Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРӨХ ҮРС МИНЬ ТӨРИЙНХӨӨ “АЧААР” ЗҮДЭРЧ БАЙНА

Улаанбаатар Их дэлгүүрийн захиргаа хийгээд нийслэлийн Хүрээ төрөх эмнэлгийн удирдлага,  ажилчдын дунд өчиг­дөр багахан “мөргөл­дөөн” гарах дөхлөө. Өглөө бүр үүдээ дэлгээд үдэш бол­тол урин залдаг Их дэлгүүр хэмээх үйлчилгээний байгуул­лагынхан өчигдөр үүдэндээ харуул хамгаалалтын ажилт­нуудаа эрийтэл зогсоогоод хаалгаа барив. Гэтэл ингэхэд хүрсэн шалтгаан нь эмч нар байв. Харамсалтай нь, учир шалтгааныг сонсоод үзэх нь ээ аль алиных нь зөв гэж хэлмээр санагдах. Тэгвэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн бэ. Мэдээж хэтэрхий хүнд сурталтай бас шийдвэр гартлаа уддаг төрийн албаны хойрго ажлын балаг гэхээс өөр юу гэлтэй. Хоёрдугаар төрөхийн эмч нарын ярьж байгаагаар өнгөрсөн өвөл тус эмнэлгийнхэн тенн /халаагуур/ тавиад өвөлжсөн гэх.  Учир нь, замбараагүй хот төлөвлөлт, хаяанд нь тулгаад барьсан олон томоохон обьектын “ачаар” тус эмнэлэгт очих ёстой дулаан зохих хэмжээндээ хүрээгүй төдийгүй, “Даралт хүрэлцэхгүй байна, ямар ч аргагүй” гэдэг үг мэргэжлийнхнээс сонсчээ.
Мэдээж улсын онцгой обьектын нэг учраас есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл найман сарын турш тенн залгасаар нэг юм дулаантай золгосон гэнэ. Энэ хугацаанд нийслэлийн захиргаанд удаа дараа “захидал” илгээсэн нь тодорхой. Ашгүй Засаг даргын  захирамжаар дулааны шугам засварын ажил эхлэх зөвшөөрлийг долдугаар сард өгч, наймдугаар сард ажил эхлэх зөвшөөрөл олгож.
Ингэхдээ дулааны шугам сүлжээг өргөтгөхийн тулд хажууханд нь байрлах Улаанбаатар их дэлгүүрийн хувиараа тавьсан шугам сүлжээнээс салаалан татахаас өөр аргагүй гэж үзсэн байна. Харин Улаанбаатар Их дэлгүүрийн захиргаа, захирал Г.Сүхээ энэ асуудлыг хүлээж авахыг хүссэнгүй. Учир нь, хувийн шугамнаас нь татахаар мэдээж дэлгүүрийн дулаан доголдоно хэмээн хар ухаанаар хэний ч санаанд орох нь тодорхой. Ингээд наймдугаар сард эхлэх ёстой ажил хойшилсоор.  Г.Сүхээ захирал ч мэргэжлийн байгууллагаас нөлөөлөхгүй гэдэг дүгнэлтээ хийгээд ирнэ үү гэж гэдийсээр.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ талаар хариу ирэхийг хоёр тал аль аль нь хүлээсээр. Гэтэл энэ сарын 24 гэсэн огноотой Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн  асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гэсэн гарын үсэгтэй нэг ийм албан бичиг иржээ.
“Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дулааны шугамын засварын ажлыг хийхтэй холбогдуулан Орон сууц нийтийн аж ахуйн газраас гаргасан тооцоогоор танай эзэмшлийн Ф150 мм салаатай худгаас ф125 мм шугамаар огтолгоо авахад салаа шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцээтэй  гэж тооцсон байна. Иймд уг ажлыг хийх боломжийг бүрдүүлж хамтран ажиллана уу. Шаардлагатай ажлыг хийхэд саад учруулбал холбогдох хохирлын зардлыг танай байгууллага хариуцах болно гэдгийг мэдэгдэж  байна” гэжээ.
Хамгийн харамсалтай нь нөлөөлөхгүй гэдгийг мэргэжлийнхэн хэдий оройтсон ч баталгаажуулаад өгсөн байхад Улаанбаатар их дэлгүүрийн захирал Г.Сүхээ гуай “Одоо энэ асуудлыг хамтраад шийдье “ гэсэн үг амнаасаа унагахыг хүссэнгүй.  “Надад өнөөдөр л энэ бичиг ирж байгаа учраас судалж үзээд хянаж шалгаад дараа нь  хариултаа өгье.  Хувийн байгууллага өөрийнхөө хэрэгцээг төлөвлөн татсан шугамаас  ахиад шугам татахаар дулаанд нөлөөлөлгүй яадаг юм” хэмээн гөжсөөр хоцорлоо.
 Тэрээр олон ач зээгээ тойруулсан эмээ гэдэгт итгэж байна. Гэвч эхийн халуун хэвлийгээс дөнгөж хорвоод мэндэлж байгаа бяцхан үрсийн төлөө гэсэн бодлоос илүү миний юмнаас заавал авах гэлээ гэсэн харамын сэтгэл давамгайлж байгаа нь илт мэдрэгдэнэ.
Харин эмч нарын хувьд ажлын байрны тав тухаас илүүтэй, амаржсан эх, хорвоод мэндэлсэн хүүхдүүд нь эрүүл байгаасай гэсэн хүслээр бусдын төлөө ингэж хичээл зүтгэл гарган уриа лоозон бичиж, жагсч цугласныг нь сайшаамаар.
Гэхдээ л хувийн байгууллагад зохих бичиг баримтыг нь  бүрдүүлээд албан хүсэлтээ ном журмын дагуу тавьсан бол магадгүй энэ асуудал аль эрт шийдэгдэж болох ч байсан юм билүү. Хамгийн  гол нь хоёр талыг ийм байдалд хүргэсэн замбараагүй хот төлөвлөлт, хүссэн болгонд нь олгосон дулаан хангамж гээд өмнөх балгуудыг тарьсан, өнөөдөр ч асуудлыг хурдан шийдэж чадахгүй яст мэлхийн хурдаар мөлхөж байгаа төрийн байгууллагынхныг л буруутгах хэрэгтэй.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан