17 дахь удаагийн Азийн наадамд манай улсаас 234 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, олон түүхэн амжилт гаргасан. Тэгвэл эдгээр 234 хүний 140 нь эх орныхоо нэрийг гаргах гэж өөрсдийн хувийн зардлаар Азийн наадамд явсан юм. Энэ талаар ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан “ССАЖЯ-ны зүгээс Инчёны Азийн наадамд зориулан 47 сая төгрөгийг төсөвлөснийгөө Монголын Үндэсний Олимпын хороогоор дамжуулан шигшээ баг болон нийт оролцож байгаа тамирчдадаа гэрээ байгуулан олгосон байгаа. Мөн ССАЖ-ын сайдын тушаалаар “Шигшээ багийг сонгон шалгаруулах журам” гарснаар бид заавал цалинтай, том төрлүүд гэлтгүй амжилт гаргах боломжтой бүхий л төрөл дээрээ заал талбай, хувцас, хэрэгсэл, эм, витаминжуулалт, бэлтгэл цугларалтад гарах зардлыг төрөөс хариуцах боломжийг хангаж өгсөн. Одоо бид үүнийг ажил хэрэг болгох, төсвийн асуудлаар тодорхой хэмжээний дэмжлэг хүлээж байна. Ирэх оноос энэ төсөлд төсөв зарцуулахаар яригдаж байгаа. Бид уг төслөө Сангийн яам, зохих байгууллагууд нь танилцуулсан. Ерөнхий сайд дэмжиж байгаа” гэсэн.
Тэгвэл дээр хэлсэн 140 тамирчны дунд сагсны эрэгтэй, эмэгтэй багийнхан багтжээ. Эрчүүдийн зардлыг Монголын сагсан бөмбөгийн холбоо хариуцаж, хамтран ажилладаг байгууллагуудаас гаргасан ч эмэгтэйчүүдийн зардал болох 14 сая 500 мянган төгрөгийг хувь хүнээс зээлж явсан байна. Хэдийгээр өмнө нь амжилт, ялалтаа батлан харуулж байгаагүй ч манай охид Азийн наадмын шилдэг найман багт багтсан.
Хөрөнгө мөнгөгүйгээс болж олон улсын тэмцээнд явж чаддаггүй, явсан ч өртэй үлддэг энэ дүр зураг цаашид ч давтагдсаар байх уу гэдэг дээр хариулт олохоор хэд хэдэн хүнтэй уулзлаа.
Энэ асуултад ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан “Манай спортын салбарын санхүүжилт улсын төсвийн 0.5 хувьтай тэнцүү. Эдгээр 0.5 хувийн зардлаар хийх зүйл нь тодорхой байдаг. Аймаг, орон нутагт биеийн тамир спортын үйл ажиллагааг явуулах, уралдаан тэмцээний зардал гэж хуваарилагддаг. Мөн үүнээс тодорхой хувь нь буюу жишээ нь бидэнд 10 тэрбум төгрөг байлаа гэхэд 50 хувь нь үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдад хуваарилагдаж, эрх авахын төлөөх тэмцээнүүдийн зардалд зарцуулагддаг. Үлдсэн зардал нь нийтийн биеийн тамир, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, багийн спортын асуудал гэх мэт олон зүйлд хуваарилдаг. Бид гол зорилтот төсвөө шигшээ баг руугаа өгөн үлдсэн төсвийг боломжийн хэрээр хуваарилж байгаа. Өнөөдөр эмэгтэй сагсан бөмбөгчид зардлаа даагаад явлаа гэж яригдаад байна. Азийн наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу ганцхан сагсчид ч биш, өөр 140 тамирчин өөрсдөө зардлаа дагаад явсан. Гандболын тамирчид ч гэсэн 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй багаараа өөрсдийнхөө зардлыг даагаад явж байгаа. Тэд амжилт гаргахгүй байгаа учраас тэр талаар ярихгүй амжилт гаргаж байгаа сагс руу хошуураад байх шиг байна” гэсэн юм.
Харин энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Мандуул “Монголын сагсан бөмбөгийн холбоо хэрэв өөрсдөө лигээ зохион байгуулаад явбал гадаадын ямар ч тэмцээн уралдаанд оролцох зардлаа олоод асуудалгүй явчих боломжтой. Гэхдээ сүүлийн хоёр жил тодорхойгүй шалтгаанаар манай холбоог эрх зүйн чадамжгүй гэж үзэн шүүх байгууллагаар явууллаа. Мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өөрсдийн лигээ зохион байгуулах болсноор бидэнд заал олдохоо байсан. Тийм учраас манай холбоо хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа ч ажиллах боломжгүй байна. Дээд лиг зохион байгуулах эрхийг одоогоор Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо авсан байгаа ч бид олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн учраас гадаадын тэмцээн уралдаанд явах эрхийг авч чадна” гэв.
Харин энэ удаагийн санхүүгийн бэрхшээл болон түүнийг цаашид хэрхэн шийдэж болох талаар Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтоос асуухад “Монголчууд ямар түвшинд явж байгаагаа харлаа, харууллаа. Бидэнд санхүүгийн бэрхшээл байгаа нь үнэн ч бусад орны тамирчид жилийн 12 сар бэлтгэлээ хийгээд, цалингаа авч байна. Харин манай тамирчид лигийн хугацаанд л цалингаа аваад, бэлтгэлдээ анхаардаг маань ч бэрхшээл. Хоёр холбооны маргаанаас үүдээд Монголын сагсан бөмбөгийн хөгжил хаашаа ч эргэж магадгүй учраас цаашид олон улсын жишгээр сагсан бөмбөгийг клубийн системээр хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн асуудал, тамирчдын ур чадвар дээр ярих зүйлгүй болно. Бид яг өнөөдрийн нөхцөлд бол тамирчдаас хариуцлага нэхэх нь хэцүү. Тэд чинь ажлаа хийнэ. Амьдралаа авч явна. Амжилтаа ахиулна” хэмээн ярилаа.
Харин Азидаа шилдэг гуравт багтаад буй манай шигшээ багийн тамирчин Т.Санчир энэ талаар “Ер нь сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгт легионер тоглогч нар ирснээс хойш өндөр тоглогч нартай тоглож, харьцангуй туршлагатай болсон. Тэднээс сурах зүйл их байсан. Энэ удаа ч өндөр тоглогчтой тоглох нь хэцүү байгаагүй. Цаашдаа тэмцээн уралдаанд оролцохдоо илүү мэргэжлийн талаасаа бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Азийн шилдэг найм гэлтгүй оролцож байгаа сагсан бөмбөгийн бүх тамирчид мэргэжлийнх байдаг. Монгол Улсын шигшээ багийн хувьд сагсан бөмбөгөө ч тоглоно, ажлаа ч хийнэ. Би Соёмбо даатгалд ажилладаг. Өдөрт 3-4 удаа бэлтгэл хийгээд зөвхөн сагсан бөмбөгөөр хичээллэвэл илүү амжилт гаргах боломжтой гэж үзэж байгаа. Ингэхийн тулд клубын системд шилжих хэрэгтэй гэдгийг хүн бүр л ярьж байна. Үүнийг дэмжиж байгаа” гэсэн юм.
Төр засагт нь анхаарах хүсэл байвч хүсэхэд хясна гэгчээр тоолдог хэдгүй улс юугаа ч өгөх билээ. Харин хөлд орохоор дэнжигнэж байгаа спортоо түшээд авах бодлого гаргах ёстой л баймаар.
Сагсан бөмбөг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа АНУ-д л гэхэд хот бүр клубтэй. Клубууд хоорондын өрсөлдөөн нь сагсан бөмбөгийн хөгжлийг хурдасгаж байгаа жишээ нүдэн дээр байна. Тиймээс манайд ч гэсэн олон улсын жишгээр явах нь зүйтэйг мэргэжлийнхэн ч хэлж байна. Өнгөрсөн хоёр жилд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх хоёр байгууллага хоорондоо учир зүйгээ олоогүйгээс хэсэг тамирчид буюу “Хасын хүлгүүд” багийнхан лигт тоглох эрхгүй болж, “Сүхбаатар SBL” багтай нэгдэх болсноор асуудал шийдэгдсэн. Хоёр холбоо нэгдэхээр тохиролцож асуудал намжсан ч энэ удаагийн Азийн наадам асуудлыг дахин сэдрээлээ. Тиймээс чавганц нарын дуусдаггүй хэрүүлийг эцэс болгож, сагсан бөмбөгийн холбоодын асуудлыг цэгцлэх нь зүйтэй. Ингэхдээ харин холбоог нэгтгэх үү эсвэл бүр клубуудийг хөгжүүлэх үү гэдгийг үндэслэлтэйгээр шийдэх ёстой болов уу.