Лусын дагин гэхээр хүн шиг цээжтэй атлаа хөлийн оронд загасны сүүлтэй өвөрмөц төрхтэй амьтаны төрх санаанд орж ирж байгаа байх. Ер бусын ид шидтэй ийм амьтан зөвхөн үлгэр домогт гардаг тул бодит амьдрал дээр байдаг гэдэгт итгэхэд бэрх. Гэвч бодит амьдрал дээр усан дагинатай төстэй хүн байдаг аж. Ийм хүмүүсийг удамшлын гажигийн улмаас лусын дагины хам шинжтэй төрсөн гэж эрдэмтэд тайлбарладаг. Лусын дагины хам шинжийн үед хүний хөл төрөлхийн нийлж урган мушгиралдаад загасны сүүлтэй төстэй байдалтай болдог.
Лусын дагины хам шинж нэртэй энэ төрөлхийн эмгэг нь тун ховор, 100 мянган хүүхдэд нэг тохиолддог эмгэг. Тохиолдохдоо нэг өндөгөн эсийн ихрүүдийн дунд 100 дахин илүү тохиолддог аж. Ийм гажиг үүсэхэд хүргэдэг шалтгааныг ч эрдэмтэд хэдийн тогтоосон байна. Ураг бүрэлдэж байх үед цусан хангамжийг хариуцсан судасны торлогт гарсан саатал нь гол буруутан. Тодруулбал ургийг эхтэй холбодог хүйнд хоёр бус ганцхан артер буюу тараагуур судас үүсдэг. Үүний улмаас ураг зохих ёсоор бүрэлдэхэд шаардлагатай цусыг бүрэн хэмжээгээр авч чадахаа больно. Үүнийг дагаа биеийн доод хэсэг нь цусан хангамж, тэжээлийн бодисын дутагдалд ороход хөл нь хэвийн бүрэлдэж чаддаггүй.
Лусын дагины хам шинжтэй хүүхдүүдийн 50 гаруй хувь нь хэвлийд байхдаа үхдэг. Харин төрж чадсан хүүхдүүдийн дйилэнх нь бөөр ба давсагны гаж өөрчлөлтийн улмаас хэдхэн өдөр амьдраад нас бардаг. Гэхдээ бас азтай тохиолдол гэж бий.
Лусын дагины хам шинжтэй төрсөн Тиффани Йоркст 1988 онд нийлж ургасан хоёр хөлийг салгах мэс засал хийжээ. Тиффанийг нэг ой ч хүрээгүй байхад ийм хүнд мэс засал хийсэн ч гэлээд тэрээр хагалгааг даван гарсан бөгөөд одоо хүртэл эсэн мэнд. Гэхдээ хөлийн яснууд нь төрөлхийн гажигаас болж бэхжээгүй тул одоо ч гэсэн алхах гишгэхтэй холбоотой асуудалтай.