Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэцийн өвчнийг эмнэлэгт эмчлэх нь хоцрогдоод байхад СЭМҮТ-д 20, 30 жил “амьдарсан” хүн ч бий

Шар хадны гэх тодотголоороо илүүтэй танил болсон СЭМҮТ цоо шинэ өнгө төрхтэй болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төв нь олон улсын жишгээр бол хамгийн тохилог орчин байх ёстой. Тиймээс манай улс олон улсын жишгийг дагаж, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 4,8 тэрбум төгрөгөөр шинэ, хоёр давхар эмнэлэгтэй боллоо. Тус эмнэлэг нь 200 орчим ортой, хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй олон улсын чанарын шаардлага стандартыг хангасан өөрсдийн “Brandbook”-тэй болсон анхны цогцолбор юм. СЭМҮТ нь бусад эмнэлэгийн адил ачаалалтай ажилладаг. Сэтгэцийн хурц эмгэгтэй зайлшгүй эмнэлгээр эмчлүүлэх өвчтөнүүдээс гадна энэ эмнэлэгт янз бүрийн дон туссан хүмүүс ханддаг. Мөн нөхөн сэргээх эмчилгээгээрээ ч алдартай билээ. Гэтэл эдгээр төрлийн эмчилгээг хуучин байрандаа үзүүлэх аргагүй болсон учраас 2011 онд шинэ байрны суурийг зайлшгүй тавих хэрэг гарчээ. Гэхдээ хамгийн чухал нь өмнө сэтгэцийн эмч нар нэг өрөөнд хоёроороо суудаг байснаас өвчтөн эмчтэйгээ чөлөөтэй ярилцах боломжгүй байсан бол одоо нэг өрөөнд нэг эмч суух болж. Мөн шинэ барилгад сэтгэцийн дон туссан иргэд болон нөхөн сэргээх эмчилгээ, түргэн тусламжийг шилжүүлснээр сэтгэцийн хурц хүндрэлтэй иргэд хуучин байрандаа чихэлдэхгүй эмчлүүлэх нь. Олон улсын жишгээр бол хурц сэтгэцийн өөрчлөлттэй хүнд 7.5 м.кв талбай ногдох ёстой гэнэ. Гэтэл манайд шинээр эмнэлгийн барилга барьсан ч энэ жишгийг хангаж чадахгүй гэдгийг эмнэлгийнхэн хэлж байлаа. Ингээд тус эмнэлгийн дэд захирал О.Баатаржавтай ярилцлаа.

-Эмнэлгийн барилга түрүү жил ашиглалтад орсон ч ашиглалгүй нэг жил алдсан гэсэн. Энэ хугацаанд урсгал зардал хэр гарсан бэ?
-Өнгөрсөн жил ашиглалтад орсон боловч хоосон барилга байсан. ЭМЯ-ны 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавилга хэрэгсэл, яаралтай тусламжийн төвийг тоног төхөөрөмж, физик эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээний багаж тоног төхөөрөмж орж ирсэн. Тэрийг оруулж ирэх тендерийн үйл ажиллагаанаас үүдэн нэг жилийн хугацаа алдсан. Манай эмнэлэг дэд бүтцэд холбогдоогүй. Өөрийн гэсэн уурын зуухаараа халаадаг. Энэ жил ЭМЯ-ны санхүүжилтээр 600 сая төгрөг төсөвлөж өгсний дагуу бохирын шугамаа шинэчлээд ирэх арваннэгдүгээр сард дуусна. Мөн гүний худагтай. Өнгөрсөн жил 200 сая төгрөг гаргаад засвар хийсэн. Дэд бүтцээ өөрсдөө шийддэг учраас энэ барилгын урсгал зардал гэж нэг их мөнгө төгрөг үрсэн зүйлгүй. Хэрэв төвийн шугамд холбогдсон бол зардал өндөр гарах байсан байх.
-Шинэ байранд ямар тасгууд нь байрласан бэ?
-Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст л шинээр тасаг нээж байгаа юм. Тухайлбал архинд донтох өвчин Монголд эрс ихэссэн. Тэдэнд зориулан хуучин 30 ортой байсан тасгийг 45 болгож өргөтгөсөн тасаг шинэ байрандаа нээсэн. Дээрээс нь хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа учраас 30 ортой тасаг нээсэн. Мөн сэтгэцийн тулгамдсан асуудалтай нойргүйдсэн, айдаст автсан хүмүүсийн тасгийг нээсэн. Сүүлийн үед архинд донтох өвчнөөс үүдсэн болон сэтгэцийн цочролоос үүдсэн амиа хорлох явдал нэмэгдсэн учраас яаралтай тусламжийн төвийнхөө хүчин чадлыг ч нэмэгдүүлсэн. Дээр нь поликлиник буюу эмнэлэгээс гадуурх үйлчилгээ үзүүлдэг амбулаторио нээсэн. Мөн манай эмнэлгийн нэг брэнд бол нөхөн сэргээх эмчилгээ. 60 гаруй төрлийн нөхөн сэргээх тоног төхөөрөмж ирснийг нь тасагтаа байрлуулсан. Мөн ажилчдын цайны газар байгууллаа. Ингээд шинэ барилгадаа эдгээр тасгаа нүүлгэчихээр хуучин байр зай талбай ихтэй болж байгаа юм. Ингэхээр сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн хэвтэх ёстой зай талбай нь нэмэгдэнэ.
-1.8 тэрбум төгрөгийн өртгөөр тоног төхөөрөмж авсан гэсэн. Тэр дунд одоо ямар тоног төхөөрөмж ирэв. Өмнө нь манайд байгаагүй зүйлүүд ч ирсэн гэсэн?
-Яаралтай тусламжийн бүх төрлийн тоног төхөөрөмж ирсэн. Манай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт өмнө нь 42 хувьтай байсан. Эдгээр тоног төхөөрөмж ирснээр одоо 85 хувь руу нэлээд дөхсөн гэж бодож байна. Аппаратур, тоног төхөөрөмж, 70 компьютер ирснээр манай эмнэлэг цахим эмнэлгийн системд шилжихээр болж байгаа юм. Дээрээс нь сүүлийн үеийн ажиллагаатай ор ирсэн. Сэтгэцийн эмгэгийг тодорхойлдог 11 төрлийн тест ирсэн. Сүүлийн үеийн бүх л тоног төхөөрөмж ирсэн.
-Сэтгэцийн эмгэгийг тодорхойлдог 11 тест нь ямар учиртай юм бэ?
-Өсвөр үеийн хүүхдүүд мэргэжлээ сонгоход бид тусалж болно. Та ийм мэргэжил сонговол зөв. Оюуны чадвар чинь хэр өндөр гэдгийг нь ч үзэж өгч болох юм. Тусгай программууд байдаг. Үзүүлэгчээс асуулгын аргаар судалгаа авдаг.
-Хурц сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд ногдох зай талбай нэмэгдэж байна. Тэгвэл тэднээс арай хөнгөн боловч эмнэлэг хавиар амьдардаг иргэдээ яах вэ?
-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нөхөн сэргээх төв гэж байгаа. Тэр төвийнхөө үйл ажиллагааг эрчимжүүлээд Германы төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хүлэмж барьсан. Тэндээ нарийн ногоо тарилаа. Мөн өвчтөнүүдийн хүчээр ажилладаг блокны үйлдвэр ашиглалтад оруулснаар гарааш, мооргийн барилга барьсан байгаа. Мөн мужааны цех, оёдлын цех нээсэн. Бас бие даан амьдрах “Гэр” төсөл гэж хэрэгждэг. Эмнэлэгийн хашаандаа 10 гэр бариад дөрөв, дөрвөөрөө 40 хүн амьдарч байгаа. Үнэхээр яалт ч үгүй асран халамжлагчгүй иргэдийг эндээ байлгахаас өөр аргагүй. Цаашид сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн асрамжийн газар байгуулагдана. Тэгэхээр тийш нь шилжүүлэх юм. Бас цаашид гэр бүлд нь суурилсан эмчилгээ явуулахыг эрмэлзэж байгаа. Дэлхий нийтэд ч тэр эмнэлэгт хэвтүүлж эмчлэх нь хоцрогдсон. Гэтэл манай эмнэлэгт 20, 30 жил амьдарсан хүмүүс бий.
-Ер нь, танай эмнэлгийн хяналтад хэр олон хүн байдаг юм бэ?
-6500 орчим хүн эмнэлгийн хяналтад байгаа. Тэрнээс 3000-ыг нь дүүрэг рүү нь шилжүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, оюуны хомсдолтой иргэдийг заавал гуравдугаар шатны эмнэлгээр эмчлэх шаардлагагүй гэсний дагуу ирэх сарын нэгнээс өмнө дүүргүүд рүү шилжүүлсэн.
-Саяхан нэг мэдээгээр гурван хүний нэг нь сэтгэцийн эмгэгтэй гээд байх юм. Энэ ямар судалгаагаар гаргасан тоо баримт вэ?
-Үүн дээр нэг буруу ойлголт яваад байна. Хүн амыг гурав ангилдаг. Эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж. Эмгэг бол дэлхий нийтийн түвшинтэй харьцуулахад манай оронд бага. Харин эдийн засгийн сөрөг байдлаас болоод стрессийн шатгаантай сэтгэцийн эмгэг, нойргүйдэл, архи, тамхинд донтох, зуршлын дон сүүлийн үед ихэсч байна. Сэтгэцийн эмгэг бол өөр асуудал.
-Архинд донтох эмгэг монголчуудын дунд гамшгийн хэмжээнд хүрэх нь гээд хэлбэл буруудахгүй болов уу. Гэтэл наркологийн эмчилгээг үр дүн муутай, хийлгэж байгаад дахиад архи уувал засардаггүй гэх юм. Одоо яг ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Архинд донтсон нэг хүний цаана асар олон хүн стрессдэж байдаг. Архины эмчилгээг төгс эмчлэхийн тулд эмийн эмчилгээнээс гадна сэтгэл санааны эмчилгээ хийлгэх ёстой. 1990-ээд оноос манайд нэвтэрсэн арга бол Миннесота маягийн эмчилгээ хийж эхэлсэн. Манайд хордлого, шарталтаа тайлуулсан иргэд цаашаа АА цуглаанаас ч юм уу дараагийн тусламжаа аваад явдаг.


Б.Цэдэвсүрэн

2 Сэтгэгдэл
Хэрхэн хэвтүүлэх вэ
Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Мэдлэг туршлагаараа ноль СЭМҮТ-ийн их эмч нараас болж бас хахууль авдаг СЭМҮТ ба халамжийн ажилтнуудаас болж хайран улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгөөд байх юм. Шизофрени өвчин бол хавдар шиг баян өвчлөгсдийн тоо нь ядуу өвчлөгсдийн тоотой адил байх ёстой өвчин юм. Тархины томограф эсвэл тархины дулааны бичлэг гэх мэт техникээр жинхэнэ өвчтөнүүдийг ялгаж болдог гэж дуулсан. Манай сэтгэцийн салбар Барууныхаас 100 жилээр хоцорч байна.
Хамгийн их уншсан