Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлага, нийслэлийн харьяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны олон улсын 42 байгууллагын 258 төлөөлөгч оролцож байгаа юм.
Авлигын эсрэг олон улсын форумыг нээж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч авлигын эсрэг хамтдаа тэмцэхээр Улаанбаатар хотноо чуулж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Авлига нь манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна. Тиймээс авлигын эсрэг та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна. Тиймээс ч нийслэлийн нутгийн захиргааны ажилтнууддаа ажлынхаа ширээн дээр хүүхдийнхээ зургийг тавьж, хэний төлөө ажиллаж, хэнд ямар хот үлдээх гэж буйгаа үргэлж санаж бай гэж захидаг” гэсэн юм. “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум эхний өдрөө хөтөлбөрийн дагуу үндсэн илтгэлүүдээр үргэлжилж байна.
Энэ удаагийн форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Стэнфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд оролцож “Авлигад Хяналт тавих-Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглалыг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөж байгаа аж.
Манай улсад авлигатай тэмцэх боломж бололцоо тааруу байгааг чуулганд оролцогчид дурдаж байсан юм. Тухайлбал УИХ, Засгийн газрын гишүүд байнга гадаад руу томилолтоор явдаг ч яг ямар зорилгоор яваад хэнтэй уулзсанаа тайлагнадаггүй. Компанийнхаа ажлаар явсан уу, улсын ажлаар явсан уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Тиймээс ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудтай хэвтээ тогтолцоонд ажиллаж, бүх мэдээллийг ил тод болгох хэрэгтэй хэмээж байлаа.
Ялангуяа томоохон уул уурхайн компаниудын мэдээллийг ил тод байлгаж, хяналт тавихгүй бол улсын төсвийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрээс тав дахин их нөөцтэй “Оюутолгой” 30-хан сая ам.долларын татвар төлнө хэмээн даналзаж байна, үүний ард авлига байгаа нь зайлшгүй гэх зүйлийг дурдаж байлаа. Юутай ч өөрт байгаа асуудлуудаа илэн далангүй ярилцаж, гадны зөвлөх мэргэжилтнүүдээс санал авч, сайн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санаа гаргахад форум үр дүнгээ өгнө хэмээн хотын удирдлагууд найдаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариу авлаа.
-Энэ форумоор “Улаанбаатар тунхаглалд” гарын үсэг зурж, алсын харааг баталгаажуулна гэсэн байна. Тунхаглалын гол агуулга нь юу вэ?
-Форумын үеэр Монголд авлигагүй ухаалаг засаглалыг хэрэгжүүлэх ажиллагааны арга зүй стратегийн чиг хандлагыг тогтоох юм. Ялангуяа, олон улсын байгууллага экспертүүдийн тодорхой зөвлөмжүүдийг үндэслээд форумд оролцож байгаа төлөөлөгчдийн санал зөвлөмжид тулгуурлан тодорхой ажлын төлөвлөгөө гаргана гэсэн үг. Мөн болж өгвөл Улаанбаатар хотод авлигатай тэмцэх үйл ажиллагааны олон улсын салбар юм уу, төв байгуулах санаатай байгаа. Учир нь, авлигатай тэмцэхэд зөвхөн Монгол Улсын бус олон улсын дэмжлэг шаардлагатай. Зөвхөн нэг удаагийн чуулган зохион байгуулаад тунхаглал гаргалаа гэхэд эргээд ажил хэрэг болсон эсэх нь тодорхойгүй үлдэх магадлалтай.
-Авлигатай тэмцээд байгаа ч ахиц харагдахгүй юм. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?
-Анзаараад байхад авлигатай тэмцэх хүсэл зорилго бидэнд бий. Авлига бол аюул юм гэдгийг ухаарч. Авлига нь улс орон цаашид бүрэн бүтэн байж чадах уу, тусгаар бүрэн эрхтэй улс байж чадах уу үгүй юу гэдэг сорилтын өмнө улс орныг авчраад байгаа учраас нийтээрээ санаа зовж эхэллээ. Арга зүй туршлага их дутаж байна л даа. Олон улсын экпертүүд бидний анзаараагүй гоё гоё гаргалгааг гаргаж тавьж байна. Их чухал зүйлүүдийг хэллээ. Авлига бол манай улсад сүүлийн арав гаруй жилд л бий болсон. Түүнээс өмнө “арын хаалгадна” гэхчлэн бага түвшний авлига байсан л байх.
-Авлига бий болоод арав гаруй жил болсон гэлээ. Хор уршгийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Би ганцхан жишээ хэлмээр байна. Нийслэлд газрыг ил далд өгч авалцсанаас болж, өөрөөр хэлбэл авлигаас болж, Улаанбаатар хотын төсөвт орох ёстой их хэмжээний хөрөнгө алдагдсан. Олон улсын экспертүүдийн гаргасан судалгаагаар энэ асуудлаас болж 2012 оны төсвийг 35 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлого алдагдсан гэсэн тооцоо гарсан. 35 дахин шүү дээ. 2012 оны төсөв 390 тэрбум төгрөг байсан. Үүнийг 35 дахин үржүүлэхээр аманд ч багтахгүй тоо байгаа биз. Хэрэв энэ орлого байсан бол иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдчих байлаа. Улаанбаатар хотод дэд бүтцийн шинэчлэлийг хийгээд бүх инженерийн үйлчилгээг хангачих байлаа. Ийм хэмжээний мөнгийг авлигад алдчихаад сууж байж. Мөнгөн дүнгээр хэлж буй судалгааны ганц жишээ гэхэд нийгмийн эрүүл саруул утга учрыг бүрэн алдагдуулж буйг илтгэнэ. Хар л даа, Улаанбаатар хотын иргэдийн 80 хувь нь орон сууцгүй байна шүү дээ.
-Улаанбаатар хотын зүгээс авлигыг бууруулах чиглэлээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?
-Бид өөрсдийнхөө хүрээнд хийх ёстой зүйлээ хийж байна. Иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг. Чадах ядахаараа л үзэж байна. Дахин дахин хэлэхэд туршлага үнэхээр дутдаг. Ил тод байна гээд хотын төсвийн зарлагыг цахим хуудсанд тавихаар иргэд сонирхохгүй байгаа нь их сонин юм шүү. Засаг даргын захирамжууд гараад л байгаа. Гэтэл түүнийг сонирхохгүй байгаа учрыг би сайн олдоггүй юм. Иргэд сонирхохгүй болохоор үр дүнгүй ажил болоод байх жишээтэй. Гэхдээ иргэдийн оролцоог хангах чиглэлээр ажиллаж эхэлж л байна. Сургуулийн захирлыг гэхэд эцэг эх, сурагчдын оролцоотой томилдог болсон. Эцэг эх сурагчид эхэндээ их идэвхитэй оролцож байснаа сүүлдээ идэвхи нь буураад ирж байна. Наад зах нь иргэний нийгмийн байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэх гэхээр үнэмлэхтэй л гишүүнчлэл байгаад байдаг. Түүнд эрх мэдэл шилжүүлэхээр хувь хүнйи эрх мэдэл болж хувирчих гээд байна.
Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох Иргэний “Алянс” төвийн захирал Ж.Занаатай уулзаж байр суурийг нь сонирхлоо.

-Авлигатай тэмцээд байгаа ч үр дүн нь муу байна гэдгийг бүгд л мэдэрдэг. Та иргэний нийгмийн төлөөллийн хувьд бид юун дээр алдаад байна гэж боддог вэ?
-Авлигатай тэмцэх нь төрийн асуудал л даа. Төрийн зохицуулалт, хууль, дүрэм хэрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлдэг, хянадаг механизм хэрэгтэй. Хамгийн чухал нь Ларри Даймондын хэлсэнчлэн ил тод байдал. Бүх зүйлийг ил тод гаргаж ирэх хэрэгтэй. Сая мэдээ байлаа гээд яах юм бэ. Хэн ч олж үзэхгүй, цаг зав ч олдохгүй. Түүний оронд гол гол мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Төсвийн зарцуулалт, хууль шүүхийн байгууллагаар шийдэгдсэн дуулиантай хэргүүдийн талаарх мэдээлэл, УИХ-ын шийдвэр, хэлэлцэх гэж буй асуудал гэхчлэн олон нийтэд зайлшгүй ил тод байх ёстой нэлээд хэдэн салбар бий.
Мөн улстөр, эдийн засгийн систем маань буруу яваад байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрд давхар дээлтэй, эрх мэдэл холилдсон нөхцөлд авлига хэзээ ч арилахгүй. Авлигыг зөвхөн мөнгөөр бус эрх мэдлээр хийдэг. Хэн нэгэн хүнд давуу эрх олгоод хуулийг нь хийгээд өгчихөж байна, хэн нэгэн хүнд давуу эрх олгоод хуулиас хариуцлага тооцдог зүйл заалтыг нь хасаад хаячихаж байна. Өөртөө зориулж хууль гаргаад хэрэгжүүлэхдээ гуйвуулаад байна. Хамгийн гол асуудал хэрэгжилтэд байна гээд байгаа шүү дээ. Хэрэгжилт яагаад муу байна гэхээр хяналтын систем муу. Өөрөөр хэлбэл босоо буюу хэвтээ хяналтын систем ажиллахгүй байна гэсэн үг.
-Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх тал дээр хяналтыг сайжруулах хэрэгтэй гэсэн үг үү?
-Бас нэг зүйл бий л дээ. 24 жил явж ирсэн манай эдийн засгийн урсгал одоо ч буруу. Шинэ лебрализм буюу бүхнийг хувьчлах хандлага өнөөдөр дэлхий дахинд маш их шүүмжлэгдэх болсон. Бүхнийг хувьчлахад бидний бэлтгэл хангагдаагүй байсан хэрэг. Тухайн салбарын боловсон хүчин бэлтгэгдээгүй, менежментийн туршлага байхгүй нөхцөлд хувьчилсан нь бидний 70 жил бүтээсэн үйлдвэрлэлийг нураасан. Монгол Улсын хөгжлийг хойш татах хамгийн гол шалтгаан нь энэ. Жишээ нь Япон Улсад банкны зээл тэг хувьтай байдаг. Учир нь бэлэн мөнгө, бүтээгдсэн хөрөнгө нэг түвшинд байх ёстой. Хэрэв мөнгө нь ихэсвэл инфляци болдог, хөрөнгө нь ихэсвэл дифляци болдог. Тэг хувийн хүүтэй зээл авсан хүн үйлдвэрлэл явуулдаг. Харин жилийн 35 хувийн хүүтэй зээл авсан хувь хүн ч, компани ч үйлдвэрлэл явуулдаггүй. Тийм боломж ч байхгүй. Тэрний оронд гаднаас нэг юм авчраад бүтэн нугалаад зар. Аваад зар гэдэг механизм үйлчилнэ. Худалдаж аваад зардаг улс оронд хэзээ ч өсөлт хөгжил ирдэггүй. Тийм учраас эдийн засгийн, ялангуяа банк санхүүгийн асуудлыг эргэж харахгүй бол өндөр хүүтэй зээл Монгол Улсыг сөнөөж байна. Манай улстөрчдийн намчирхсан нутгархсан олон “сан” тогтолцоо хандлага нь улс орныг бүрэн бүтэн байлгах боломжийг хязгаарлаад байгаа. Санал гаргадаг хүн байлаа гэхэд сөрөг санал гаргадаг хүнтэй байж байж сайн баг болно. Тийм учраас манай улстөрийн тогтолцоо зөвхөн өөртэйгээ санаа нэгддэг хүнийг өөрийнхөө багт оруулаад сөрөг хүчний санааг ойлгодоггүй. Өөрийнхөө өвчнийг мэдрэхгүй, эмээ зөв сонгож чадахгүй байна л гэсэн үг.
-Авлигыг бууруулахад чиглэсэн ойрын үед хэрэгжүүлэх боломжтой зүйл юу байна вэ?
-Санаачлагууд гарч байгаа ч системийн хувьд төлөвшөөгүй. Хууль байлаа гэхэд хэрэгжүүлэх механизм нь алга. Хэрэгжүүлэх механизм байлаа гэхэд хяналтын механизм нь алга. Улстөрчид нь өөрсдөө бие биетэйгээ орооцолдсон, эрх мэдэл зах зээл нь улстөрчдийн гарт байгаа нөхцөлд хэзээ ч зах зээл бүрэн нээлттэй ил тод чөлөөтэй хөгжихгүй. Хараанд байгаа ямар нэг зах зээл, хараанд байгаа улстөр, хараанд байгаа иргэний нийгэм хөгждөггүй. Хэзээ ч дарамттай нийгэм хөгжиж байсан түүх байхгүй. Боломж бололцоог бүрдүүлсэн нөхцөлд л хөгжинө.