Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Амарбаатар: Чөлөөт бүсийн менежмент хувийн хэвшилд очиж байж л хөдөлгөөнд орно


“Алтан булаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн баасан гарагт болсон юм. Энэ үеэр тус зөвлөлийн тэргүүн, “Барс” группийн захирал Ч.Амарбаатартай цөөн хором ярилцлаа.  

-Алтанбулагийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил урагшилж, хөгжих нь үү?
-Өнөөдөр Солонгос улс бизнес эрхлэгчдэдээ эрх мэдлийг нь өгөөд асар том бүтээн байгуулалт хийж чадсан. Тиймдээ ч Азийн наадам хийх түвшинд хүрчихээд байна. Гэтэл манайд хэдийгээр 2012 онд  хууль нь гарсан боловч хэрэгжих механизм нь заагдаагүй. Цаг нь ч болоогүй байсан юм шиг байна. Энэ өөрчлөлтөд бидний монголчууд бэлэн биш байж. Хувийн хэвшлийн импорт хийж байгаа том компаниудыг чөлөөт бүс рүү бага зэрэг анхаарлаа хандуулаач ээ, сонирхооч ээ гэж уриалаад байгаа юм. Тэгэх юм бол бид аюулгүй байх, өөрсдийнхөө байр суурийг эзлэх боломжтой.

-Шинэчилсэн хуулийн төсөл яригдаад байгаа. Энэ тухайд?
-Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас гаргасан төсөл нь нэг их зарчмын өөрчлөлтгүй л дээ. Гол нь менежментийг төр биш хувийн хэвшилд  өгөх хэрэгтэй. Тэр нь консерциум хэлбэрээр байх уу эсвэл гэдэг нь өөр асуудал.  Энэ тал дээр эрхэм гишүүд, тэр дундаа Дэмбэрэл гишүүн нэлээд сайн ажиллаж байна. Ямар ч байсан хувийн хэвшилд менежмент нь очиж байж л хөдөлгөөнд орно. Одоогийн байгаа хуульд алдаа дутагдалтай зүйл бий.  Ер нь зөвлөлтэй байж болох тухай л байна. Өөрөөр хэлбэл, Захирагч нь тийм эрхтэй тэгнэ, ингэнэ гэхчлэн. Чөлөөт бүсийн дэд бүтцийг засаг төр хариуцаж хийнэ гэсэн байдаг. Гэтэл дэд бүтцийг хийх явцад асар олон алдаа гарсан байгаа юм.

-Тодруулбал?
-Хамгийн наад зах нь Алтанбулагийн чөлөөт бүсийн бохир зайлуулах шугам байна. 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж, 10-аад өргөх насосстой 20 гаруй километр урт шугам хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Ажиллуулах зардал маш өндөр тусна. Тэр өргөх насоссын ажиллагаа, ажиллуулах зардлыг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй. Мөн усан хангамжийн асуудал харьцангуй гайгүй ч технологийн алдаатай.  Хатуу хучилттай замын асуудал шийдэгдээгүй. Хүзүүвч маань шороон замтай л байгаа. Засаг их мөнгө гаргасан уу гэвэл гаргасан, төлөвлөсөн үү гэвэл төлөвлөсөн. Үр өгөөж нь даанч алга. Тийм учраас хөрөнгө оруулалтын оновчлолын тухай яриад байгаа юм. Хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож засагтайгаа хамтарч тодорхой тендерийн үйл ажиллагаа бүтээн байгуулалтад хамтарч оролцмоор юм.

-Тэгэхээр үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй юу?
-Энд ч гэсэн тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт хэрэгтэй. Чөлөөт бүсийн тухай хууль гарснаас хойш хөрөнгө оруулалтын тухай хууль гарлаа, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, сангийн тухай хууль гээд л. Маш олон ахиц гарсан. Бас нэг юмыг тэмдэглмээр байгаа юм. Хуульд тусгах ёстой нэг гол зүйл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн бүртгэж, яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал. Хэрэв гадаадын байгууллагууд тэнд очоод өөрсдийнхөө худалдаа арилжааг хийлээ гэхэд бидний монголчууд хаана байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр гаргачихдаг юм байж. Тэгвэл нөгөө тал нь яах вэ гэдэг нь монголчуудад ямар ч хамаагүй байж болохгүй. Тийм болохоор үүнийг мөн л адил хуульчлах хэрэгтэй. Ямар ч байсан тэр газар эзэмших эрхийг тодорхой түвшиндээ хязгаарлаад заавал Монголын компанитай хамтарсан, хөрөнгө оруулалттай компани бол газар эзэмшиж, бизнес хийх эрхтэй гээд хуульчлаад өгчихвөл бидэнд л хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын зөвлөл ийм л саналтай байгаа.

-Хөрөнгө оруулагчдын зөвлөлийнхөн чөлөөт бүсийн менежментийг хариуцах хүсэлтэй байна гэж ойлгож болох уу?
-Үгүй, үгүй. Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь гишүүддээ үйлчилдэг олон нийтийн байгууллага шүү дээ. Бид менежментийг нь авах гээд байгаа зүйл байхгүй. Энэ бол бидний  асуудал биш. Ямар ч байсан төрийн том ажлыг бид хамгаалах үүрэгтэй учраас арай гүнзгий, бодлоготой оролцъё гээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан