Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн хямрал ирэх онд ч үргэлжилж магадгүй нь


Төв банкны тухай хуульд зааснаар ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийг аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих ёстой. Иймд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын дарга З.Энхболдод 2015 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах төсөл өргөн барьжээ. Мөнгөний бодлогын гол зорилт нь эдийн засгийн гадаад тэнцвэртэй байдлыг хангах, инфляцыг нам түвшинд барих, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх орчинг хангахад чиглэдэг. Ингээд ирэх онд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг долоон хувьд барина хэмээн мөнгөний бодлогын төсөлд тусгажээ. Инфляцыг ингэж бууруулж чадвал иргэдийн бодит орлого нэмэгдэж эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм. Мөн банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж.

Эдийн засгийн тэнцвэртэй байдал нь хөрөнгө оруулалтын орчин болон төлбөрийн тэнцэл,  төсөв, мөнгөний бодлогоос ихээхэн шалтгаалдаг. Манай улсын төлбөрийн тэнцэл  2012 оны хагас жилээс хойш хүндэрч эхэлсэн. Энэ нь өнгөрсөн жил хямралын шинжтэй болж өнөөг хүртэл үргэлжилж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал сүүлийн 19 сарын турш ДНБ-ий 23 хувьтай тэнцэх болжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл сард дунджаар 150 сая ам.долларын алдагдал хүлээж буй юм. Мөн гадаад цэвэр актив буурсаар. Тухайлбал,  5.3 их наяд буюу ДНБ-ий 29 хувьтай тэнцэж буй аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард найман хувьтай тэнцэх болсон тооцоо бий. Ийнхүү энэ онд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, орж ирэх гадаад валютын урсгал татарсан, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний нөлөөлөл хангалттай бус, улсын зээлжих зэрэглэл буураад байгаа. Ийм л хүнд үед  төв банкны энэ жилийн  мөнгөний бодлого хэрэгжиж буй билээ. Төв банк эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах, суурь бүтцийг хамгаалах  арга хэмжээ авч буй аж. Нэг ёсондоо мөнгөний бодлого нь бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, хуримтлал, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэгт чиглэжээ.
Ингээд төв банкнаас эдийн засгийн хямралтай үед хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын талаар дор өгүүлье.

Монголбанк сүүлийн жилүүдэд “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтарч хэрэг­жүүлэх болсон. Ингэснээр мах, гурил, шатахууны үнийн өсөл­тийг хазаарлаж чадав. Уг хөтөл­бөрт хамрагдсан бараа бүтээг­дэ­хүүний үнэ нийт инфляцын 35 хувийг бүрдүүлдэг аж.
Банк санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсч магадгүй байв. Иймд арилжааны банкуудад  хугацаатай хадгаламж байршуул­жээ. Үүний үр дүнд банкуудын төл­бөрийн чадвар сайжирч өөрийн хөрөнгийн хэмжээ 17 хувьд хүрсэн байна.
Инфляцыг найман хувь буюу нэг оронтой тоонд оруулах зо­рилт тавьсан. Тэгээд инфляцын цааш­дын хандлага энэ зорилтод ний­цэж байх үед төв банк бодлогын хүүгээ 2.75 нэгж хувиар бууруулсан билээ. Мөнгөний тэлэх бодлого баримталснаар ДНБ-ий өсөлт, ажлын байр хадгалахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн дүгнэж буй юм.

Үл хөдлөх хөрөнгө бол хуримтлалын нэг хэлбэр. Төв банкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл олгож байгаа билээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны зээлийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөг давсан.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн зас­гийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчим баримталж байна. Нэг ёсондоо ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад оролцож байгаа аж. Ингэснээр санхүүгийн салбарт үүсч болох сөрөг нөлөөг зөөлрүүлэх, ажлын байраа хадгалах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлжээ.
Эдийн засгийн өсөлт буурсаар байгаа. Манай улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч ирсэн. Гэвч энэ оны сүүлч гэхэд нэг оронтой тоонд орж ирэх хүлээлт бий. Үүний шалтгаан нь  гадаадаас орж ирэх валютын урсгал татарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой гэдэг. Нөгөө талаар төв банкнаас тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засагт нийлүүлсэн мөнгө зээлийн эргэн төлөлтөөр алгуур буурч буй билээ. Иймд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт буурах, мөнгө зээлийн үзүүлэлтийн өсөлт саарахад хүргэжээ. Хэрэв ирэх онд манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэхгүй бол эдийн засгаа мөнгөний бодлогоор дэмжих боломж улам бүр хязгаарлагдана гэсэн үг. Нэг ёсондоо манай эдийн засагт мөнгө дутаж төлбөрийн тэнцлийн хямрал ужиграх эрсдэл өндөр байна. Гадаад валют орж ирэх урсгал нэмэгдэхэд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэтэл уг хөрөнгө оруулалт дахиад хойшилсон гэж байгаа. Ирэх жил  монголчууд бас л бүсээ чангалж хямралтай эвлэрч амьдарч магадгүй нь.
Хэрэв ирэх онд манай эдийн засаг мөнгөөр цангасан хэвээр байвал ганц аврагч найдлага нь ашигт малтмалын экспорт болно. АНУ-ын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдан сайжирч байгаа тул ашигт малтмалын үнэ сэргэх боломж бий аж. Өөрөөр хэлбэл тус улсын эдийн засгийн сэргэлтийн нөлөө Хятадын эдийн засгийг тэтгэж магадгүй гэсэн төсөөлөл бий. Гэвч шинжээчдийн таамаглаж байгаагаар Хятадын эдийн засаг  төдийлөн өсөхгүй тул ашигт малтмалын үнэ сэргэхгүй гэж байна. Тухайлбал, он дуустал нэг зэс 6800-6850, нэг унци алт 1255 ам.долларын үнэтэй байх төсөөлөл гаргажээ. Мөн нүүрсний үнэ 15 хувиар унана хэмээж байгаа. Иймд хатуухан өвөл, хямралтай эдийн засаг ирэх жил биднийг хүлээж буй бололтой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан