Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор дулааны цахилгаан станцуудад шинэчлэл хийж буй. Засгийн газар хуралдаанаараа “ДЦС-3”-ын хоёрдахь шатны шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.
“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж байгаа юм. Эхний ээлжинд тус станцад турбин суурилуулах төсөл амжилттай хэрэгжүүлсэн бол энэ удаа дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Ингэснээр хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээндээ хадгалагдаж, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурна.