Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цэрэнноров: Монголчууд энэ жил 52-53 мянган тонн хийн түлш хэрэглэнэ


Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэнноровтой нүүрсний давхаргын метан хий болон уламжлалт бус газрын тосны талаар тодруулах гэж ярилцлаа.

-Сүүлийн үед метан хий хайх, олборлох тухай  ярих боллоо. Ер нь шатдаг хийн судалгаа манайхан хэр хийж ирсэн юм бэ?
-Нүүрс бий болох явцад метан хий хамт үүсдэг. Энэ нь нүүрс устөрөгчийн хий. Манайхан үүнийг байгалийн хий гэж ярьдаг. Манай эрдэмтэд нүүрсний давхаргын метан хийн судалгааг нэлээд хийж ирсэн.  Анх Налайхын уурхайг судалж эхэлсэн юм. Энэ уурхайд 1990 онд метан хий дэлбэрсэн. Ингээд нүүрсний давхаргын метан хийн хор хөнөөлийн талаар, ашиглаж болох эсэхийг  манай эрдэмтэд судалж ирлээ. Мөн нүүрс устөрөгчийн энэ хий агаарт цацагдахад озоны давхаргыг гэмтээх нэг хүчин зүйл болдог. Манай улсын Шинжлэх ухаан технологийн сангаас Онгийн гол, Хархираагийн  нүүрсний сав газарт метан хийн судалгаа хийсэн. Тэгээд Онгийн голын нүүрсний сав газарт 40-60 тэрбум шоо метр метан хийн нөөцтэйг тогтоосон байдаг. Мөн Хархираагийн нүүрсний сав газарт 60-90 тэрбум шоо метр нөөц бий.  Үүнээс хойш 2004, 2005 онд  Канадын “Шторм Кат Энержи” компани Нарийн сухайтын нүүрсний ордод метан хийн судалгаа хийж 34 тэрбум шоо метр нөөц илрүүлсэн юм. Мөн “Норд вест сервис” компани Таван толгойн нүүрсний ордод метан хийн 20-30 тэрбум шоо метр нөөц бий гэсэн тойм судалгаа гаргасан. Эдгээрээс гадна 2012-2013 онд АНУ-ын Байгаль орчны хүрээлэнгийн санхүүжилтээр тус улсын “Рэйвн риж ресурсес” компани Багануур, Нарийн сухайтын ордод нүүрсний давхаргын метан хийн судалгаа хийгээд байгаа. Уг судалгаагаар Нарийн сухайтын ордын нүүрсний давхаргын олборлох боломжит нөөцийг 730 тэрбум шоо метр гэж тогтоолоо. Тэгээд нэг тонн нүүрсэнд 3.9 шоо метр хийн агууламжтай гэсэн тооцоо хийсэн. Багануурын нүүрсний ордод 250 сая шоо метр метан хийн нөөц илрүүлээд байна. Энэ ордын нэг тонн нүүрсэнд 1.8 шоо метр метан хий байгаа тооцоо гаргалаа.

-Тэгэхээр нүүрстэй л бол  метан хийн хуримтлал байна гэсэн үг үү?
-Монгол Улс 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Үүний 26.7 тонныг нь баталгаатай тогтоож ашиглаж эхлээд байгаа. Энэ нүүрсний нөөцийн 40 хувьд нь метан хий бий гэсэн судалгаа хийгээд байна. Ингээд манай улсын нүүрсний метан хийн тойм нөөц 3.2 их наяд шоо метр юм. Тэгэхээр бид энэ баялгаа ашиглах ёстой. Цаашид хийн шугам хоолойгоор томоохон хотуудаа холбож агаарын бохирдолоо бууруулах боломж бий. Үүний тулд дэд бүтцээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Тийм ийм нөөц бий гэдэг. Шатдаг хийн нөөц байгааг яаж тогтоосон юм бэ?
-Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоохдоо өмнө нь хийсэн ерөнхий судалгаа, тухайн талбайгаас авсан дээж, нүүрсний физик химийн шинж зэргийг харгалзан үздэг. Ингээд уг ордын нүүрсний нийт нөөцийг хийн агууламжид үржүүлж хэдий хэмжээний метан хий байгааг тооцсон. Тэгээд Монгол Улс 2008 онд НҮБ-ын дэргэдэх Дэлхийн метан хийн санаачлага олон улсын байгууллагын гишүүн боллоо. Мөн гурван жилийн өмнө Олон улсын хийн холбоонд гишүүнээр элссэн.   Бас АНУ-ын Байгаль орчин хамгаалах агентлагийн нүүрсний давхаргын метан хий хөгжүүлэх хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн банкнаас  уламжлалт бус газрын тосны нөөц, хууль журмыг боловсронгуй болгоход эрх зүйн дэмжлэг авч ажиллаж байгаа.

-Метан хийн чанар нүүрс­ний ордоосоо шалт­гаалж янз бүр байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Тухайлбал, хүрэн болон чулуун нүүрс, антарцид гээд  ордоосоо шалтгаалж  янз бүр. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрсэнд агуулагдах хийн хэмжээ хамгийн гол зүйл нь. Жишээ нь, Таван толгой, Нарийн сухайтын ордын нүүрсэнд агуулах хийн хэмжээ асар өндөр байгаа. Нарийн сухайтын ордын нэг тонн нүүрсэнд агуулагдах метан хий нь 3.9 шоо метр гэж дээр хэлсэн. Гэтэл түүнд ашиглах ёстой метан хий  хэдэн  хувийг нь эзэлж байна вэ гэдэг нь чухал. Ингээд үзэхээр бидний яриад байгаа метан хий 95-98 хувийг эзэлж байгаа. Энэ нь хийн агууламж өндөр цэврээрээ гарч ирж байна гэсэн үг юм. Тэгэхээр манайд өндөр чанартай цэвэр метан хий байгаа нь илэрхий. Шинжилгээгээр ч батлаад байна.

-Хэдхэн хоногийн өмнө газрын тосны салбарт хө­рөнгө оруулагчдын чуулга уул­залт Улаанбаатарт боллоо. Метан хийг хэзээ­нээс эхэлж олборлож ашиг­лах талаар ярьсан байх?
-Тийм энэ хурлын үеэр “Эрдэнэс Таван толгой”, “МАК” компанитай метан хийн эрлийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө эдгээр компани багагүй ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, судалгаа хийж урьдчилсан байдлаар нөөц тогтоосон юм. Ийм учраас одоо ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа. “Эрдэнэс Таван тол­гой” компанийн хувьд Солон­госын “Корей газ” компанитай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Тэгээд судал­гааны ажил эхлээд байна.  Таван толгой орд олборлосон метан хийгээ баллонд савлаад хэрэглэгчид түгээх зорилогтой. Харин “МАК” компанийн Нарийн сухайтын ордын судалгааг АНУ-ын компаниуд хийж өглөө. Ингээд “МАК” компани Нарийн сухайтын ордын метан хийг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.
Одоо метан хийн нөөцөө түшиглэж найман МВт хүчин чадалтай хийгээр ажиллах цахилгаан станц барих төлөвлөгөө бий. Үүний дагуу Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, БОНХЯ, Газрын тосны газар, Ашигт малтмалын газар, төрийн бус байгууллагуудаас ажлын хэсэг  байгуулагдаад байна. Энэ цахилгаан станц уурхайгаагаас гадна орон нутаг, хилийн боомтыг эрчим хүчээр хангах юм. Манай уурхайнууд Хятадаас нэг киловатт цаг эрчим хүчийг 250 төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл өөрсдөө ийм бага оворын  цахилгаан станцтай  болвол нэг киловатт цаг эрчим хүч 50-60 төгрөгт багтах тооцоо байдаг.

-Манай улсад хийн түлшний хэрэглээ ямар байна вэ?
-Бид хийн түлшийг 1996 оноос ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш 2000 оны эхээр  жилд 150-200 тонн хийн түлш хэрэглэж байлаа. Өнгөрсөн онд  гэхэд 40 мянган тонныг хэрэглэсэн тооцоо бий. Энэ жил одоогийн байдлаар 48 мянган тонн хийн түлш хэрэглээд байгаа юм. Тэгэхээр оны эцэст 52-53 мянган тонныг хэрэглэх төлөв байна. Анх ахуйн хэрэглээнд хийн түлш ашиглаж байлаа. Иймд жил бүр бидний хийн түлшний хэрэглээ нэмэгдэнэ. Үүнийгээ гаднаас авах бус өөрсдөө хангах нь чухал биз дээ.

