Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Марканд үлдсэн Монголын түүх


Шуудангаар илгээсэн илгээмжийн төлбөрийг төлсөн эсэхийг нотлох шаардлагын улмаас Их Британи улс 1840 онд анхны маркийг гаргаж, нэвтрүүлсэн түүхтэй аж. Түүнээс хойш улс орны тусгаар байдлыг илэрхийлэх болсон учраас улс орон бүр өөрийн түүхээ дугтуйн дээр наадаг цавуутай жижиг цаасан дээр үлдээх болсон. Гэхдээ энэ нь үнэт цаас учраас цавуутай цаас төдийхөнөөр харах нь мэдээж өрөөсгөл.

Монгол Улс өөрийн гэсэн анхны маркаа гаргаад өдгөө 90 дэх жилтэйгээ золгож буй учир манай шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Тэртээх 1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк худалдаанд гарчээ. Монгол маркийн газрын дарга Д.Ганболдын хэлж буйгаар хамгийн сүүлд хөрш хоёр орны тэргүүн ирсэнтэй холбогдуулан “Путин, Си Зиньпин” гэсэн маркийг хэвлэжээ. Мөн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг ОХУ-тай хамтран хэвлэсэн гэнэ.
Харин өчигдөр Монгол маркийн90 жилийн ойн маркийг худалдаанд гаргаж, анхны өдрийг нь угтлаа. Марк ихэвчлэн энэ мэт түүхэн ач холбогдолтойгоор хэвлэгддэг аж. Энэ жил тохиож буй 90 жилийн ойн хүрээн дэх бас нэг томоохон ажил нь Монгол маркийн музейг нээсэн явдал. Музейн нээлтийн ёслолын арга хэмжээ мөн өчигдөр болсон бөгөөд музей Монгол шуудан компани буюу бидний хэлж заншсанаар Төв шуудангийн хоёр давхарт байрлажээ.

Маркийн товчооны даргатай музей үзсэн нь

Маркийн товчоог “Монгол марк” компани байхаас нь ажиллаж, арав гаруй жил захиралаар нь ажилласан Г.Балданшош гэгч өвөөтэй хамт Маркийн музейг үзэж сонирхлоо. Маркийнтухай олон түүхийг дурсах тэрээр “1990-ээд оноос 2005 оны хооронд гарсан бүх марк надтай холбоотой. Тухайн үеийн гарч байсан маркнуудын сэдвийг батлах, зураач нараа сонгох, үзэсгэлэн худалдаануудад оролцох, хэвлүүлэх гээд л бүхий л ажилд оролцож явлаа” хэмээн ярьсан. “Марк харахад жаахан ч гэсэн агуу түүх агуулсан байдаг. Марканд хамрахгүй сэдэв гэж байдаггүй. Монгол улсын түүхийг алдаж, цонх үлдээж болохгүй. Байгаль, цаг уур, ан амьтан, хүн ард, аж байдал, түүх шастир гээд бүхий л зүйлийг агуулдаг” хэмээн яриагаа эхлүүлсэн буурал маркийнтухай, маркнуудад үлдсэн зургийн тухай олон зүйл ярьж өгөв.

1990 оноос хойш маркийн сэдэв чөлөөтэй болсон

Маркийн зураг хэзээ ч худлаа байж болохгүй гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ хэлэх Л.Балданшош гуайгаас Чингис хааны хөрөг зурагтай олон төрлийн марк гарчээ. Гэхдээ энэ төрх нь биш, мөн гэж хүмүүс маргадаг. Эдгээр маркан дээрх төрхүүдийг ямар судалгаатайгаар зурсан бол хэмээн асуухад “Марк зурахад маш их судалгаа ордог. Дэлхий нийт ямар зургийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг зураачид судалж байгаад жаахан уран сайхан оруулж зурна” хэмээн ярив.
1990 оноос хойшхи маркуудад гадаадын тухайн үедээ баруун хэмээн нэрлэгддэг байсан орнуудын алдартнуудын хөрөг үлджээ. Энэ талаар Л.Балданшош гуай “1990 онд ардчилал ялснаар маркийн сэдэв их чөлөөтэй болсон. Өмнө нь бол сэдвийг хатуу хянадаг байлаа. Сэдэв гэлтгүй зураад гаргачихсан марканд хүртэл олон шатны шалгуур тавина. Засна. Харин 1990 он гарснаар зах зээлд шилжиж санхүүгийн асуудал ч хэцүү болсон. Тийм учраас бид аль болох хурдан зарагдах, гадаадад эрэлттэй байгаа сэдвийг сонгож зурдаг болсон. Ингэхдээ мэдээж Засгийн газраар сэдвээ батлуулдаг байсан. Мөнгө олох гээд хамаагүй зурж болохгүй” хэмээн ярилаа.

27 жил хэлмэгдсэн марк

Одоогоос 52 жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон. Тэр үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж ирэв. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ. Ой тэмдэглэх илтгэлийн ноорог, шуудангийн маркийн эскиз, кино зохиолын төлөвлөгөө зэргийг тухай бүрт нь Улс төрийн товчоо нарийвчлан авч хэлэлцэж байв. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны зургадугаар сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргажээ. Харин энэ үед Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд “Чингис хааны ой тэмдэглэх нэрийн дор үндсэрхэг үзлийг дэвэргэж, яваандаа Оросын эсрэг үзэл монголд газар авч магадгүй юм” хэмээн айн болгоомжилж байв. ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг дуудан “Улаанбаатарт юу болоод байгаа юм. Чингис хааны хөрөгтэй юун марк хэвлээд байгаа юм. Чингис хааны зурагтай цамц залуучууд өмсөөд байгаа гэнэ. Та тэнд юугаа харж байгаа юм бэ. ...Явж наад учраа ол” хэмээн үүргэдсэний дагуу намын төв хороо хуралдаж,  зохисгүй баяр ёслол санаачлан “үндэсний үзлийг дэвэргэсэн” Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн ойд зориулан хийсэн дурсгалын зүйлсийг яаралтай устгасан. Аль хэдийнэ худалдаанд гарсан Чингисийн 800 жилийн ойд зориулж хийсэн марк зарим хөрөнгөтөн оронд гарсан тухай Улс төрийн товчоо тусгайлан авч хэлэлцсэн байна. Дотооддоо ойд зориулсан шуудангийн маркийг худалдаанаас хурааж, хадгалсан хүнийг нь шийтгэж байв. Ингэж Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтээд, харин ардчилал гарч, үндэсний үзэл суртал сэргэсэн цаг үед зүй ёсоор худалдаанд гарч байжээ.
Мөн үүн шиг хэлмэгдсэн бас нэг марк бол АНУ-д болсон зуны олимпод зориулан гаргасан марк. Түүнийг худалдаанаас эргүүлэн татсан үндэслэл нь хөрөнгөтөн орон зохион байгуулагдаж буй олимпод тухайн үеийн социалист орнууд ороогүй учраас марк худалдаанд гаргах нь байтугай олимпын талаар ярих ч хориотой байсан аж.

Алдаатай марк

Музейд тавьсан үзмэрүүдийг сонирхож явтал Л.Балданшош гуай нэгэн нууцыг задласан нь алдаатай хэвлэсэн марк. 1998 онд Гандантэгчинлэн хийдэд залрах Жанрайсаг бурханд зориулан гаргасан маркуудад уйгаржин үсгээр маанийн зургаан үсгийг бичжээ. Гэтэл нэг марк дээр зургаан үсгээ хоёр мөр болгон бичихдээ кирил бичиг шиг хойш нь цувруулан биччихсэнийг хэн ч анзаараагүй хэвлүүлчихэж. Түүнийг нь уйгаржин бичгийн уншлагаар дээрээс нь доош уншвал “Ум бадмэ мани хум” хэмээн уншигдах аж. Гэхдээ нэгэнт хэвлэгдсэн бусад маркнууд нь алдаагүй учраас худалдаанд гаргахаас өөр аргагүй болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.

Цуврал тасдахгүй байх нь нэг бодлого

Маркийг ямар бодлогоор хэвлэдэг тухай асуултад маань Л.Балданшош гуай “Монголын ан амьтнаар ч юм уу, шувуугаар гаргасан марк байлаа гэхэд тэрийг олон жилийн дараа байсан ч таслахгүй гаргах ёстой. Энэ нь марк цуглуулагчдад ч хэрэгтэй. Маркийг сэдвээр нь цуглуулдаг хүмүүс бий. Тэд өөрсдийн цуглуулгаа баяжуулах гээд дараагийн гарах маркийнсэдвийг сонирхож, чих тавиад суугаа” хэмээн ярьсан.

Монгол маркууд дундаас хамгийн танил болсон зурагтай нь Монгол Улсын дархан аваргуудын хөрөг үлдсэн бүтэн блок бүхий долоон ширхэг марк. Өнгөрсөн долдугаар сард Улсын баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсноор шинээр хоёр дархан аварга төрсөн. Тэгвэл бөхийн тухай дараагийн маркийн сэдэв шинэхэн дархан аваргуудыг багтаагаад хийж болох юм. Учир нь, яг одоогийн бөхийн хөгжлөөр ойрын хэдэн жилдээ л шинэ дархан аварга төрөхгүй гэдгийг бөх судлаачид хэлж байгаа билээ.

Түргэн авсан сэдэв

Саяхан хоёр хөршийн тэргүүнүүд манай улсад айлчилсан. Энэ үеэр хурдан хугацаанд тэднийг марканд мөнхлөх даалгавар Засгийн газраас гарсан билээ. Энэ нь ч хоёр хөршийн тэргүүнд гэнэтийн бэлэг болж чадсан. Учир нь тэд өөрсдийн улсын маркандаа заларч амжаагүй учраас. БНХАУ-ын удирдагч Си Зиньпин өөрийн зурагтай маркаа манай улсын Ерөнхийлөгчөөс гардаж аваад “Үүнийг одоо захиан дээр нааж явуулж болох уу” хэмээн итгэж ядан асуусан.
Тэгвэл 90 жилийн хугацаанд үүн шиг хурдан хугацаанд бүтсэн марк байдаг аж. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын худалдааны төвийн ихэр хоёр цамхаг хадлагад өртөхөд ч Маркийн товчооныхон түргэн авч, хоёр өндөртэй марк гаргах даалгавар авсан гэдэг. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч АНУ-д айлчилж тус улсын төрийн тэргүүн Жорж Бушид бэлгээ өргөн барихад баярлан хүлээн авч байсан аж.

Н.Чинбат: Тэтгэврээ тэр чигт нь цуглуулгандаа зарцуулах нь бий

Монголын маркийн хөгжил, түүхийг харуулах баялаг цуглуулга цөөн хэдэн хүнд хадгалагдаж байдаг аж. Тэдгээр цуглуулагчийн нэг бол Н.Чинбат гуай. Тэрээр цэргийн мэргэжилтэй хэдий ч сонирхолдоо хөтлөгдсөөр өдгөө марк судлаачдын нэг болжээ. 1965 оноос эхлэн гадаад, дотоодын марк цуглуулж эхэлсэн ч сүүлдээ аливаа түүхэн үйл явдлын маркийг цуглуулаад зогсохгүй ном, дурсгалын тэмдэг зэрэгтэй нь хамтатган хадгалах болсон гэнэ.

Түүнтэй 90 жилийн ойн арга хэмжээн дээр таарсных цуглуулганы талаар нь сонирхоход “Өнгөрсөн 50 шахам жил цулуулсан цуглуулгад ховор нандин марк олон бий. Цуглуулгын тоо ширхэг яг хэчнээн болсоныг тоймлох юм алга” гэж байлаа. Мөн “Аливаа зүйлийг шимтэж судлаад, цуглуулаад ирэхээр байгаа хэдэн төгрөгөө харамлахаа больдог юм байна. Ах нь сарын тэтгэврээ аваад бүгдийг цуглуулгандаа зориулах нь ч бий. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын анхны эмэгтэй сансарын нисэгчийн 50 жилийн ойд зориулан гаргасан маркийг худалдаж аваад байна” гэсэн юм.

Н.Чинбат гуай Монгол маркийн музей байгуулсныг ихээхэн олзуурхаад хойч үеийн цуглуулагчдад, хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалт боллоо гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан