Хонконгт энэ сарын 13-14-нд зохион байгуулсан "Ой тогтоолтын нээлттэй тэмцээн"-д манай тамирчид багаараа тэргүүлж, гурван ч дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тэмцээнд 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 10 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд найман тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож тэмцээний нийт 50 медалиас 41-ийг нь өөрсдийн болгож, багийн дүнгээр 16987 оноо авснаар бусад орноос илт тасархай тэргүүлжээ. Тэмцээний хоёрдугаар байрт орсон Филиппинээс хоёр мянга гаруй оноогоор, гуравдугаар байрт орсон Индонезиэс гэхэд зургаан мянга гаруй оноогоор хол илүү түрүүлсэн манай баг тамирчид хувь, хувьдаа ч өндөр амжилт гаргаж, энгэрээрээ дүүрэн медальтай эх орондоо эргэн ирэх нь. Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд их мастер Ө.Сэнгэсамдан хоёр алт, таван мөнгө, нэг хүрэл нийт найман медаль хүртэж 6337 оноогоор насанд хүрэгчдийн ангилалд болон нийлбэр дүнгээр тэргүүлж хоёр ч цомын эзэн болжээ. Тэрээр хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 33,88 секундэд, хоёртын тоолол төрөлд 30 минутад 3015 цифр, 30 минутын олон багц хөзрийн төрөлд 13 багц хөзөр тогтоож алдалгүй нэрлэж аваргалсан байна.Харин их мастер С.Цогбадрах гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл нийт таван медаль хүртэж 5682 оноо авснаар нийлбэр дүнгээр гуравдугаарт байрт оржээ.
Тэгвэл дунд насны ангилалд өнгөрсөн жил 15 насандаа их мастерын болзол хангаж байсан Ц.Бат-Эрдэнэ дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл нийт долоон медаль хүртэж 4977 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр түрүүллээ. Тэрээр тооны марафон-хурд төрөлд таван минутад 340 цифр, мөн 30 минутын цифр цээжлэх төрөлд 1094 цифр цээжлэн алдаагүй санаж дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Энэ жилийн Филиппин болон Энэтхэгт болсон тэмцээний аварга Э.Энхмөнх хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж 4636 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр дэд байр эзэллээ. Хөзрийн хурдны төрөлд нэг багц хөзрийг ердөө 27 секундэд тогтоон алдалгүй эргэн санаснаар дунд насны ангилалд урьд өмнө нь өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Ингэснээр энэ төрөлдөө дэлхийн чансаанд 2000 гаруй тамирчдаас дөрөвдүгээрт бичигджээ. Энэ мэтчилэн манай бүх тамирчин өндөр амжилт үзүүлж, анх удаа олон улсын тэмцээнд оролцсон Н.Түвшинтөгс, Э.Пүрэвжав, А.Анударь, Г.Тэмүүлэн, Т.Энхжин Б.Халиун нар ч тус тусдаа тэмцээний төрлүүдээс медаль хүртэцгээжээ. Дунд насны ангилалд өрсөлдсөн энэ тамирчин тэмцээний 10 төрлийн нийт 30 медалиас 28-ыг нь хүртэж, өрсөлдөгчдөдөө боломж олгосонгүй.