-Нүүрс шингэрүүлэх, хий гарган авах төслүүд хэрэгжиж буй гэдэг. Ажил нь ямар шатандаа явна вэ?
-Нүүрс шингэрүүлэх төслийн ажлын явц эрчимтэй байна. Энэ чиглэлээр дөрвөн компани төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэднээс “MCS энержи”, “МАК” компани нүүрс шингэрүүлэх тусгай зөвшөөрөл авсан. “MCS энержи” компани Багануурын нүүрсний уурхайг түшиглэж жилд 450 мянган тонн дизель түлш, 50-60 мянган тонн шатдаг хий үйлдвэрлэх юм. Одоо ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан. “МАК” комани Адуунчулууны уурхайд түшиглэж жилд 400 мянган тонн бензин, 90 мянган тонн шатдаг хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр компанийн үйлдвэр 2017-2018 онд ашиглалтад орох төлөвлөгөө бий. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч татах асуудал байгаа.  Үүнээс гадна “Цэцэн майнс”, “Гермон газ” компани төсөл хэрэгжүүлж ТЭЗҮ-ээ боловсруулж байгаа юм. Энэ үйлдвэрүүд зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн гар­гахгүй. Дагалдах олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэнэ. Тухайлбал, мазут, битум, бордоо, давирхай гээд химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гарах юм. 

-Тослог элс ашиглана гэж байгаа. Манай оронд нөөц тогтоосон, судалгаа хийсэн  үү?
-Шатдаг занарын судалгаатай хамт тослог элсний эрэл хайгуул хийсэн. Тослог элсний илэрц хамгийн их байдаг газар бол Дорноговь аймгийн Зүүнбаян.  Мөн Сүхбаатар аймгийн өмнөд хэсгийн нутаг юм. Тослог элсийг зам, барилгын ажилд ашигладаг. Одоогоор зөвхөн хаагуур байна вэ гэдгийг нь илрүүлж тойм нөөцийн судалгаа хийгээд байгаа.

-Занар олборлоно гэдэг. Нөөц тогтоох судалгаа хэр­хэн хийсэн байдаг юм бол?
-Манай улсад гурван сав газарт 400 гаруй илрэл бий. Одоогоор 788 тэрбум тонн занарын нөөц бий гэсэн тооцоо хийсэн.   Энэ нь манай судлагдсан газрын дөнгөж 19 хувьд нь тогтоогдсон нөөц. Цаашид эрэл хайгуул судалгаа хийвэл нөөц нэмэгдэх нь тодорхой. 

-Занар олборлоход газрын хөрсийг өндөр  хэмд халаадаг. Энэ нь байгаль орчин сүйтгэнэ, гүний ус ширгээнэ гэсэн эсэргүүцэл гарч байгаа. Олборлох технологийн талаар тодруулж өгнө үү?
-Хоёр янзаар олборлох арга бий. Нэг нь шатдаг занараа олборлоод зууханд халааж шингэрүүлдэг. Нөгөөх нь газрын гүнд халааж шингэрүүлээд соруулж авна. Энэ арга нь шинээр нэвтэрч АНУ, Канадад ашиглаж байгаа. Манай шатдаг занарын нөөц 100-200 метр гүнд байрладаг. Урьд нь газрын гүнд өндөр хэмээр халааж олборлоход агаар, хөрсний бохирдол үүсч байсан. Одоо үүнээс хамгаалах арга нь гараад ирсэн. Өөрөөр хэлбэл, мөсөн хана үүсгэж хөрс, гүний усыг бохирдуулахгүй хамгаалж занараа шингэрүүлж олборлох технологи нэвтрээд байгаа. Үүнийг бид судалж байна. Манай занарын тосны агууламж их өндөр. Одоо үйлдвэрлэл явуулах боломжит нөөц тогтоох судалгаа хийж байгаа. Төлөвлөгөөгөөр 2016 он гэхэд үйлдвэрлэл явуулах нөөц, газраа тогтооно. 

-Тэгэхээр бидний яриад байгаа уламжлалт бус газрын тосыг хөрөнгө оруулагчид хэр сонирхож байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж байгаа бол?
-Уламжлалт бус газрын тосны судалгааг ихэвчлэн гадаадын компаниуд хийж байна. Одоогоор 17 компани нүүрсний давхаргын метан хий, шатдаг занарын хайгуул хийх хүсэлт гаргаад байгаа. Энэ нь газрын тосны салбарт ажиллах хүсэлтэй компаниудын 80 хувь нь гэсэн үг. Одоогоор нүүрс шингэрүүлэх төсөлд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр яригдаж байна. Нүүрс хийжүүлэхэд 30 тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой.  Метан хий, шатдаг занарт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалттай  төслүүд бий.  Үүнээс гадна газрын тос боловсруулах чиглэлээр 10-аад компани тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Одоогоор ус, байршлын судалгаа, зу­раг төслөө гаргаж буй юм. Хэрэглэгчдээ ойр байх, дэд бүтэцээс шалтгаалж газрын тос боловсруулах үйлдвэрүүд төв болон зүүн бүс, Дорноговь, Чойрт төвлөрөх төлөв бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан