Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зуншин” компани МХЕГ-г шударга биш гэж дүгнэжээ


БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруу­лалттай “Зуншин” компани манай улсад жилд хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлдөг юм байна. Үүнээс гадна 2014 онд 130 сая төгрөг хөдөлмөр хамгааллын зардалд төсөвлөснөөс 225 сая төгрөг зарцуулсан байгаа гэнэ.

Энэ талаарх тоо баримтыг тус компанийн ерөнхий менежер Д.Ганбаатар хэд, хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр онцлон дурджээ. Барилгын компаниудтай харьцуулахад багагүй хэмжээний татвар төлсөн хэдий ч бүтээн байгуулалтын чанартай харьцуулбал, сайн, муугийн хааш гуйвахыг хэлэхэд бэрх. Тухайлбал, тус компанийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан хэд хэдэн барилгад осол гарч нэг бус хүн нас барсан нь үүнийг гэрчилнэ. Тиймдээ ч “Зуншин” сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдгийн тод жишээ байсаар байна. Энэ удаад тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан нэрээ цэвэрлэхийг хүссэн бололтой.

“Зуншин” компанийн ард хэн ч бай­сан тэд ихээхэн сандарч эхэлжээ. Ба­рилгын ослын улмаас нас барсан, бэртсэн, гэмтсэн тохиолдлууд “Зуншин”-тай холбогдоход хариу, тайлбар өгдөггүй тэд энэ удаад том хөдөллөө. Учир нь жил гаруй тасралтгүй гарсан барилгын осолтой холбоотой хэрэгт тус компани холбогдож, иргэд Барилга хот, байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газрыг тус компанийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн шаардаж байгаа юм.

Эцэст нь барилга угсралтын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл яриа дэгдэхэд, тэдний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгаж, төрийн байгууллагын зүгээс хийж байгаа ажлыг эрс үгүйсгэж эхэллээ. Тухайлбал, “Сүүлийн үед барилгын салбарыг шалгаж, торгох сонирхолтой байгууллага олон болсон. Гэтэл ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй” хэмээн шүүмжилжээ. Мөн “Мэргэжлийн байгууллагууд болон хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад аливаа асуудлын талаар олон нийтэд бодит бус, ташаа мэдээлэл тарааж бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдахгүй байхад анхаарч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай ажиллах ёстой. Чадаагүй тохиолдолд тооцох хариуц­лагын механизм бий болгох нь зүйтэй юм” гэжээ. Барилгын салбарын хүн учраас буруу, ташаа мэдээлэлтэй хариуцлага тооцдог механизмыг мэдэх­гүй юм байна гэж бодоход, барилгын салбарыг шалгаж торгох сонирхолтой байгуул­лага олон болсон гэж хэлсэн нь энэ салбарын хүнээс гармааргүй үг юм. Мэргэжлийн хяналтын байгууллага ч барилгын осол гарсан даруйд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үнэн бодит мэдээллийг өгч, тэр дагуу иргэдэд мэдээлэл хүрдэг болоод удаж байна. Гэвч барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас хүний амь нас үрэгдэж, бэртэл гэмтлийн тоо улам бүр өссөөр байгаа юм. Тиймээс хөл толгойгоо алдсан энэ нөхцөлд хүний аминд хүрсэн барилгын цахилгааныг таслаад зогсох бус нураах ч багадна хэмээн иргэдийн олонх нь үздэг билээ.  

Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтийг эсэргүүцэж байна

Мэргэжлийн хяналтын газар байтугай, Барилга хот байгуулалтын яам хөрөнгөтэй барилгын компанийн халаасанд багтдаг гэдэг шүүмжлэл зүгээр ч нэг гараагүй. Дараалсан осол гардаг ч дээрх газрууд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцдоггүй байдлаас үүдэлтэй юм. Гэхдээ хотын захиргаа болон харьяа яам, газрууд сүүлийн хоёр жил дээрх байдалд өөрчлөлт оруулахын тулд ажиллаж, хариуцлагын системийг өндөрсгөх талаар анхаарч байна. Энэ хүрээнд, мэргэжлийн хяналтын байгууллагаас “Зуншин” компа­нийн барилга угсрал­тын ажлыг зогсоож, эрхийг цуцлах хүсэлтийг Барилга хот байгуулалтын яамд хүргүүлсэн ч тус компани үүнийг няцааж байна. Ингэх­дээ “Мэргэжлийн хянал­тын ерөнхий газар асуудлыг шинжлэн судалж үзэлгүйгээр ташаа мэдээлэлд тулгуурлан манай компанийн үйл ажилла­гааг зогсоогоод байгаа” гэжээ.
Тэгвэл мэргэжлийн хянал­тын байгууллага өнгөрсөн сард гарсан ослын дараагаар буюу 18 настай эмэгтэй 13 давхраас унаж нас барсны дараа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Зуншин” компанийн барилгын ажлыг зогсоосон юм. Мөн тэд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бай Лхагва” компанийг тусгай зөвшөөрөлгүй гэж зарласан билээ.

Хувь хүн өөрөө хариуцлага хүлээнэ

Тус компанийн үзэж буйгаар бол Хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүй ажилтан өөрөө хариуцлага хүлээх юм байна. Үүнийг тэд хэд, хэдэн хуулиар жишээ аван тайлбарласан бөгөөд “18 нас хүрсэн хүн өөрийнхөө болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болдог. Гэтэл нас биед хүрсэн хүн “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу заавал өмсч хэрэглэж байна” гэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх үүргээ ухамсарлахгүй хэрэгжүүлэхгүй байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн “Хүн шаардлага тавьж, сануулсаар байхад биелүүлдэггүйгээс ийм осол гарч, эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “Гэр бүлийнхээ өмнө амьд явах үүрэгтэй” гэсэн чухал заалтаа зөрчиж байна” гэж “Зуншин” компани үзжээ. Тэгвэл тэдний тайлбар зөв эсэхийг Барилга хот байгуулалтын яам тус компанийн эрхийг цуцлах эсэх шийдвэрээрээ нэг тийш болгох юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар судлах ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгөөгүй байна.

1 Сэтгэгдэл
Өөр мэдээл бна холбогдоорой 90690520
Хамгийн их уншсан