Норвеги улс нийслэл Ослод өвлийн 2022 оны олимп зохион байгуулна гэсэн мэдүүлгээ буцааж авахаар шийдвэрлэсэн байна. Тус улсын засгийн газар энэ шийдвэрээ олимпын байгууламж барих санхүүгийн баталгаагүй хэмээн тайлбарлаж байна.
Олон улсын олимпын хороо өнгөрсөн долдугаар сард 2022 оны өвлийн олимп зохион байгуулах хотуудад нэр дэвшигчээр Хятадын нийслэл Бээжин, Казахстаны Алма-Ата хотуудыг бүртгэж авсан юм.
Скандинавын өөр нэг нийслэл Стокгольм 2022 оны өвлийн олмп зохион байгуулах хотын өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Шведийн парламентчид олимп зохион байгуулахын тулд шинэ шинэ байгууламж нэмж барих хэрэгтэй болдог ч тэмцээний дараа ашигладаггүй гэж тайлбарласан.
Украины Львов хот ч улс орныхоо эдийн засгийн байдлаас болоод өвлийн олимп зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ зургадугаар сард мэдэгдээд байгаа юм.