Үр тарианы урьдчилсан дүнг тайлагнаж, ургац арвин байсан талаар сайхан мэдээ гарсны дараахан, гурилын үнэ өсөх талаар яригдаж, олны сэтгэлийг гонсойлгов. Тариалах гэхээс илүүтэй, борлуулах асуудал тулгамдаж байгаа дээрх байдлаас үүдэн энэ өвөл нэг кг нэгдүгээр гурилын үнэ 1000 төгрөгт хүрэх болов уу гэдгийг “Улаанбаатар гурил” компанийн захирал н.Алтанхуяг хэлж байна. ОХУ-аас импортын гурил, буудай авдаг байснаа бодвол хөрөнгө мөнгө зарсны хүчинд газар тариалангийн салбараа босгож чадсан ч ургац хураалтын дараах гурилын үнийн хэлбэлзэл хэвээр байгаа нь ард иргэдийн хувьд таагүй зүйл боллоо.
Ургац хэвийн байгаа ч
Ургацын төв штаб “Энэ жил 439.8 мянган тонн буудай хураан авна” гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна. Үүнээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан 146 мянган тонн буудайг хүлээн авах боломжтой. Ингэхдээ, худалдан авах буудайн үнийг нэг тонныг нь 460 мянган төгрөгөөр тогтсон. Харин урамшууллын хувьд тонн тутамд 100 мянган төгрөг олгоно. Дээрх үнийг тогтоохын тулд Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яам газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай тохиролцсон. Гэхдээ улсын нөөц бүрдүүлж байгаа учраас дээрх үнэ нь зах зээлийн бодит үнээс дээгүүр тогтоогдсон гэдгийг хэлэх нь зөв.
Ингээд урамшууллыг олгож, улс нөөцөө бүрдүүлж байна. Гэтэл нөөцийн бүрдүүлэлтэд орсон, ороогүй бүх л аж, ахуйн нэгж багадаа л 560 мянган төгрөгөөр гурилын үйлдвэрт буудай нийлүүлнэ гэдгээ мэдэгдэж эхэллээ. Гэтэл гурилын үйлдвэрүүд нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр аваад ч ашигтай ажиллаж чадахгүй хэмээн хариу барив.
Оросын зах зээл нээлттэй байхад…
Улс нэг тонн улаан буудайг 560 мянган төгрөгөөр авч байгаа нь нөөц бүрдүүлэхэд л зориулсан ханш. Стратегийн чухал салбар учраас ургац бага гарсан зэрэг асуудлаас үүдэн нөөцийн улаан буудайгаа зах зээлд нийлүүлдэг. Тэгэхээр улс нөөцөө л бүрдүүлсэн бол зах зээлийн горимыг эвдэж “Чи буудайгаа түүнд тийм үнээр зар” гэх боломжгүй. Гурилын болоод улаан буудайн нийлүүлэгчид хувийн салбарынх учраас үүрэгдэх боломжийг ч олгохгүй. Гэвч нэг нь улаан буудай үнэгүйдсэн, нөгөөх нь өндөр үнэтэй байна гэдэг шалтгаанаар ҮХААЯ-ыг шахаанд оруулж эхлэв.
Харин яам урамшуулал олгосон, шатахууны үнэ өсөөгүй, өөрөөр үнэд нөлөөлөх хүчин зүйл ч болоогүй учраас буудайн үнэ өсгөх тал дээр хатуу байр суурьтай байгаа гэдгээ албан ёсоор хэллээ. Тиймээс гурилын үйлдвэрүүд тариаланч аж, ахуй нэгжүүдийг үнээ өсгөхгүй гэдэгт найдаж байна. Харин үгүй гэвэл гурилын үнэ өсөх үү, эсвэл дотоодын зах зээлээ алдаж, ОХУ-аас хямд үнэтэй улаан буудай импортоор авах уу гэх асуудал бидний өмнө тулгарна.
ОХУ-д энэ жил үр тарианы хураалт хэвийн байсан аж. Нэг тонн улаан буудайг 7200 рублиэр нийлүүлэх боломжтой байна. Гаалийн татвар, нэмүү өртөг шингээвэл дээд ханш нь нэг тонн буудай 510 мянган төгрөг болж байгаа юм. Энэ нь дотоодын тариаланчдын хүсээд байгаа үнээс 50 мянган төгрөгөөр татуу. Мөн гурилын үйлдвэрүүд дотоодоос авахдаа шатахууны зардал гаргана гэж тооцвол ОХУ-аас буудай худалдаж авсан нь даруй тонн тутамд 100 мянган төгрөг хэмнэх юм.
Нөгөөтэйгүүр, ОХУ-ын худалдааны хоригийн асуудлаас үүдэн гадаад худалдааны бодлого нь өөрчлөгдөж, Азийн улсуудад нийлүүлэх боломжтой импортын бүтээгдэхүүндээ анхаарал хандуулж байна. Тиймээс манай тариаланчид буудайн үнийн асуудалд уян хатан хандахгүй бол хямд үнэтэй буудай орж ирэх нь бараг л ганцхан өдөрт шийдэгдэж мэдэх нь.
Хэдий энэ нь ард иргэдэд хямд үнэтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх боломжийн гаргалгаа ч арай ядан сэргээсэн улаан буудайн зах зээл тэр хэмжээгээрээ нуран унах боломжийг ч дагуулах юм.