
Уг хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн төлөөллүүд нийт оюутнуудын дунд тулгамдаж буй асуудлуудыг чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцов. Тухайлбал, их дээд сургуулиудын сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч сургуульд зарцуулагддагүй, багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, сургалтын чанар сайжирч тэдний төлсөн төлбөр хэрхэн зарцуулагдаж байгааг өөрсдөө мэддэг болчихвол өндөр сургалтын төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Мөн зарим сургуулиудад курс ахих тусам смарт картын хүрэлцээ муу болдог бөгөөд үүнээс болоод цөөхөн смарт картаа хэн нь авах вэ гэхээс авахуулаад асуудал чирэгдэл дагуулдаг байна. Мөн смарт карт 21 цагаас хойш нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй байгаа нь учир дутагдалтай байгаа аж.Түүнчлэн, оюутны дотуур байрны хүрэлцээ муу, дотуур байрнууд амьдрах орчин муу, орон нутгийн оюутнуудын эрүүл мэндийн асуудалд төр засгаас чиглэсэн ямар нэг хөтөлбөр дутагдаж байгааг тэд онцоллоо. Орон нутгийн оюутнууд хотын харъяалал байдаггүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгал төлдөг ч түүнийгээ хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл хомс байгаа гэлээ.
Оюутнуудын дээрх асуудлуудыг НАМОХ-ны зүгээс тусган авч амьдрал дээр шийдвэрлэх талаар арга хэмжээг намын бүлэгтээ мэдэгдэнэ гэдгээ хэлэв.
Хэлэлцүүлэгт МАН-ын НХБГ-ын дарга С.Чинзориг, НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар оролцлоо.