Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад оюутан эмэгтэйд бизнес эрхлэх боломж олгож, хөнгөлөлттэй зээлд хамруулдаг


-Ардчилсан эмэгтэйчүүд БНХАУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана-

1920 оны долдугаар сард анх бүх дэлхийн эмэгтэйчүүд  Москва хотноо хуралдаж эрх ашгаа нэгдэн хамгаалах талаар ярилцсан гэдэг. Герман, Франц, Англи, Унгар Швед гээд Европын орнууд дийлэнх төлөөлөгчийг бүрдүүлсэн хуралд Ази тивийнхэн ч оролцсон баримт бий. Харин Монгол Улс бүх дэлхийн эмэгтэйчүүдийн хоёрдугаар их хуралд өөрийн төлөөлөгчийг оролцуулж байжээ. Энэ бол 1921 он. Тэгвэл үүнээс гуравхан жилийн дараа Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хэмээн нэр нөлөө бүхий томоохон олон нийтийн байгууллага үүссэн байдаг.
Эцгийн эрхт ёс ноёрхсон тэр л үед эмэгтэйчүүд нийгэмд дуу хоолойгоо өргөж, байр суурь эзлэнэ гэдэг бэрх байсан ч Монголын эмэгтэйчүүдийн гэх нэрээр хувьсгалтай хамт үүсч, бас багагүй эрх үүрэгтэй ажиллаж байсан энэ байгууллага өдгөө 90 нас хүрчээ.

Буурал түүхтэй энэ байгууллагын салаа мөчир өнөөдөр олон болжээ. Тэдний нэг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо юм. АН-ын дэргэд албан ёсоор байгуулагдсан тус холбооны үйл ажиллагаа идэвхжин гадаад харилцаа нь бэхжсээр байна. Үүний жишээ болж БНХАУ-ын коммунист намын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл болон тус холбооны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн Барилга Хот Байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн Л.Нармандах, АЭХ-ны Хяналтын хорооны дарга, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Э.Бадамгарав, болон тус холбооны нарийн бичгийн дарга Н.Рэгдэнгарав нар БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.
Хятадын комунист намын эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Зихао Донгхуа  төлөөлөгчдийг хүлээн авч “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Саяхан манай улсын тэргүүн Си Жиньпин танай оронд айлчлан хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хятад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын харилцаа батжих нь хоёр орны хамтын ажиллагаа, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Бид ч үүний төлөө идэвхитэй ажиллахад бэлэн байна” хэмээн  онцолсон юм.

БНХАУ-ын эмэгтэйчүүдийн байгууллага 1949 оны дөрөвдүгээр сард байгуулагдан, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулсаар байна. Тус байгууллагад 900 гаруй хүний өдөр тутам ажилладаг бөгөөд группийн гишүүн нэг сая гаруй, үйлдвэрлэгч, байцаагч, шүүгч, эмч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг дэд байгууллагатай. НҮБ-ын байр суурийг дипломат харилцаандаа баримталж, олон улсын эмэгтэйчүүдийн салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, эмэгтэйчүүдийн 700 гаруй байгууллагатай найрсаг харилцаа тогтоосон аж.
Өнгөрсөн жил бүх эмэгтэйчүүдийн 11 дүгээр их хурлаа хийж, ирэх таван жилийн ажлын төлөвлөгөө баталж бүх Хятадын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар Ардын төлөөлөгчдийн хурлын депутат Ши Вейг сонгожээ. Сүүлийн жилүүдэд жендерийн асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч буй хэдий ч эмэгтэйчүүдийн шинэ бизнес эрхлэх санааг дэмжиж банктай хамтран чухал төслүүд хэрэгжүүлж хөнгөлөлттэй жижиг зээлүүд өгч байгаа гэнэ. 2013 онд гурван сая эмэгтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр 180 тэрбум юаний жижиг зээл авсан бөгөөд одоо 10 мянган эмэгтэйд энэ төрлийн зээл олгохоор төлөвлөжээ.
Түүнчлэн 1,2 тэрбум юанийн зээлийг найман мянга нэг зуун оюутан эмэгтэйд олгоод байгаа бөгөөд цаашид 700 мянган хүнийг энэ төрлийн зээлд хамруулахаар зэхэж байна.

Хот хөдөөд эмэгтэйчүүдийг ажилтай болгоход анхаарч гар урлал болон гэр ахуйн сургалтад 3500 эмэгтэйг хамруулан ажилтай болгосны зэрэгцээ хөдөөд халамжийн төвийг туршилтын журмаар нээсэн байна.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн удирдах албан тушаалд орох тухай хууль батлуулан эрчимтэй ажилласны дүнд улсынхаа 12 болон 13 дугаар хөтөлбөрт эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай бодлогыг оруулж чаджээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулж, тосгоны өөртөө засах ажил болоод улс төрийн үйл ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр нэмэгдсэн гэнэ.

 Хятадын муж бүрт 28-00 дугаарын утас ажиллуулсны дүнд 250 мянга гаруй эмэгтэйн эрх ашгийг хамгаалж чадсан байна. Мөн эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, хөхний хавдраас сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүйгээр хийж, нярай хүүхдийн цус багадалтаас сэргийлэх хөдөлгөөн, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдийг шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх ажил зохион байгуулжээ. Эрүүл мэндийн байгууллагуудад түргэний тэргийн туслалцаа үзүүлэх эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, түргэн тусламжийн шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр  “Буухиа тэрэг” төслийг хэрэгжүүлж чадсан гэнэ.
Гэр бүлийн тогтвор суурьшилтай, ёс зүйтэй оршин тогтнох нөхцөлийг дэмжин шилдэг гэр бүлээр 5 сая өрхийг тодруулж, урамшуулжээ. Иргэдийн дунд байгаль орчноо хамгаалах, технологийн шинэ дэвшил ашиглахыг дэмжин эрчим хүчээ хэмнэх, нүүрс бага түлэх зэрэг ажлыг зохиосон гээд Хятадын эмэгтэйчүүдийн байгууллага сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж, нийгэмд томоохон үүрэг оролцоо гүйцэтгэх болжээ.

Уулзалтын хүрээнд хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагын ижил төстэй үйл ажиллагааг нэгтгэж, харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийг мэргэшүүлэх, технологийн дэвшил ашиглах, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, шинэ бизнес нээх, улс төр нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг сургалтыг харилцан зохион байгуулах бүрэн боломжтойг онцлов.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид далайн эргийн Чиндао хотод зочлон тус хотын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Ли Вуэ, төв банкны захирал Ван Линтэй уулзсан юм. Төв банк нь 2006 оноос эхлэн эмэгтэйчүүдэд 6 хувийн хүүтэй жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож эхэлсэн байна. Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон оюутан охид хотынхоо эмэгтэйчүүдийн байгууллагад хандан өөрсдийн төсөл хөтөлбөрийг танилцуулдаг. Улмаар эмэгтэйчүүдийн байгууллага шалгаж тодруулсны дүнд банкинд хандан шуурхай зээл олгоно. Ингэхдээ дээрх эмэгтэйчүүдийн байгууллага өөрөө зээлийн барьцаа болдог төдийгүй тус улсын Засгийн газраас зээлийн барьцаа хөрөнгийг тодорхой хэмжээнд батлан даадаг байна. Зээлийн хүүгээ сар бүр төлөөд улирал тутам Засгийн газраас буцаан авдаг буюу өөрөөр хэлбэл хүүгүй зээлийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна.

Одоогоор олон улсын хэмжээнд энэ төрлийн зээлийг эмэгтэйчүүдэд олгож эхлээгүй ч манай улсын хамтран ажиллах саналыг хүлээн авч хоёр орны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой байдлыг бий болгоход санаачлагатай ажиллахаа илэрхийлсэн. Айлчлалын дүнд манай орны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх болоод бизнесийн талбарт эдийн засгийн ашигтай нөхцөлийг тус улсын зүгээс дэмжин үр дүнтэй хамтран ажиллах, энэ асуудлын нарийн нухацтай хэлэлцэхээ илэрхийлсэн.

Үүний зэрэгцээ аялал жуулчлал ихээхэн хөгжсөн, 10 сая гаруй хүн амтай Чиндао хотын дэд дарга Ху Зхентэй  уулзахад “Зам тээвэр харилцаа холбоо өргөн хөгжсөн тус хотоо Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай хот болгохыг хүсэж байна” хэмээсэн.
Чиндао нь далайн эргийн хот бөгөөд улаан дээвэртэй герман хийцийн байшингуудтай, далайн тээврийн найман боомттой, өдөрт 400 нислэг хүлээн авдаг аялал жуулчлал өндөр хөгжсөн, эдийн засаг нь улам бүр өсөн нэмэгдэж буй найрсаг хот ажээ. Төлөөлөгчдийг тус хотын “Алтан түлхүүр” хүүхдийн цэцэрлэгийн жаалууд өөрсдийн гараар бүтээсэн цэцгэн хэлхээгээр бэлэг барин нөхөрсгөөр угтсан юм. Энд гурваас таван настай хүүхдүүд хүмүүждэг бөгөөд хоёр настай хүүхэд гэр бүлийн хэн нэгэн гишүүний хамт бэлтгэл цэцэрлэгт хамрагддаг ажээ.

Энэхүү албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааны олон талт хөтөлбөртэй танилцаж, үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогыг хурдацтай хэрэгжүүлэх арга туршлагыг судалж, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхоо эрхэм зорилго, зохион явуулж буй ажлуудыг танилцуулан хоёр орны ижил төсөөтэй үйл ажиллагааг хамтатган эмэгтэйчүүдийн бизнес эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт мэдээллээр хангахад хамтран ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан