Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт худалдааны хэлэлцээргүй цор ганц улс -МОНГОЛ


ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчилж, хөрш гурван орны тэргүүн ШХАБ-ын чуулганаар уулзаж яриа хэлэлцээрээ баталсан үйл явдлууд өрнөж байна. Өндөр хэмжээний айлчлалын үр дүн, бүс нутгийн орнуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар эрдэмтдийн байр суурийг сонслоо. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Аюуш, Б.Санжмятав нартай олон улсын эдийн засгийн харилцааны асуудлаар ярилцлаа.

Зүүн гараас Доктор (Ph.D), Дэд профессор Б.Санжмятав,
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Аюуш.


-Хятад улсын дарга Си Жиньпин манай улсад айлчлахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болно гэж хэлсэн. Ямар харилцааг иж бүрэн түншлэл гэдэг юм бэ?

Д.Аюуш: -Бүх төрлийн л харилцааг хамарч, өндөр түвшинд хүргэнэ гэсэн үг. Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, цэрэг, техникийн, улс төр, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт дээд хэмжээний харилцаа хөгжүүлэх гэсэн утгатай юм.

-Манай улс хоёр хөрштэйгөө худалдааны эргэлтээ ойрын хугацаанд 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Тийм боломж өнөөдрөөс хэр тодорхой харагдаж байна, анхаарах зүйл юу бол?
Б.Санжмятав: -Миний бодлоор Хятад, Монголын худалдаа хамтын ажиллагааны түвшинг төдий хэмжээнд хүргэх бололцоо гарна. Яагаад гэхээр урагшаа гардаг төмөр замаа барьж, ашиглалтад оруулчихна. Тэгэхээр тээвэрлэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, үнэ хямдраад зах зээлд өрсөлдөх чадвар сайжрах юм. Түүнчлэн манай улсын эдийн засагт хөрөнгө оруулах хамгийн чадвартай бөгөөд хөрөнгийн бололцоотой нь Хятад улс. Тийм болохоор тэр харилцааг 10 тэрбум ам.долларын түвшинд хүргэх нь цаг хугацааны асуудал. Харин Оростой төдий хэмжээний худалдааны эргэлттэй болж гэнэт нэмэгдэх нь бараг боломжгүй. Учир нь, бодлого муу. Оросын хөрөнгө оруулалт манайд харьцангуй бага, Оросын зах зээлд манай улсын бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар муу, хилээр ороход тодорхой хэмжээний татвар оногдуулдаг. Тэр утгаараа монгол бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар тааруу. Ямар нөхцөлд дээрх зорилт биелж болох вэ гэхээр хоёр ажил бий. Юун түрүүнд Монгол, Оросын хамтарсан хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжиж, ихээхэн хэмжээнд нэмэх шаардлагатай. Хоёрт, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа таваараа харилцан татваргүй нэвтрүүлэх нөхцөл бүрдвэл тус бүрийн зах зээлд бүтээгдэхүүнүүд маань өрсөлдөх чадвар бий болно.

-Сая хэлсэнчлэн өмнөд хөрштэй стратегийн түвшинд харилцана гэдгээ тодорхойлчихлоо. ОХУ-тай ийм түвшинд харилцаагаа сэргээх боломж бий юу?
Б.Санжмятав: -Боломж байлгүй яахав. Манай иргэд Оросын ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэдэг. Гагцхүү эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулах нөхцөлөө тодорхойлж, Засгийн газраас бодлогоор дэмжвэл бүрэн боломжтой.

Д.Аюуш: -Өмнөд хөрштэй худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар хүрчихсэн. Цаашид уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийнхээ үнэ, чанарыг сайжруулах, экспортлох хэмжээгээ нэмэхэд л 10 тэрбум ам.доллар хүрчих байх. Нөгөө талаар урд хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч хамтарч ажиллахаар тохирлоо. Ийм тохиолдолд байгаа баялгаа шууд нийлүүлэх биш аль болох өөрсдөө бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээх асуудалд хамтрах шаардлагатай. Ингэж үйлдвэр, техник, технологийн түвшинд хамтран хөгжихгүйгээр, зөвхөн нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэх тээвэрээс ашиг олж, хөгжсөн улс байдаг эсэхийг мэдэхгүй юм.Хойд хөрштэй бид маш их алдагдалтай худалдаа хийж, социализмын үеэс арав дахин бага экспорт хийж байна. 1990 онд хоёр орны худалдааны эргэлт тэрбум гаруй ам. доллартай тэнцэх хэмжээний худалдаа хийж, манай экспорт 600 гаруй сая ам.доллар байсан. Гэтэл одоо 62 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж байна. ОХУ-аас бид 1.5 тэрбум ам.долларын шатахуун авч байгаа шүү дээ.

-Хойд хөршөөс авдаг ганц бүтээгдэхүүн бол шатахуун болчихоод байгаа. Төдий хэрээр бид нэг орноос хэрэглээний хамааралтай боллоо гэдэг сэрэмжлүүлэг бий.

Д.Аюуш: -Тийм болгоомжлол байгаа ч Солонгос, Хятадаас оруулж ирсэн. Казахстантай ч ярилаа. Тэгэхэд хамгийн хямдаар Орос л нийлүүлж байгаа юм. Саяхан би Москва болон зарим бүс нутгаар явахдаа нэг зүйл анзаарлаа. Монголчуудын хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахуун тэнд 32 рубль байна. Үүнийг ам.доллар, төгрөгт шилжүүлээд үзэхээр Улаанбаатарт зардаг үнэтэй л ойролцоо байна. Тэгэхээр ОХУ-ын төрийн өмчит  “Роснефть” манайд шатахуун нийлүүлэхдээ хэт өндөр үнээр өгөөд, их ашиг олоод байгаа зүйлгүй юм билээ. Хоёр хөрштэй эв зүйтэй, найрсаг, эрх тэгш харилцаатай байж л бид хэрэгцээт бараагаа авна. АНУ болоод барууны орнууд газрын ховор металлыг сансрын техник, электрон төхөөрөмж, автомашины үйлдвэрт ашигладаг. Тэгэхэд тэр түүхий эдийнх нь 90 гаруй хувийг БНХАУ нийлүүлдэг юм. Уржнангаас урд хөрш газрын ховор элементийн экспортоо зогсоосон. Тэгэхэд нь АНУ тэргүүтэй барууны орнууд Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаад шударга биш худалдаа хийлээ гэж шүүхэд хандсан. Тийм боломж Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн Монгол Улсад ч бий шүү дээ. Гэтэл дээрх хараат байдлаас сэргийлнэ гээд гуравдахь хөршийн бодлого гэсэн зүйл гаргаж ирсэн. Үнэхээр гуравдагч улс хоёр хөршийг давж орж ирээд Монголыг хөгжүүлчихнэ гэвэл бэрх шүү дээ. Манай улсын хувьд хоёр хөрштэйгөө л хөл нийлүүлж хөгжих нь чухал.

-Их гүрнүүдээс болгоомжлох, хараат байдлаас гарах ёстой гэдэг ойлголт нийгэмд бий шүү дээ. Гэхдээ энэ хардалт, болгоомж хэтэрвэл юунд хүргэх бол?
Д.Аюуш: -Оросын төрийн компани “Роснефть”-тэй холбогдуулж өөр нэг зүйл хэлье. Хоёр жилийн өмнө тэд өөрсдөө Монголд 100 шатахуун түгээх станц (ШТС) байгуулъя гэхэд нь “Тэр хараарай оросууд нефтиэрээ биднийг бүрэн хараат байдалд оруулах нь” гээд манайхан шуугиан дэгдээсэн. Гэтэл хэлэлцээр хийсэн орнууд бие биеийнхээ зах зээлд чөлөөтэй салбар, нэгжээ нээчихсэн л байдаг. Оросын шатахуун түгээх станцууд АНУ болон Баруун Европын орнуудад олон бий. Оросод гэхэд л Бритиш петролиум, Лук-Ойлын ШТС-ууд замын хоёр талд байрлах жишээтэй. Хэрэв “Роснефть” өөрсдөө манайд ажиллаад ирвэл шатахуун импортолж, дундаас нь өөрсдийн ашгаа нэмж зардаг компаниудын ашиг орлого буурахаас биш ард түмэнд хэрэгтэй. Аль ч оронд ийм зүйл бий. Чөлөөт зах зээл гэдэг чинь олон улсын эдийн засгийн харилцаанд оролцогч нар бүгд хоорондоо чөлөөтэй өрсөлдөх талбар юм. Одоо 160 орон Дэлхийн худалдааны байгууллагад элсчихсэн. Хохиролтой асуудал гарвал энд шударгаар, бүрэн шийдүүлэх бололцоотой байхад хэт болгоомжилсон, олон нийтийг айлгасан зүйлээ зогсоох хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жил дандаа л болгоомжилсон бодлогоор явж ирлээ шүү дээ. Одоо харин бид хоёр хөршийнхөө хөгжлийг дагаж, хамтран хөгжиж, ард түмнээ сайхан амьдруулах гэсэн зорилт тавьж эхэллээ.

Б.Санжмятав: -Манайхан бодлогоор алсыг харж хөгжих асуудал огт алга. Хамгийн наад зах нь бид Хятад руу төмрийн хүдрээ тонн бүрийг 80 ам.доллараар гаргадаг. Эргээд тонн төмрөө мянган ам.доллараар авч байна. Уг нь, хүдэр хайлуулахад шохойн чулуу, коксжуулсан нүүрс ордог бол, бүгд манайд бий. Даанч бүтээн байгуулах ажлаа хийхгүй орхиод, олж болох орлогынхоо өчүүхэн хэсгийг авч байгаа. Энэ мэтээр дотооддоо үйлдвэрлэлийнхээ хүрээг тэлнэ гэдэг их чухал болчихлоо. Үүнээс гадна дэлхийн дулаарал гэх зүйл бүх юмыг өөрчилж байна. Үүнд бид яаж дасан зохицох тухайгаа бодох хэрэгтэй. Одоо 10-15 жилийн хойно нүүдлийн мал аж ахуй үгүй болно гэнэ. Тэгэхээр хөдөөний хүмүүс хот газар ирнэ. Тэр үед нь газрын баялгаа боловсруулаад гаргадаг үйлдвэр байгуулчихсан, өөрсдийнхөө хэрэглээг өөрөө бүтээдэг болчихсон байх ёстой. Даанч энэ чиглэлд бодлоготой, хийж байгаа ажил хомс байна.Түүгээр зогсохгүй дэлхийн хэмжээнд байгалийн баялаг дуусч байна гэнэ. Судлаачид дэлхий дахинд 35 орон л ямар нэг хэмжээгээр байгалийн баялгаа авч үлджээ гэж үзсэн. Жишээ нь, нөөц тогтоогдсон алтны орд 10 жилийн дараа, зэсийнх 30 жилийн дараа хоосорно. 2030 оноос эхлээд мөнгө байлаа ч нефть, шатахуун авч чадахгүй болж магадгүй гэх таамаг бий. Тийм учраас газрын тосны салбартаа бид шуурхайлах, аль болох өөрсдөө гардан ажиллах шаардлагатай гэсэн үг. Тэгэхгүйгээр улстөрчид хоорондоо мэтгэлцээд, дундуур нь бизнесийнхэн орж саад хийгээд байж болохгүй.

-Дээрх болгоомжлолыг эдийн засгийн аюулгүй байдал гэж тайлбарлах, хаацайлах тал анзаарагддаг.
Д.Аюуш: -Эдийн засгийн аюулгүй байдлаа сахин хамгаалж байна гээд хоёр хөршөөсөө болгоомжлоод суугаад байвал хөгжил хэзээ ч ирэхгүй. Дэлхийн түүхэнд цөөхөн орон гадаадаас бараа оруулахгүй, өөрийн хүчээр хөгжинө гээд бүтэлгүйтсэн. Европт Албани гэж улс бий. Социализмын үеэс л бие дааж хөгжинө гэж хаалт тавиад хөгжиж ахисан юмгүй ард түмнээ зовоосон хэвээрээ л байна. Мөн Хойд Солонгос. Гадна талаас тавьсан хоригтой холбоотой л доо. Тэгэхээр эдийн засгийн аюулгүй байдал гэж хэт болгоомжлох нь манайх шиг бага буурай орны хувьд бүтэшгүй хүнд асуудал байх нь.

-Монгол Улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлого зөв эсэхэд маш их маргаан гардаг. Нэгэнт хоёр хөршөөр бүрэн хүрээлэгдсэн учраас үүнийг ойр ойрхон эргэн харж байх шаардлагатай ч гэдэг.
Б.Санжмятав: -Гуравдахь хөршийн бодлого гэдгийг эргэж харах цаг болчихсон. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал дотор тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулж гадаад бодлогоо эргэн харж, үйл ажиллагаагаа өөрчилнө гэж бий. Гэтэл манай улс хоёр хөрштэй. Тэгэхээр гуравдахь хөрш гэдэг томъёолол өөрөө буруу юм. Гуравдахь түнш гэвэл өөр хэрэг. Бас нэг асуудал нь өнөөдрийн олон улсын харилцааг авч явж, хөдөлгөж байгаа гол салбар нь худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа. Гэтэл энэ төрлийн хамтын ажиллагаагаа хоёр хөрштэй л ахиулж, бусад орноос өөдтэй юм алга. Дараа нь, дэлхийн эдийн засгийн хямралаас хойш барууны орнууд мөнгөгүй болчихсон шүү дээ. Оюу толгойд хөрөнгө оруулж буй “Рио Тинто” групп дэлхийн баруун хагасын хамгийн том компани мөртлөө санхүүжилтээ банкнаас зээлж босгоно гэсэн. Одоо хаана мөнгө байна гэхээр Хятад, Орос, түүхий эд гаргадаг Арабын орнууд. Манайд хөрөнгө оруулж буй барууны компаниуд гэдэг нь эцэстээ мөнгөө Хятадаас авдаг, барууны нэрийн хуудастай хүмүүс л болж таарч байна. Товчхондоо давхар гэрээ зураад л орж ирж байгаа хүмүүс. Энэ тохиолдолд барууны нэрийн хуудастай компанитай хамтрахаас илүү хятадуудтай шууд зохицоод ажиллавал бидэнд хамаагүй ашигтай. Бас нэг жишээ авъя. Европын холбооны орнууд манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагааны дөнгөж 10 хувийг эзэлдэг. Гэтэл манайхаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын ихэнх хагас нь баруун Европт бий шүү дээ. Лиссабоны гэрээ байгуулснаар Франц, Герман улс үндсэндээ үгүй болоод холбооны улс болчихсон. Тэгэхээр Франц, Герман, Австри зэрэг улсад ЭСЯ байх шаардлагагүй болно. Гадаад яам үүний араас нэг ч алхам хийхгүй хэдэн жил боллоо. Дэлхийн эргэн тойрны үйл явдлыг мэдэхгүй хуучнаараа сэтгээд яваа учир гадаад харилцаа, бодлого үндсэндээ буруу яваагийн илрэл. Тэгээд бас төр  нь  судлаачдаа сонсдоггүй шүү дээ.

-Монгол, Оросын харилцаа урьд нь сайхан байсан ч нийгэм, зах зээл солигдоход өөрчлөгдсөн. Тухайн үед энэ харилцааг сэвтүүлэхгүй байх боломж байсан л байх?
Б.Санжмятав: -Дэлхийн худалдааны байгууллагын 160-аад  орны дотор манайх ганцаараа бүс нутгийн ямар нэг интеграцчилал/нэгдэл бүлэг/-д ороогүй. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй цор ганц улс бол Монгол. Дэлхийд хамгийн ашиггүй нөхцөлөөр худалдаа хийж буй улс орон болчихсон. Манайхан чухал шийдвэрийг судалгаагүй гаргаж, улс төрждөгийн нэг жишээ энэ. Урьд нь, ЗХУ-ын системд хамрагдаж байсан улс орнууд бие дааж задрахдаа бүгдээрээ хоорондоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, өөр өөрийн оронд үйлдвэрлэсэн  бараагаа татваргүй шилжүүлдэг нөхцөл бүрдүүлсэн. Гэтэл манай улс “Бид Оростой өмнөх хуучин харилцаагаа өөрчлөөд, дэлхийн жишгээр та бүгдтэй харилцана” гэсэн чинь маргаашнаас эхлээд л гуравдахь оронд ногдуулдаг татвараа манай бүтээгдэхүүнд тавьчихсан. Тэгэхээр л манай үйлдвэрлэсэн бараа Оросын зах зээлд өрсөлдөх чадваргүй болоод үйлдвэрүүд маань хаагдсан. Нэхий дээл, савхин эдлэл, эсгий гутал гээд бараа нийлүүлдэг бараг бүх үйлдвэр зогссон нь манай бодлогын алдаа шүү дээ. Өнөөдөр ч бид бараагаа хойшоо гаргаж чадахгүй байгаа гол шалтгаан гэвэл Оростой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүйтэй л холбоотой.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголын барааг тодорхой хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах бололцоо олгооч гэж хүссэн. Гэвч энэ бол олон улсын хэмжээнд хууль бус, хэрэгжих бололцоогүй асуудал.

-Яагаад?
Б.Санжмятав: -Учир нь, ДХБ-ын нэг суурь зарчим нь үндэстний нэн тааламжтай байх буюу хэрэв нэг гишүүн орон нөгөөд нь аливаа хөнгөлөлт үзүүлбэл түүнийгээ бусад бүх гишүүн оронд адилхан олгох явдал юм. Тэгэхээр Орос юм уу, Хятад манай оронд нэг хөнгөлөлт олголоо гэхэд түүнийгээ бусад бүх улсад нээж өгөх болно. Үүгээрээ хэрэгжих бололцоогүй, эрх зүйн хувьд боломжгүй юм.

Д.Аюуш: -Би нэг зүйл нэмээд хэлье. Дэлхийн зах зээл рүү гаръя гээд манайх 2009 онд гадаад харилцаагаа эдийн засагжуулах хөтөлбөр баталсан. Үүнийг 2012 онд дүгнэх байсан атал Засгийн газар солигдсон. Ер нь, дэлхийн зах зээлд гарахын тулд манай улс эдийн засгийнхаа өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Ямар нэг бараа бүтээгдэхүүн гадагшаа гаргая гэж байгаа бол дэлхийн стандартад нийцсэн, гадаадын худалдан авагчийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой. Саяханы дээд хэмжээний айлчлалын дараа Шинэ Зеландын оронд Орос руу мах нийлүүлье гэцгээлээ.

Гэтэл Шинэ Зеландын мах манайх шиг бэлчээрийнх биш. Мөн энэ улс мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг дээд зэргээр хангасан, манайхаас илүү баталгаатай мах нийлүүлж байна гэсэн үг. Энд хүрэхийн тулд монголчууд их хөрөнгө зарцуулах шаардлагатай. Тэгээд гадаадын бараатай өрсөлдөнө гэдэг сав, баглаа боодлоос авахуулаад барааны шошго, тэмдэг гээд наад захын шаардлага хангана гэсэн үг. ОХУ 10 сая тонн мах хэрэглэдэг байлаа гэхэд хагасыг нь гадаадаас авдаг. Түүнээс 1.5 сая тонн үхэр, төдий хэмжээтэй гахайн мах, мөн адил хэмжээний шувууны мах импортолж байна. Орос улс манайхаас үхрийн мах авъя гэхэд бид хэдий хэмжээнд нийлүүлж чадахаа эргэж харах болно. Манай 50 сая малын ихэнх нь хонь, ямаа шүү дээ.

-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгт Монгол Улс гишүүнээр элсэхэд хоёр хөрш дэмжинэ гэлээ. Тэнд үнэхээр манай улсыг оруулахгүй гэж хорьсон, татгалзсан зүйл бий юу, шалтгаан нь юу вэ?
Б.Санжмятав: -АПЕК-ийн хувьд манай орныг оруулна, оруулахгүй гэж ярьсан зүйл алга. Тэд нэг хэсэг хугацаанд  өөрсдөө бэхжиж, интеграцчиллын асуудлаа сайжруулъя гээд шинээр гишүүн авахаа түр зогсоосон байсан. Энэ жил АПЕК-ийг Хятад улс даргалж байгаа. Тэр хүрээнд шинээр гишүүн авах асуудлаа оруулж шийдүүлье, шийдчихвэл Монголыг гишүүн болгохоор дэмжинэ гэсэн юм. АПЕК гэдэг бол бүс нутгийн нэгдлийн ажиллагаа боловч байнгын хамтын ажиллагааны механизм муутай. Улс хоорондын хамтын ажиллагааны байгууллага биш эдийн засгуудаас бүрдсэн интеграцчиллын үйл явц гэдэг юм. Энэ хүрээнд АПЕК-ийн гишүүн эдийн засгууд нь татвар, хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн ойртуулах чиглэлээр хамтарч ажиллана. Үүний дэргэд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг бол улс орнуудын Ерөнхий сайд нарын хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр гаргаад богино, дунд, урт хугацаанд хэрхэн ажиллахаа тодорхойлдог. АПЕК-д Монгол Улс элслээ гэхэд нааштай алхам болох нь мэдээж. Түүнээс биш тэнд орлоо гээд бүх зүйл өөрчлөгдөөд, цоо шинэ болно гэдэг байхгүй.

