Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Суурь аж үйлдвэрийн салбар ямар түвшинд яваа гэж харж байна вэ?
-Аливаа улс үндэстний тусгаар тогтнол төр, эдийн засаг, оюун санаа гэсэн тулгын гурван чулуун дээр оршдог. Бид тусгаар тогтнолоо бөхлөх аж үйлдвэржих хувьсгалыг сонгодог утгаар нь хийх цаг нэгэнт болсон. Манай улсад хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлийн олон хууль, тогтоомж, төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч арга замыг нь яг оновчтой тодорхойлж, зохион байгуулж чадахгүй байна.
-Шүүмжлэх хамгийн амархан. Таны бодлоор тэр хувьсгалыг яаж эхлүүлэх хэрэгтэй вэ?
-Хөрөнгө оруулалт, технологийн өндөр шалгууртай стратегийн суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь монголчуудын язгуур эрх ашиг. Тэгэхээр баялаг бүтээх, үндэсний хэмжээний кампант ажил өрнүүлэхэд монголчууд хөрөнгө мөнгө, оюуны хүч чадлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Монгол Улс түүхийн эгзэгтэй, хариуцлагатай энэ цаг үед хөгжлийн шинэ зам, гарцыг тодорхойлон удирдан зохион байгуулах Аж үйлдвэржилтийн яам байгуулж шилдэг, оюунлаг, бүтээлч инженерүүдийн хүчийг нэгтгэх хэрэгтэй гэж бодож байна.
-Монгол Улсад өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх эдийн засгийн утга нь бий юу?
-Бид олон зуун жил бусдын эдийн засаг, оюун санааны дарлал доор байсан учраас өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаж, бусдыг дууриан баясах, шүтэн бишрэх, бэлэнчлэх өвчинд автсан гэхэд буруудахгүй. Нөгөөтэйгүүр 1990 оны үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөгөө олж, бүтээлч чанараа нээж чадсан монголчууд улс орныхоо эдийн засгийг 20 дахин томруулж чадсан гэдгээрээ бусад үндэстний атаархлыг төрүүлээд байна шүү дээ. Одоо худалдаа арилжаа, уул уурхай дээр суурилсан эдийн засгийн бүтцээ өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбараар төрөлжүүлэх түүхэн боломж гарч ирээд байна. Зөвхөн автомашинаар жишээ авахад социализмын үед монголчууд 30 мянган машинтай байсан бол одоо 630,000 машинтай болсон. 15,0 тэрбум ам.долларын зах зээлтэй болсон нь Монгол Улсад өндөр технологийн хөрвөх чадвартай машин үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох эдийн засгийн боломж гэж харагдаад байгаа юм.
-Монгол Улсад үйлдвэрлэл явуулахаар бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр гараад, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж ярилцах юм?
-Бид тусгаар улс мөн л юм бол эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах замд таарах хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой. Харин бэлэнчлэх сэтгэлгээндээ автаад гаднаас бэлэн бүтээгдэхүүн аваад олж байгаа цөөхөн ам.доллараа гадагш алдаад байвал бидний болоод бидний үр хүүхдийн хувь тавилан технологийн боолчлолд орох болно.
Бэлэн бүтээгдэхүүн авч ирээд хэдэн төгрөг нэмээд зарахад зардал мэдээж бага гарна. Ашиг нь ганц нэг хүнд л унах байх. Харин тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиг нь татвар хэлбэрээр улсад төвлөрч, олон хүнийг ажлын байраар хангана. Нийгмийн баялаг, ашгийн хуваарилалт шударгаар хийгдэх боломж бүрдэнэ. Суурь аж үйлдвэр хөгжиж чадаагүйн улмаас ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс эхлээд, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм худалдан авахад гадаад валютаа зарцуулж байна. Энэ харамсалтай дүр зургийг өөрчлөх ганц гарц нь монголчуудын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл юм. Ер нь тэгээд өндөр өртөгтэй эдийн засгийн бүтэцтэй байх замаар тусгаар тогтнолоо хамгаалдаг хөгжингүй орнуудын туршлага ч байна шүү дээ. Улс үндэстний хэрэгцээ, эрэлт дээр түшиглэсэн өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарыг өсгөн бойжуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар бүс нутгийн болон дэлхийн аж үйлдвэржилтийн интеграци руу үйлдвэрлэл, технологиороо нэгдэж чадсан тэр үед монголчууд жинхэнэ утгаараа тэнгэртээ тэтгэгдэх болно доо. Ажилтай орлоготой Монгол хүн уриаг дэвшүүлсэн Ардчилсан нам аж үйлдвэржих хувьсгалыг өрнүүлж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулж чадна гэдэгт итгэлтэй байгаа.