Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Чинзориг: Иргэдийн хувийн мэдээлэл маш нууц зэрэглэлтэй ч хамгаалах эрх зүйн орчин алга


Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын Шинэлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзоригтой тус салбарын хууль эрх зүйн орчин болон хийж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Мэдээлэл харилцааны салбарт тулгамдсан ямар асуудлууд байна. Хууль эрх зүйн орчин нь хэр шинэчлэгдэж байгаа вэ?
-Манай газраас энэ оныг  “Эрх зүйн шинэчлэлийн жил” гэж зарласан. Энэ хүрээнд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл боловсруулж олон нийтийн хэлэлцүүлэг хийж байна. Энэ хууль батлагдвал телевиз, радиогийн хөгжил хаашаа явах, тулгамдаж буй асуудлаа эрх зүйн хүрээнд зохицуулах боломж бүрдэнэ. Тухайлбал,  телевизүүд ёс зүйгүй мэдээ мэдээлэл гаргадаг, оюуны өмч зөрчдөг, оройн хөтөлбөрт нь солонгос киноноос өөр үзэх юм алга гэсэн шүүмжлэл нэлээд гардаг.  Дээр нь ашиггүй ажиллаж санхүүгийн хүндрэлтэй гэж байгаа. Телевиз, радио гэдэг бол нийгмийн үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг  зүйл. Арилжааны телевиз бол ашгийн зорилготой. Иймд шудрага өрсөлдөөн байх ёстой.

Төр үүнийг зохицуулах үүрэг хүлээдэг. Гэтэл төр Харилцаа холбооны зохицуулах хорооны журмаар л одоо шурдарга өрсөлдөөнийг зохицуулж буй юм. Үүнийг хуулиар боловсронгуй болгох шаардлага байгаа. Нөгөө талаас үзэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Мөн үндэсний өв соёлоо хамгаалах зохицуулалт чухал.  Тэгэхгүй бол хүүхэд багчууд маань 750 үгээр л ярьж байна гэсэн шүүмжлэл байдаг. Хүүхдийн хүмүүжилд дан ганц боловсролыг буруутгаж болохгүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөтэй. Иймд соёлын дархлааг яаж бий болгохыг хуулиар зохицуулах шаардлага байгаа юм. Дараагийн хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт бэлдэж байна. Энэ бол Өгөгдөл хамгаалах тухай хууль. Уг хуулийн агуулга нь иргэдийн хувийн мэдээллийн санг хамгаалахад чиглэнэ гэж ойлгож болно. Хувь хүний нууцын тухай хуулиар бидний ихэнх мэдээллийг хамгаалдаг.

Хэн ч гудамжинд гараад төрсөн он, сар, өдөр, ригестрийн дугаараа зарлаад явахыг хүсдэггүй.  Гэтэл энэ мэдээллээ бид өнөөдөр их олон газарт өгсөн байдаг. Жишээлбэл, үүрэн холбооны компанид бид утасны дугаар авахдаа өөрийн мэдээллээ өгч бүртгүүлдэг. Мөн банкинд хувь хүний бүх мэдээлэл бий. Эндээс үзэхэд хувийн шинж чанартай мэдээллүүдийг олон байгууллага эзэмшээд эхэлсэн юм. Нэг ёсондоо олон байгуулага, хувийн хэвшилд иргэдийн маш их хэмжээний мэдээллийн бөөгнөрөл бий болжээ.  Гэтэл тэд энэ талаар ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа. Өнөөдөр өгөгдлийн сандаа байгаа бүх харилцагчдынхаа мэдээллийг алдчихвал хариуцлага хүлээх тогтолцоо алга. Иймд үүнийг хууль эрх зүйн хүрээнд цэгцэлж тодорхой болгох шаардлагатай юм. Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал. Учир нь, Монгол Улс иргэний бүртгэлийн өгөгдлийн санг төрийн маш нууц зэрэглэлд хамаардаг. Гэтэл үүний талтай дүйцэх хэмжээний мэдээлэлтэй өгөгдлийн сан хувийн хэвшлийн гарт байна.

-Тэгвэл хувийн мэдээл­лээ алдсан гомдол хэр их гардаг вэ?
-Одоогоор иргэдийн хувийн мэдээллийг алдсан тохиолдол гараагүй. Ганц нэгээр нь алдсан тохиолдолд тэр нь бүртгэгдэхгүй, гомдол хараахан гаргахгүй байж болох юм. Нэг найзынхаа цалин хөлсний болон өөр нэг  хувийн нууцтай холбоотой  мэдээллийг  бусад нөхдөдөө хэлсэн байхад тэр хүн тухайн үедээ уурлаад л өнгөрсөн тохиолдлыг үгүйсгэх аргагүй. Ийм явдал ужиграад эхлэхээр нийгэмд аюултай, сөрөг үр дагавар гаргаж эхэлнэ.

-Цахим шуудангийн нууц үгээ алдсан, түүнийг өөрчилсөн, өмнөөс нь бусдад захидал илгээсэн байна гэдэг зүйл гардаг. Үүнийг Өгөгдөл хамгаалах хуулиар зохицуулах уу?
-Одоогоор манай улс үүнийг гэмт хэрэг гэж үздэггүй хууль эрх зүйн орчинтой. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөлд бусдын цахим хаягаар хууль бусаар нэвтэрч ороод хувийн мэдээллийг нь авах явдлыг зохицуулахгүй. Энэ бол тусдаа асуудал. Гэмт хэргийн тухай хуулиар эсвэл кибер гэмт хэрэг гэж тусад нь үзэх үү гэдэг өөр ойлголт болох юм. Цагдаагийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан цахим орчинтой холбоотой шалгадаг. Тухайлбал, цахим ертөн­цөөр хууран мэхэлсэн гомдол, гэмт хэрэг их олон гардаг юм билээ.  
-Цахим ертөнцөд хаке­рууд гэж дайсан бий. Тэдний халдлагаас улс орон болон хувь хүмүүс өөрсдийн мэ­дээл­­­­лээ яаж хамгаалах ёстой вэ?
-Гадны халдлагаас хам­гаа­лах Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулсан. Үүнд улсын онц чухал дэд бүтцүүдийг яаж хамгаалах, ямар техник технологи ашиглах, боловсон хүчин гээд олон асуудлыг зохицуулж байгаа. Ер нь, мэдээллийн орчин, кибер аюулгүй байдалтай холбоотой шийдэх учиртай цогц олон асуудал бий.

-Монгол Улсад мэдээлэл технологийн үйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?
-Манайхан мэдээлэл техно­­­ло­гийн хоёр төрлийн үйлд­вэрлэл эрхэлж байна. Нэгдүгээрт программ хангамж үйлдвэрлэж байгаа. Үүн дотроо тогтсон зах зээлтэй, хамгийн их борлуулалттай, бизнес нь амьдарч буй үйлдвэрлэл бол санхүүгийн программ юм. Бусад программ хангамж нь олон тоогоор үйлдвэрлэж чадалгүй төслөөс төслийн хооронд л амьдардаг. Иймд үйлдвэрлэгчид нь хөл дээрээ босч бэхжиж чадахгүй байна.   Хоёрдугаарт тоо нь цөөхөн ч гэсэн зурагт, комьпютер, гар утас, таблет үйлдвэрлэж байгаа. Гэвч олон улстай харьцуулахад манай улсын мэдээлэл технологийн үйлдвэрлэл хоцрогдолтой юм. Харин хэрэглээнээс хоцроогүй.

-Тэгэхээр мэдээлэл тех­но­­ло­гийн хөгжлийг дагаад шуудан ашиглах хэрэглэгч цөөрсөн нь илт. Гэвч энэ төр­лийн үйлчилгээ манай улсад өнөөдөр ямар байна вэ?
-Шуудан харилцааг биз­несийн өөр арга барил, ме­неж­­­­ментээр хөгжүүлэх шаард­лага бий. Олон улсын жишгээр шуудангийн бизнесийн өсөлтөд цахим худалдаа гол нөлөө үзүүлж байгаа. Энэ худалдаагаар дамжаад жи­жиг илгээмж шуудангийн бизне­сийн гол хөдөлгүүр болж буй юм. Иймд манайх энэ жишгээс зөрөөд байх зүйлгүй. Гэвч манай улсын эдийн засгийн тогтолцоо өөр.  Жишээлбэл бүх бизнес нь Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Тэгэхээр орон нутагаас цахим худалдаа хийж илгээмж явуулаад байх боломж муу юм. Шуудангийн хөгжлийг төр бодлогоор дэмжиж зах зээлийг нь яаж тэлж өгөх та­­лаар ажиллаж байна.  Тухайлбал, ухаалаг шуудан төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо 17 ийм шуудангийн хайрцаг Улаанбаатар хотод байршуулсан. Энэ шууданг зах зээлд нь илүү ойртуулах, илгээмжийн төрлийн бизнест хөл тавихад тусламж дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Энэ бол зөвхөн Монгол шуудан компанид зориулсан дэд бүтэц биш. Шуудангийн үйлчилгээ эрхэлдэг бусад компаниудад бас зориулж байгаа. Монгол шуудан компани гадаад паспорт олголтыг шуудангаар явуулж эхэлсэн.  Мөн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн хуудсыг шуудангаар илгээж буй юм. Энэ мэтээр шуудангийн зах зээлийг аль болох тэлэх гэж хичээж байна.

-Танай газраас иргэдэд үйл ажиллагаагаа дэлгэргүй танилцуулах өдөрлөг хийнэ гэсэн. Энэ үеэр ямар ямар үйл ажиллагаа болох вэ?
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас ирэх 4, 5-ны өдөр салбарын нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд хийнэ. Бид тавдугаар сард салбарынхаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Гэвч үүнээс хойш шинэ технологийн өөрчлөлт их гарч байна. Иймд түүнийг танилцуулна.   Мөн  хэрэглэгчид сонирхож буй үйлчилгээнийхээ талаар сүүлийн үеийн мэдээлэл авах, үйлчлүүлэх боломжтой. Жи­шээлбэл манай улсад үйл ажиллагаа явуулж буй гар утасны дөрвөн оператор компани сүүлийн үеийн үйл­чилгээ, бүтээг­дэхүүнээ танил­цуулах юм. Мөн сим, ду­гаар сэргээх үйлчилгээ байгаа. Үүнээс гадна Мэдээлэл техно­­логийн үндэсний парк  гэдэг байгууллага бий. Энэ байгууллага мэдээлэл, харил­цаа холбоо, технологийн салбарт шинээр байгуулагдаж буй компаниудыг өсгөж бой­жуул­даг газар. Өөрөөр хэлбэл бизнес нь хөл дээрээ тогтож бие даан үйл ажиллагаа явуу­лах хүртэл нь хөтөлж өгдөг гэсэн үг. Уг байгууллагын үйл ажиллагааг төрөөс санхүү­жүүлдэг юм. Тэгэхээр ийм чухал байгуулагынхаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулж илүү сайн ойлголт өгнө. Энэ өдөрлөгийн үеэр харилцаа, шуудан хол­боо, технологийн салбарт үйл ажиллагаа явуулж олон ний­­тэд  бүтээгдэхүүн, үйл­чилгээ хүргэдэг төрийн бай­гуул­­ла­га, компаниуд бүгд оролцоно. Өдөрлөгийн үеэр компаниуд хэрэглэгчдэдээ зо­риулсан янз бүрийн сюрприз бэлдсэн байгаа. Тухайлбал, “IT ZONE” компани өөрсдийн үйлдвэрлэж буй монгол гар утсаа танилцуулна. Үүнтэй хол­боо­той урамшуулал зарлах байх. Хэрэглэгчид маань ирж үзээ­рэй гэж хэлмээр байна. Дээр нь Харилцаа холбооны зохи­цуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн  нөхцөл шаардлага, энэ салбарт шинээр бизнес эхлэхэд юунд анхаарах зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгнө. Төр, засгаас  хэрэгжүүлэх энэ сал­­­барын талаар мэдээлэл өгөх юм.

-Телевизийн нэврүүлэг цацах систем өөрчлөгдсөн. Иймд иргэдэд ойлгомжгүй зүйл нэлээд байгаа байх. Энэ талаар ямар нэг ойлголт иргэдэд өгөх үү?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт телевизийн нэвт­рүүл­гийг аналогоос тоон сис­темд шилжүүлэхээр тусга­сан юм. Иймд Монгол Улс өнгөрсөн долдугаар сарын 31-нээс тоон системээр телевизийн нэвтрүүлэг цацаж байна.  Системийн энэ өөрч­лөл­тийн улмаас иргэдэд ойл­гомжгүй зүйл гарч байгаа байх. Одоо болтол телевизийн тоон системийн хүлээн авагч хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байж болох юм. Мөн телевизор нь тоон систем хүлээн авагч суу­ри­луулах шаардлагатай эсэх, дуу дүрсний чанарын асуу­­дал зэргээр өдөрлөгөөс ха­­риулт авах бүрэн бололцоо бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан