Завхан аймгаар тойроод ирсэн сэтгүүлчдийн баг Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан руу зорин очиход тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг, мөнгөн тэргүүн нь гялалзаж угтсан нь үзэсгэлэнтэй. Жилийн цөөхөн хоногт мөнгөн тэргүүн нь цэлмэж үзэгддэг өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа нутаг усныхан Цагаан уул, Богд Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ.
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймд Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн хүндэтгэн нэрлэсэн аж. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог домогтой.
Хангайн нуруу Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүсчээ. Тухайн үед Хангайн нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ Номхон далайтай залгасан тэнгисийн ёроолд байжээ. Энэ үед Отгонтэнгэр уулсын орой тэнгисийн уснаас цухуйж байсан аж. Ингээд 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болж өргөгдсөөр 800 сая жилийн тэртээ тэнгис татран ширгэж, өнөөгийн Монгол нутгийн хуурай газар гарч ирсэн аж. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайг 200 сая жилийн настай гэдэг. Мөн Гималайн нуруу гучаад сая жилийн өмнө үүсэн бий болсон. Иймд Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханыг энэ ертөнцийн уулын анхдагч хэмээдэг билээ.
Богд Очирваань хайрхан далайн түвшинээс дээш 4031 метр өндөрт орших бөгөөд түүнийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур цөөрөм бий. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөрт нь Бадархундага нуур, Мөнгөнт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэсгэлэнт сайхан тогтоц бүрдсэн газар. Зуны цагт 2000 метрээс доош бороо, түүнээс дээш цас ялгаран буудаг. Энэ ууланд мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамал бий.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлнээс гаралтай хэмээн эрдэмтэд үздэг. “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг аж. Отгонтэнгэр хайрхныг 1779 оноос эхлэн тахиж ирсэн байна. Ингээд ойр орчмоос эмийн ургамал түүх, мод бут огтлох, ан гөрөө хийхийг хориглож дархалжээ. Үүнээс гадна 1911 онд Монгол орон Манжийн ноёрхлоос ангижирсны дараа олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар жил бүр тахиж байхаар тогтсон байна. Гэвч энэ уламжлал Богд хаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-аад оноос бүрмөсөн зогсчээ. Тэгээд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж төрийн тахилгыг дөрвөн жил тутамд үйлдэж байхаар болжээ. Үүнээс хойш Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгыг таван удаа үйлдсэн. Ирэх онд төрийн тахилга болно. Ийнхүү Отгонтэнгэр хайрханы байгалийн үзэсгэлэнг биширсэнээр дэлхийд анх удаа зохиогдсон 9999 өсвөрийн шатарчидын тэмцээнийг сурвалжилсан сэтгүүлчдийн баг гэрийн зүг хүлгийн жолоо залсан билээ. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюминжиновын хэлснээр Монголоос дэлхийн шатрын аварга удахгүй төрөх болтугай.