Монголын хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр их хурал болох гэж байгаатай холбогдуулан тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаттай цөөн хором ярилцлаа.
-Ирэх сард болох хөлбөмбөгийн холбооны хурлаар ерөнхийлөгчөө сонгох учраас спорт сонирхогчид энэ тухай нэлээн сонирхож байх шиг?
-Монголын хөлбөмбөгийн холбоо дүрмийнхээ дагуу дөрвөн жил тутамд хийдэг хурлаа зохион байгуулах гэж байна. Хурлаар тайлан илтгэлээ хэлэлцэнэ мөн ерөнхийлөгчийн сонгуульд их ач холбогдол өгч байгаа. Өмнөх жилүүдэд олон хүн нэр дэвшдэггүй байсан бол энэ жил хэд хэдэн нэр дэвшигч гарч ирлээ. Энэ нь хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа олон нийтэд хүрч, хөлбөмбөг сонирхогчид энэ спортын хөгжилд анхаарлаа хандуулдаг болсны илрэл болов уу.
-Хэдэн хүн нэр дэвшээд байна?
-Дүрмийн дагуу нэр дэвшигчид 45 хоногийн өмнө тодорсон байх ёстой. Одоогоор “Вульп Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж, “2050” төрийн бус байгууллагын захирал Э.Амарсайхан, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубын ивээн тэтгэгч Г.Ганхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар болон одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд нарын зургаан хүн нэрээ өгснийг холбооноос баталгаажуулаад байна.
-Холбооны ерөнхийлөгчийг ямар шалгуураар сонгодог юм бэ?
-Хатуу тогтсон шалгуур байдаггүй л дээ. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох хүн мэдээж энэ спортын амьдралд ойр байх ёстой. Хөлбөмбөг мэддэг, тоглодог, энэ спортод зүрх сэтгэл, мэдлэг боловсролоо зориулж чадах хүн байх хэрэгтэй. Хөлбөмбөгөөс хол хөндий хүн энэ байгууллагыг удирдана гэдэг хэцүү. Мөн улс төрийн оролцоо, өнгө аяс байх ёсгүй. Цэрэгт явж үзээгүй хүн генерал болдоггүй гэдэг шиг хөлбөмбөг мэддэггүй хүн холбоо удирдана гэдэг байж болохгүй л дээ.
-Хэдийгээр хүүхэд залуус хөлбөмбөгийн спортыг ихээр сонирхдог ч манайд хөгжил нь тааруу хэвээр л байна. Холбооны зүгээс энэ тал дээр ямар ажил хийж байна?
-Спортын хөгжил гэдэг харьцангуй ойлголт, спортын төрөл бүр тус тусын онцлог ялгаатай. Хөлбөмбөг бол багийн спорт, сагсан бөмбөгийн багаас ч олон хүн тоглодог. Хөлбөмбөгчид нэгдэж нэг баг болж, бие биеэ мэдрэх эсэх нь цэвэр дасгалжуулагчийн хөдөлмөрөөс хамаарна. Миний хувьд Монгол Улсын шигшээ багийн тамирчид нутагтаа болсон сүүлийн гурван удаагийн олон улсын тэмцээнд хожно гэдэг том амжилт гэж бодож байгаа. Цаашдаа манай шигшээ багийнханд амжилт тун ойрхон байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гол нь дасгалжуулагч нараас л шалтгаална. Дэвшил гарч байгаагийн нэг жишээ бол “Эрчим” клуб. Сүүлийн гурван жил “Эрчим” клуб сайн менежмент хийсний үр дүнд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн чамгүй амжилттай оролцож байна. “Эрчим” клубээс жишээ аван бусад клуб маань ч өсөх байх гэж бодож байна. Тухайлбал, “Хоромхон” клуб гадаадаас сайн легионер тоглогчид авчирч, менежменттэй ажилласны дүнд энэ жил лигт түрүүлж ирэх онд Азийн цомын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрх авлаа.
-Холбооны сүүлийн үеийн гол ажлыг нэрлээч?
-Манайх 21 аймаг тус бүрт хөлбөмбөгийн элч төлөөлөгч ажиллуулж байна. Мөн бүх аймагт хөлбөмбөгийн стандарт талбай байгуулах хөдөлгөөн өрнүүлээд, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Говьсүмбэр, Төв аймагт талбай ашиглалтад орох гэж байгаа. Өмнөх жилүүдэд талбайтай болсон аймаг олон. Жишээ нь, Ховд аймагт гэхэд гурван стандарт талбай ажиллаж байна.
Д.Гантулга