Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголыг Хятадын гэж бичсэн асуудлыг шалгуулж байна


Азийн спортын XVII их наадам оролцож байгаа манай баг тамирчид 45 улсаас одоогоор 12 медальтай /28-ны дүнгээр/ амжилтаар есдүгээр байрт  жагсч байна.
Өмнө нь оролдож байсан Азийн бүх наад­мын амжилтаа эвдэж, эх ор­ноо баярлуулж байгаа хэдий ч сайны хажуугаар саар гэг­чээр манай тамирчдыг илт доромжлон гутаах гэсэн үйлдлүүд бусад багийн зүгээс хийж байгаа тухай мэдээлэл тасрахгүй байна. Инчёны спортын ордонг доргиож байгаа монголчуудын амжил­тыг буртаглуулах гэсэн зарим зохисгүй үйлдлийн талаар Азийн спортын наадам зохион байгуулагчдад Монголын багийн зүгээс нэг бус удаа гомдол мэдүүлээд байгаа тухай манай багийн ахлагч сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл өгсөн байна.

Азийн спортын XVII их наадамд Монголын багийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөн­хий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарын хийсэн мэдээллээс зарим зүйлийг тойм­лон хүргэе.
Монголын жүдо бөхийн эмэг­тэй тамирчид багийн төрөлд БНСУ-ын баг тамир­чидтай барилдахын өмнө хоолонд нь бохир зүйл хийсэн гэх мэдээллийг манай багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ баталлаа. Тэрээр “Барилдахын өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед хоолонд нь бохир зүйл хийсэн нь үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хү­мүүст эхний мэдээллээ өг­сөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос Ул­сад суугаа Элчин сайд Б.Ган­болд­тай ярилцаад, бусад асуудлыг ч нэгтгэн, Элчин сай­­дын яамнаас БНСУ-ын яа­­маар дамжуулан Азийн наад­­ам зохион байгуулах хо­­роонд яаралтай ноот би­чиг явууллаа. Монголын жү­до бөхийн холбооны ерөн­хий нарийн бичгийн дарга М.Бөх­бат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпын зөвлөлийн дарга болон Азийн наадам зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан” гэдгийг хэлсэн байна. Харин дээрх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг гарсан учраас хэд хоногийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл гарах юм байна. Өнөөдрийн байдлаар хоолонд нь ямар төрлийн бохир зүйл байсныг мэдээлэх боломжгүй байгаа аж.  Түүнчлэн тэрбээр “Жүдо бөхийн эмэгтэй, 78 кг-ын жинд барилдсан  тамир­чин хөлөндөө хүнд гэмтэл авсан. Мөн бейсбол, сагсан бөм­бөгийн эмэгтэй багийн тамир­чин бэртэл авч, хагалгаанд орлоо. Мэс засал амжилттай болсон” гэжээ. 

Дарвуулт завины тэмцээн болсон газарт улсуудын төрийн далбааг байрлуулахдаа манай улсын төрийн далбааг буруу харуулж байрлуулсан явдалд тэмцээний зохион байгуулагчид албан ёсоор уучлалт гуйж, “Техникийн ажилтны буруугаас болсон” хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн зарим нэг тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Мон­голын хүн амын тоог буруу гаргах, Монголыг Хятадын Хон­конг, Макаотай ижил буюу Хятадын гэж ойлгог­дохоор бичсэн алдаа ч зохион байгуулагчид гарга­жээ. Тиймээс дээрх асуудлын хүрээнд дахин гомдол гаргаж, асуудлыг нарийн шалгуулахаар болсон байна.

М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө
Азийн зуны спортын наадамд Монголын ширэн бээлийтнүүдээс эрэгтэй 10, эмэгтэй гурван боксчин оролцож буй.Өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг Шри Ланкын боксчин Калухат Эранди Жимханиг 3:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр маргааш мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдах юм. ОУХМ М.Нандинцэцэг эхний тойрогт Балбын боксчин Мину Гурунг илт илүүрхэж ялсан билээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг талбайн эздэд хожигдлоо
Өчигдөр Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэлж, Монгол-БНСУ-ын багууд тоглолоо. Анх удаа Азийн наадамд оролцож, мөн анх удаа шөвгийн наймд шалгарсан манай баг өрсөлдөгчдөө 41-124-ийн харьцаагаар ялагдаж, талбайн эзэд хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн наймд шалгарсан багуудаас БНХАУ, Япон, Тайваний баг өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд шалгараад байна. Манай баг БНСУ-ын багт ялагдсан ч цаашид V-VIII байрын төлөө өрсөлдөнө.
Дашрамд, манай багийн түлхүүр тоглогч болох багийн ахлагч Б.Алтанзаяа өвдгөө хүнд гэмтээж, мэс засал хийлгэсэн бол, түүнийг эзгүйд мөн л багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж буй Д.Ганзул шилбэндээ гэмтэл авсан юм.

Чөлөөтийн медалийн буухиа үргэлжилсээр
Азийн наадмаас манай чөлөөт бөхийн тамирчид медалийн буухиа таслахгүй амжилттай барилдаж байна. Сар гаруйхны өмнө дэлхийн аварга болж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан Сүхээгийн Цэрэнчимэд 63 кг-д барилдаж эзэн орны бөхийг 10:0-ээр цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Б.Номин Японы Фумитака Моришиг хүрэл медалийн төлөөх барилдаанд 5:3 харьцаагаар ялж, медалийн тавцанд зогслоо. Тэгвэл 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга зохион байгуулагч орны бөх Чанюк Ёонтой барилдан 3:1-ээр ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн боллоо.
55 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн С.Бямбацэрэг Японы бөх Саоро Йошидад 12:1-ий харьцаатай хожигдож мөнгөн медаль дээр буусан бол 75 кг жинд О.Бурмаа хүрэл медалийн болзол хангалаа.

0 Сэтгэгдэл
sanamsargyi ug , yildleer zzoriud doromjildog, sanaataigaar,manaihan ene heden solongos hoolnii gazriig n daramtlj hariug n ug
Хамгийн их уншсан