Дээрх асуудлын хүрээнд “Од групп” компанийн Ерөнхий захирал Ц.Отгонбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.
-“Од групп” компани нь ямар гурил үйлдвэрлэж, түүгээрээ дотоодын гурилын зах, зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?
-“Ургац” гурил үйлдвэрлэдэг. Монголын зах зээлийн 10 гаруй хувийг хангадаг.
-Энэ жил тариаланчид хямд үнээр буудай нийлүүлэх боломжгүй гэж байна. Танай үйлдвэр ямар байр, суурьтай байна?
-Жилийн жилд л тариаланчид буудайн үнийг өндөр байлгана гэж ярьдаг. Ийм тохиолдолд гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгодог мөнгийг жаахан нэмэгдүүлье л гэсэн байр суурьтай хандана. Энэ удаагийн уулзалт энэ хүрээнд л болж байгаа гэж ойлгоод байна. Тариаланчид доод тал нь 560 мянган төгрөгөөр тонн буудай нийлүүлэх сонирхолтой байгаа бол бид 500 мянгаас дээш үнээр авах сонирхолгүй байна. Энэ нь худалдан авах боломжгүй гэхээс илүүтэй гурилын үнийг 760 мянган төгрөгт хүргэхгүй л гэсэн санаа шүү дээ.
-Энэ удаагийн уулзалтаас ямар тохиролцоонд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Буудайг хэдээр авахаар тохирно, тэр үнээр л бид гурилаа зарна гэж бодож байна. Ер нь нэг тонн буудайг 560 мянгаас дээш гаргаж авбал, гурилын үнэ одоо байгаагаас өсөхөөс өөр гарцгүй.
-ОХУ-аас буудай авах сонирхол байна уу?
-Хойд хөршөөс буудай авах бүрэн боломжтой. Арай хямд байгаа. Гэхдээ эрсдэлээ бодолцох ёстой л доо. Жишээ нь, худалдан авалт хийхэд монголд байгаа шиг нүүр, нүүрээ хараад худалдаа хийхгүй шүү дээ. Ачаад л хүрээд ирсэн буудайны чанарын асуудал гээд наад захын зүйлс сөхөгдөнө.