Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУТИС-ИЙН ХОЁРДУГААР БАЙРЫГ АШИГЛАХАА ЯАРАЛТАЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Монголчууд тэр дундаа нийслэл хотын иргэд аюул­тай орчинд амьдарч байгааг баталсан мэдээллийг Мэр­гэжлийн хяналтын бай­гууллагаас өглөө. Улаан­баатар хотод байгаа сур­гууль, цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээний барилгын олонхи нь нурж унах эрсдэлд орсон гэдгийг тэд шалгалтаар тогтоожээ. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 1342 барилга байгаагийн 656 нь сургуулийнх. Эдгээр сургуулийн барилгын 36,9 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт мэргэжлийнхэн хийгээд байна. Тухайлбал, Гадаад хэлний дээд сургууль, Боловсролын Их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн хоёрдугаар байрны ашиглалтыг яаралтай зогсоох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ. Мөн СУИС-ийн хичээлийн төв байрны үндсэн хийцийг сайжруулах, бэхэлгээ хүчитгэлийн арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатайг ч дурдсан юм.   
Төрийн өмчит 686 цэцэр­лэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 256 буюу 36.5 хувь нь “хүүхэд хүмүүжүүлэх ажлын байр хангалтгүй” гэсэн дүн авчээ. Өдөртөө хэдэн мянган багш оюутан, сурагч, нялх балчир үрс сурч хүмүүждэг орон байрны багагүй хувьд нь ийм дүгнэлт хийх болсон нь хэзээ ч юу ч тохиолдож мэднэ гэсэн эхний анхааруулга ч байж болох.  Харамсалтай нь “замын ноход хуцаж л байдаг” гэдэгчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлт, акт, албан бичгээр арга хэмжээ авдаг нь ховор.  Зөвхөн сургууль цэцэрлэг гэлтгүй  төрийн өмчит үйлчилгээний олон барилга шаардлага хангахгүй болсныг дуулгах нь зүй. Тухайлбал, Улсын хэмжээнд 502 эмнэлгийн барилга байдгаас 30 гаруй хувь буюу 161 нь эмнэлгийн барилга байгууламжийн шаардлага хангадаггүй аж. Төрийн өмчит эмнэлгүүдээс 37 нь зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Соёл урлагийн барилга 401 байгаагийн 194 нь мөн тааруу дүн авчээ. ДБЭТ 1950 онд, УДЭТ 1958 онд, Цэргийн дуу бүжгийн чуулга 1932 онд Байгалийн түүхийн музей 1956 онд, Спортын төв орон 1958 онд, Улаанбаатар хотын зорчигч үйлчилгээний төв буудал 1951 онд баригдсан гэхээр олонхи нь хүнээр бол эрүү өвдөг нь нийлж өвгөрчээ. Олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ явуулдаг байгууллагуудын барилга бай­гуу­ламж нэн түрүүнд тавиг­дах чухал асуудал болс­ныг тэд онцоллоо. Үүнээс гад­на худалдааны төвийн нэлээд хэдэн барилгын эвдрэл гэмтэл нь үндсэн хийцдээ нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд буй гэнэ.
Үүний дараа анхаарлын төвд байх ёстой гол зүйл нь орон сууцны барилга юм. Улаанбаатар хотод 110 мянга гаруй барилга байгууламж байгаагийн 3000 нь орон сууцных. Тэгвэл орон сууцны барилгын 10 хувь нь хэдийнэ ашиглалтын шаардлага хангахгүй болж, иргэд нь амь нас нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Шалгалтын явцад нэн даруй ашиглалтыг зогсоох шаадлагатай 150 барилгын жагсаалтыг гаргаад байгаа аж. Мөн 48 барилгад өнөө маргаашгүй нурж мэдэх нөхцөл үүсчээ.
150 барилгын жагсаалтад Төмөр замын ажилчдын сууц, Ханын материал комбинатын орон сууц, Нэхмэлийн шарууд, Сүүний үйлдвэрийн ажилчдын буюу авто баазын барилгууд гэхчлэн багтаж байгаа аж. Жагсаалтад багтсан барилгуудын тухайд дахин төлөвлөх, засварлах ажлыг яаралтай авах хэрэгтэй гэсэн дүгнэлт холбогдох яам­дад хүргүүлжээ. Одоогоор мэр­­гэжлийн хяналтын бай­гуул­ла­гаас гаргасан дүг­нэл­тийн дагуу 22 орон сууц­ны барилгыг дахин тө­лөв­лөлтөд хамруулахаар болж, 15 сургууль, 14 эм­нэлэг шинээр барихаар болс­ны дөрөв нь баригдаад бай­гаа гэнэ. Ашиглалтыг зог­соох шаардлагатай гэсэн жагсаалтад багтсан барилга бай­гууламжийг хариуцсан эзэд­тэй нь хамтарч зогсоох, хаах арга хэмжээг авч эхэлсэн аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлт, шийдвэрийн дагуу яам, агентлагууд арга хэмжээ авч байгаа ч маш удаашралтай байна. Хуучирч муудсан, ашиглалтын шаардлага хангахгүй барилга олон ч засварын ажилтай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Нийт шалгалтад хамрагдсан сургуулийн 60, эмнэлгийн 40, үзвэр үйлчилгээний газрын 25, орон сууцны 15 хувьд нь л засвар хийгддэг байна. Ингэхдээ дээврийн, шугам сүлжээ зэргийг засахаас бус үндсэн хийцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн засвар огт хийдэггүйтэй адил гэнэ.

Г.Болортунгалаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан