Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аравдахь удаагийн анхных олонтой наадам


-Монголчууд Азийн наадмаас анх удаа таван алттай ирлээ-

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тус наадамд манай улсаас 234 тамирчны бүрэлдэхүүнтэй баг мордож, таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт жагссанаар өмнөх Азийн наадамд үзүүлж байсан амжилтуудаа эвдэв. Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн Азийн “олимпод” оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс  хойш бидний хувьд арав дахь наадам болж байна. Анхны наадмаасаа манай улс хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш 14 алтан медаль хүртэхдээ “Шинэ Дели-1982” наадмаас хамгийн олон буюу гурван алтан медаль хүртсэн аж. Харин “Шинэ Дели 1982”-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг “Инчён-2014”-т тав болгон эвдэж, 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна. Биднийг үүнээс ч илүү амжилт хүлээж байсан. Гэхдээ анхны гэсэн тодотгол олонтой наадам боллоо.

“Инчён-2014” наадамд жүдо бөх, чөлөөт бөх, бууд­лага болон боксын баг тамир­чид медалийн тоогоо нэмсэн бол таеквондогийн анх­ны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэг­тэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан өндөр ам­жилт үзүүллээ. Монголын боксч­доос анхны Азийн наад­мын алтан медалийг ОУХМ Д.Отгондалай, эмэгтэй боксчдын анхны медалийг /хүрэл/ ОУХМ М.Нандинцэцэг нар хүртсэн. Мөн таеквондо­гийн тамирчдаас М.Түмэнбаяр анхны медальтан болсон. Харин хамгийн бахархам амжилтыг марафон гүйлтийн  /40 км/ төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарч үзүүлсэн. Тэрээр 30 км-ын дараах байдлаар Азийн наадмын марафоны уралдааныг тэргүүлж бай­сан боловч сүүлийн км-т тактикийн алдаа гарган өрсөлдөгч нартаа гүйцэгдэж шагналт дөрөвдүгээр байранд орлоо. Тэрээр хоёр цагийн турш Монголын нэрийг Ази тив даяар гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх орноо сурталчилж чадсан.
Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ.

Тэгвэл чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэг­тэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

Харин буудлагын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Ч.Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дас­галд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наад­мын аварга болов. 25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Ийнхүү амжилт бахар­халаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөл­мөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолт үргэл­жил­сэн 16 хоног өнгөрлөө. 2018 оны Ази тивийн наадам Индонез улсад болно. Амжилт, ялалтаараа бахархсаар дараа­гийн наадамтай золгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан