Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэнгэрийн нулимс



Домогт дуучин Эрик Клэптоны уран бүтээлээс хамгийн өндөр амжилтад хүрсэн,  ас хамгийн олон хүний сэтгэл зүрхэнд хүрсэн дуу бол яах аргагүй “Tears in Heaven” билээ. Энэ гайхамшигт дуу төрсөн түүхийг сонссон хэний ч сэтгэл зүрх шимшрэм гунигтай. Эрик Клэптон энэ дуугаа цорын ганц хүү Конорынхоо дурсгалд зориулан бүтээсэн юм. Уг нь түүнд тохиолдлын учралаас олдсон өөр нэг хүү байдаг ч Эрик Клэптон тэртээ 17 жилийн өмнө бурхны оронд одсон Конор хүүгээ өөрийн цорын ганц үр хүүхэд хэмээн бодож явдаг юм.
Конорын ээж нь Италийн нэртэй модель, телевизийн хөтлөгч Лори Дел Санто юм.  Э.Клэптон Италид аялж явахдаа Лоритой танилцаж, богинохон хугацаанд дотносон, тэр ч  бүү хэл түүнээс болж эхнэрээсээ салсан хэдий ч шинэ дурлал нь төд удалгүй хуучирч Лори Клэптон хоёр биенээсээ хөндийрчээ.  Тэд бие биедээ тохирох хүн биш гэдгийг ойлгох тэр үед Лоригийн биед нэгэн бяцхан хүн бий болсон байсан нь Конор байв.  Конор хүү 1888 онд төрсөн юм. Эцэг эх нь албан ёсоор гэр бүл болоогүй учир хүү ээж дээрээ өсчээ. Э.Клэптон архинд орж, уран бүтээлээ бараг орхих шахам дэгэн догонтой амьдрах үе байсан ч түүнийг сэхээрэхийг сануулдаг ганцхан хүн нь Конор байв. Тэрээр хүүгийнхээ төлөө архинаас гарах гэж эмчилгээнд хүртэл явж байсан юм. Гэвч амьдралынх нь баяр баясгалан болсон хүү нь ердөө дөрөвхөн насандаа хорвоог орхих эмгэнэлтэй хувь тавилантай байжээ.  
Эрик Клэптоны хүү Конор 1991 оны гуравдугаар сарын 20 ны өглөө гэртээ тоглож байгаад 53 давхрын цонхноос унаж, харамсалтайгаар амиа алдсан юм. 53 давхраас дөрвөн давхрын дэлгүүрийн дээвэр дээр унасан бяцхан хүү газар дээрээ нас барсан бөгөөд Эрик Клэптон золгүй явдлын тухай дуулаад ирэхэд хүү нь аль хэдийнэ амьсгал хураасан байлаа. Хүүг нас барах үед ээж, асрагч хоёр нь хоёулаа гэрт байсан боловч  дөнгөж цэвэрлээд онгорхой орхисон цонх руу гүйж гарсан хүүг аварч чадаагүй ажээ.
Эрик Клэптон хүүгийнхээ ээжтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байсан ч Конорыг бараг эхийнхээ хэвлийд бий болсноос хэдхэн сарын дараа салж, тусдаа амьдрах болсон учраас аав хүү хоёр хэзээ ч хамт амьдарч үзээгүй юм. Үргэлж хамт байж чаддаггүй аав хүү хоёр хааяа нэг хамт байх цаг хугацаагаа хамгийн аз жаргалтайгаар өнгөрүүлдэг байснаа Эрик Клэптон дурсан ярих дуртай. Хэдийгээр Клэптон Лори хоёрын хамтын амьдрал бүтэлгүйтсэн ч тэрээр хүүтэйгээ уулзахаар Итали руу байнга явдаг байсан бөгөөд тэр золгүй явдал болох үеэр Конор ээжтэйгээ Нью Йоркт түр ирээд байжээ. Америкт ирсэн хүүтэйгээ ойр байх гэж Э.Клэптон хажууханд нь зочид буудалд байрласан байв. Бяцхан хүү өглөө бүр аавыгаа  байшингийнх нь гадаа ирэхэд баярлан цонх руугаа гүйж хардаг зуршилтай байж. Золгүй явдал болоход ч тэр л зангаараа цонх руу гүйн очжээ. Хүүг нас барахын өмнөх өдөр нь Клэптон хүүтэйгээ хамт бүхэл өдөржин гадуур зугаалж жаргалтай нэг өдрийг өнгөрүүлжээ. Ингээд маргааш өглөө нь дахиж уулзаад хамтдаа парк орохоор тохирч. Гэвч маргааш өглөө нь Клэптон хүүтэйгээ уулзах гээд хувцаслаж байх үед Лори утасдаж хүү нь сая дөнгөж нас барчихлаа гэж хэлжээ.  Энэ аймшигт мэдээнд итгэж ядан хүүгийнхээ байсан байр руу ирэхэд тэр хавьд олон хүн шавчихсан,  цагдаа нар үзлэг хийж байв. Ингээд л Клэптоны амь шигээ хайрладаг ганц хүү нь бурхны оронд оджээ.  Энэ явдлын дараа Нью-Йоркийн орон сууцны барилгуудын цонхонд заавал хамгаалалт хийх дүрэм журам гарч, олон хүүхдэд учирч болох байсан аюулаас сэргийлдэг болсон юм.

Tears in Heaven бол энэ харамсалтай явдлаас хоёр жилийн дараа төрсөн дуу. Эрик Клэптон “Rush” киноны дуун дээр ажиллаж байхдаа хүүгийнхээ тухай дуу зохиомоор байна, үгийг нь бичилцэж өгөөч гэж хамтран ажиллаж байсан Уйл Женнинст хэлжээ. Гэвч энэ дуу хэтэрхий хувийн сэдэвтэй, бас хүн бүрт тохиолдоод байдаггүй эмгэнэлтэй явдлын тухай учраас Уйл Женнинс түүнд туслаж чадахгүйгээ хэлсэн учир Эрик Клэптон дууны үг аяыг өөрөө зохиожээ.   
Хүүгээ алдсан эцэг хүний зүрх сэтгэлээс төрөн гарсан энэ дуу гармагцаа л олны таашаал хүртэж Биллбордын жагсаалтын хоёрт бичигдэж, улмаар тухайн жилийнхээ Грэмми Авардсын оны шилдэг дуу, оны шилдэг бичлэг, шилдэг эрэгтэй дуучин гэсэн гурван номинацад ялсан юм.
Хэдийгээр энэ дуу Клэптонд асар том амжилт, нэр хүнд авчирсан ч тэрээр 2004 оноос хойш дуулахаа больсон юм. Үүнийгээ тэрээр “Одоо дахиж гашуудал зовлонг мэдэрмээргүй байна. Энэ дууг дуулахаар сэтгэл минь өвдөж, шаналдаг. Тэгээд ч одоо хүүгийнхээ сүнсийг амирлуулах цаг нь болсон” гэж тайлбарлажээ.


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
shan medeelel oruulsand bayarlalaa
Хамгийн их уншсан