Сая Аюуш багш хэллээ. Бид эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцъё гэхэд бид өөрсдөө сайтар бэлдэх шаардлагатай. Жишээ нь, Европын холбоонд бүтээгдэхүүн гаргая гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатанд Европын холбооны стандартыг хангах шаардлага тавьдаг. Консерв гаргалаа гэхэд маханд тавьсан хяналт, лаазны хэлбэр хэмжээ, үйлдвэрийн дотоод ариун цэвэр гээд шат бүртээ Европын холбооны стандарт хангасан байх шаардлага тавьдаг. Нэг нь л дутуу бол түүнийг Европ руу гаргахгүй. Энэ чиглэл рүү манай улс яагаа ч үгүй байна. Ерөнхийлөгчөөс В.В.Путиний айлчлалын үеэр Оросын талд махны асуудлыг тавихад, Путин “Монголоос мах авч болно, гол нь эрүүл мэндийн шаардлага хангасан бай” гэж байгаа гэсэн. Гэтэл Монголд малын халдварт өвчин байнга гардаг, боловсон нядалгааны байгууламж дутмаг, олон улсын стандарт хангасан зооринд хадгалаад, хөргөгчтэй вагоноор гаргах асуудал тавигдаж байгаа. Үүнийгээ бид бэлдсэн үү гэхээр үгүй шүү дээ. Тэгэхээр аливаа асуудлыг улс төрийн түвшинд сайхан ярьж болох ч, нөхцөл бүрдэж байж амьдралд хэрэгжинэ. ОХУ-ын Ерөнхийлөгч ирээд сайхан хэлэлцэж тохирлоо гээд шууд ажил хэрэг болчихгүй. Нэлээд шинжлэх ухааны үүднээс бэлтгэл хангаж, олон жилийн ажил болдог юм.

Д.Аюуш: -Хойд хөрш манайд мал эмнэлгийн хэд хэдэн шаардлага тавьж, тохирсон байдаг. Нэгд, сүүлийн гурван жил малын халдварт өвчин огт гараагүй бүс нутгаас махаа нийлүүлэх ёстой. Хоёрт, зөвхөн үхрийн ясгүй хөлдөөсөн мах авна. Гуравт, хөлөөр нь ямар ч мал оруулахгүй. Дөрөвт, хонины мах авахгүй. Тавд, адууны мах бага хэмжээгээр авъя гэдэг. Үхрийн махаа Уралын нуруу хүртэлх бүс нутагт авна, тэгэхдээ жижиглэнгийн  худалдаанд гаргалгүй, зөвхөн мах комбинатуудад нийлүүлэх болзолтой юм. Сүүлийн 20 гаруй жил энэ шаардлагыг бид ерөөсөө бүрэн биелүүлж байсангүй. Санжаа багш хэллээ, олон улсын хүчин төгөлдөр болсон гэрээ хэлэлцээргүйгээр худалдаа хийдэг улс орон хаана ч байхгүй шүү дээ. Дэлхий дээр худалдаа, эдийн засгийн харилцаагаа хэд хэдэн үе шаттайгаар хөгжүүлдэг туршлага байна.
Тухайлбал, хоёр болон хэд хэдэн орон хоорондоо Гаалийн холбоо болон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, хууль ёсны дагуу баталж, хүчин төгөлдөр болгож байж, харилцан татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортолж, импортолдог байх ёстой юм. Манай улсын хувьд гэвэл, өмнөх Засгийн газрын үед ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсны дараа хойд хөрштэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохирсон байсан боловч Засгийн газар солигдоод асуудал замхарсан юм шиг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан