холбогдлоо.
-Айшолпан охины киног хийнэ гэсэн нэрийдлээр гадаадын иргэдийн хийсэн гэрээг харлаа. Энэ талаар тэдэнтэй ярилцахад юу гэж байна вэ?
-Тэд их зальтай хүмүүс шиг санагдсан. Надад анх хэлэхдээ Казахаар гэрээг үйлдсэн гэсэн ч сүүлдээ худлаа болж таарсан. Харин бусдад хэлэхдээ энэ бол анхан шатны гэрээ. Цаашид боловсронгуй гэрээ хийнэ гэж тайлбарласан. Мөн киног зараад олсон ашгийн тодорхой хувийг өгнө гэх мэтээр аргалж байна лээ. Тийм учраас би тэднээс төлбөр мөнгийг нь тодорхой бичсэн гэрээ шаардсан. Гэрээ бол хоёр талын эрх ашгийг хангасан байх ёстой.
-Охиныг төлөөлж аав нь гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Аав нь гэрээг сайн ойлгоогүй хэрэг үү?
-Хөдөө уулын мухарт суугаа хүн англи хэл мэдэхгүй. Тийм учраас нарийн учрыг нь сайн ойлгоогүй юм байна лээ.
-Орчуулагч гээд залуу байгаа гэсэн...
-Тэр залуугийн англи хэл нь минийхээс ч муу. Гадаадын хүмүүс охины чинь тухай кино хийх гэж байна. Кино худалдаанд гарахаар илүү их мөнгө өгнө гэх маягаар л тайлбарлаж өгсөн байсан.
-Бас Ц.Оюунгэрэл сайдын зөвшөөрлийг үзүүлсэн гэсэн үү?
-Аавд нь үзүүлсэн гэсэн. Гэхдээ сайдад тэд Бүргэдийн баярыг сурталчилъя гэсэн байдлаар л хандсан байх. Түүнээс охины тухай кино хийх талаар яриагүй байх.
-Тэгээд киноныхоо зургийг аваад эхэлчихсэн үү?
-Тийм. Киноны зураг авалт 60 хувьтай явж байгаа гэсэн. Маргааш /өнөөдөр/ кино хийж байгаа хүмүүс надтай хамт буцна. Өвөл буцаж ирж киногоо дуусгах юм гэсэн. Гэхдээ тэд охины амьдралаар кино хийх биш охиныг кинонд тоглуулж, жүжигчин болгож байгаа юм. Ямар ч хамгаалалтгүйгээр уулын цавчим оргил руу охиныг гаргаж, бүргэдийн үүрнээс ангаахай авч байгаа зураг авсан байна лээ. Гадаадын ямар ч жүжигчин ийм эрсдэлтэй байдалд орлон тоглогчгүйгээр тоглоно гэж байхгүй. Гэтэл охиноор тийм эрсдэлтэй алхам хийлгэж байна. Бас хичээлээс нь их завсардуулж байгаа юм билээ.
Э.Цэрэндолгортой утсаар ийн ярилцав. Тэрээр өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүнтэй дахин уулзаж, энэ асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцахаар болов. Эдгээр зурагчинд НҮБ-ын шугамаар Монголоор хөндлөн гулд явж зураг авдаг тухай тэрээр яриад ямар ч байсан охины бүхэл бүтэн амьдралыг ганцхан ам.доллараар заруулахгүйн төлөө бат зогсохоо хэлсэн.
Хоёр сая 800 гаруй монголчууд бид гэдсэндээ хөлөө жийлцэж, үндэстэн, ястнаараа дотроо хуваагдаж байх хооронд гадаадын дурын иргэн бидний байдлыг овжиноор ашиглахыг завдаж байна. Энэ бол ил болсон ганцхан жишээ. Н.Айшолпан охин Монголын нэгэн эд эс. Гэтэл түүнийг казах үндэстнээр нь гадуурхаж, эсэргүүцэх иргэд цахим ертөнцөөс цөөнгүй харагдаж байна. Эвтэй байхдаа хүчтэй байдаг монголчууд бид одоо л хүчийг үзүүлэхгүй бол Монголын эс бүр нэгхэн ам.доллараар худалдагдсаар байх нь.
Үргэлжлэл бий...