Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУМЫН АНХНЫ ГУРВАН ДАВХАР

Хэнтий аймгийн Батноров сум. Цомхоон, цэвэрхэн энэ сум улсын нийслэлээс 430 км-ийн алс байрлах аж. Нийслэлээс хөдөлсөн баг маань Хэнтий аймгийн төв дээр буудаллаж, амраад бага үдийн хэрд Батноров сум оров. “Хоггүй батноровчууд”, “Архигүй батноровчууд” гэсэн хоёр самбар өөдөөс угтах. Үнэхээр сумын төвийн орчимд бүртийх гялгар уутан “цэцэг” алга. Их эзэн Чингис хаан Боорчи андтайгаа анх уулзаж, нөхөрлөсөн газар гэж түүхчдийн тогтоосон хөндийд Батноровчууд нутаглаад өнгөрсөн онд 90 жилийн ойтойгоо залгажээ. Арвин их түүхтэй сумыг зорьсон учир нь тэдний нэгэн баярыг хуваалцах. Баялаг түүхтэй энэ айлд сумдаа л хамгийн өндөр буюу гурван давхар барилга улсаас бэлэглэж, хүлээлгэн өгөх ёслолыг сурвалжлахаар зорилоо. Энэ байшинд л сумын сургуулийн үе үеийн сурагчид гэр хийн амьдарч, эрдмийн оргил руу мацсаар ирсэн.  Сургуулийн хуучин дотуур байрыг ашиглах хугацаа дуус­сан учраас Мэргэжлийн хяналтын газрын актын дагуу ши­нээр дотуур байр барьж, сумын иргэдэд хүлээлгэн өг­лөө. Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар ашиглалтад орж буй тус барилгыг хүлээн авч бас сумынханд хүлээлгэн өгөхөөр БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зохицуулалтын алба­­­­ны дарга О.Мөнхбаяраар ах­­­­­луул­сан ажлын хэсэг очсон юм.

Сумынхан хөл хөөртэй биднийг угтлаа.


Учир нь сумын сургуулийн 630 сурагчийн 90 нь л сургуулийн хуучин дотуур байранд сууж, үлдсэн нь байргүйгээс хамаатан садан, таньдаг мэддэг айлаараа, бүр багшийндаа хүртэл амьдардаг байж. Ингэхдээ нөгөө 90-ийн амьдрах байр нь тийм ч тухтай биш. Анх 40 хүүхэд амьдрах зориулалтаар барьсан учраас тав тух муутайхан шахцалдан суудаг байж. Харин улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон 150 хүүхдийн дотуур байр багтаамжийн хувьд хамаагүй томорсноос гадна халуун, хүйтэн устай. Хүүхдүүд бие засах гэж гадагш гарах шаардлагагүй болжээ. Дотуур байрны зураг төсөлд багтааж барьсан  сургуулийн хоолны газар ч мөн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас хүүхдүүд өлсөж, даарахын зовлонгүй болж. Тиймээс шинэхэн дотуур байр ашиглалтад орсонд сургуулийн багш, сурагчид төдийгүй малчин эцэг эхчүүдийн магнай тэнийж, баяртайгаар хүлээн авлаа.

Адуу амласан аав

Нээлтийн ажиллагаанд зориулан сургуулийн сурагчид багахан хэмжээний тоглолт бэлджээ. Ингэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн биелэлтийн нэгээхэн хэсэг хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгааг баталж, “Авьяас” хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас уртын дуу дуулж, морин хуураа эвшээлгэн, монгол бүжгээ бүжлээ.
Хөдөөгийн малчин өрхийн хүүхэд сургуульд орлоо гэхэд бага насны хүүхдээ да­гаж гэр бүлийнхэн нь сум барааддаг. Үүнийг дагаад ажилгүйдэл нэмэгддэг жишээ олон. Тиймээс ч сумдын дотуур байрны хүрэлцээг хангах нь боловсролын салбарын зайлшгүй анхаарах нэг ажил яах аргагүй энэ юм. Дотуур байрны нээлтэд оролцож үг хэлэхээр олон хүн иржээ. Тэдний дунд до­туур байранд амьдрах хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл болгож нэгэн адуучин аав үг хэлэв. Тэрээр хүүхдүүдээ гэрээсээ хол ч тохь тухтай байранд амьдрангаа сур­гууль­даа явх болсонд талархсан сэтгэлээ илэр­хийлж дотуур байрны хамт олонд нэг адуу өгөхөөр амлаад буцна лээ. Монгол хүн мо­рио тэр бүр бэлгэнд өгдөггүй. Адуучин аавын сэтгэлээс л энэ бүтээн байгуулалт сум­­даа үнэхээр чухал зүйл гэдгийг ухааран суулаа.

Дөрвөн удаагийн аймгийн тэргүүн

Ирэх жил 90 жилийн ойтойгоо золгох сумын сургуулийн дотуур байр хамгийн анх дөрөвхөн тасагтай одоогийнхоор бол цайны газар, дэлгүүр л байрлах жижигхэн цагаан байр байжээ. Түүний дараа актлагдаад буй 40 хүүхдийн амьдрах зориулалт бүхий байранд орж, одоо бол сумынхаа хамгийн өндөр барилга болох гурван давхар шаргал байранд нүүж ороод буй. Сумын сургуулийн дотуур байрны түүхэн замнал үүгээр дуусахгүй. Энэ байр түүхэндээ дөрвөн ч удаа аймгаа тэргүүлжээ.
Зургаан настнууд сургуульд элсэж эхлээд гурван жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд зургаан настай хүүхдийг дотуур байрандаа авдаггүй байсан бол энэ жилээс харин ч олноор нь авахыг эрмэлзэж байгаа гэсэн. Зургаа, долоон настай сурагчдад зориулан тусгай тасаг тохижуулж мөн тэдний хичээлийг хийлгэж, асрах багшийг ч сургуулийн зүгээс ажиллуулахаар болжээ. Нөгөө л сум руу чиглэсэн малчдын нүүдлийг зогсоох нэг арга.

Баяртай мэдээ

2014 онд боловсролын салбарт 192 төсөл хэрэгжиж байгаагийн 45 нь дотуур байрны барилга гэдгийг БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяр хэллээ. Тэгэхээр дахин 45 сумынхан батноровчууд шиг хөл хөөр болох нь. Тус дотуур байрыг барьж гүйцэтгэсэн “ӨВМТХ” ХХК-ийн захирал Г.Хосбаяр “2012 онд тус барилгыг барихаар тендерт ялсан ч материалын дутагдал, хөрөнгө оруулалт тасалдснаас үүдэн ажил дундаа жаахан удааширсан ч хугацаандаа хүлээлгэн өглөө” гэв. Алслагдсан сум хэдий ч инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн энэ удаагийн барилга цаашид барих дотуур байрны барилгуудад жишиг болох нь гарцаагүй биз ээ.

Л.БАЯНМӨНХ: ХҮҮХЭД ОЛУУЛАА БАЙХ ТУСАМ Л АВЬЯАС НЬ УНДАРДАГ

Батноров сумын сургуулийн захирал Л.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрээр одоогоор захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа ч үнэн сэтгэлээ зориулан ажилладгийг нь түүний ярианаас харж болно.


-Улс даяар сургуулийн барилгын хүрэлцээ их дутмаг байна. Тийм ч учраас танай сургуулийн барилгын чанарын тухай хамгийн түрүүнд асуумаар байна. Хүрэлцээ хэвийн үү?

-Сургуулийн одоогийн барилга бол 1989 онд баригдсан, 320 хүүхдийн багтаамжтай. 2012 онд сургууль маань 11 жилийн тогтолцоотой болсноор хүүхдийн тоо жил дараалан өсч байна. Өнгөрсөн онд 550 хүүхэд төгссөн бол энэ жил 630 болчихлоо. Ирэх жил бол 700 гарах төлөвтэй байна. Өнөө жил 24 бүлэг маань хоёр ээлжээр хичээллэж байгаа ч анги дүүргэлт нэмэгдсэн. Энэ байрыг хуучин нам даралтын уурын зуухаар халааж байсан. Шинээр бас 150 хүүхдийн дотуур байраа тусдаа галлаж байхаар зардлаа хэмнээд сургууль, дотуур байрны халаалтаа нэг болгосон. 2007 онд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилгад их засвар орж байсан. Харин энэ жил 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын дээврийг засварлаж өглөө. Цаашид ачаалал маань ихсэхээр өргөтгөлийн барилга шаардагдана. Тэр болтол одоогоор хүндрэл бэрхшээл алга. Сумдын хөрөнгө оруулалтыг юунд хэрхэн зарцуулахаа иргэдийн санал асуулгаар шийддэг болсон юм билээ. Манай сургууль өргөтгөл бариулахаар санал гаргаад сумын иргэд дэмжиж байгаа учраас сумын хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд сургуулийн өргөтгөл барих байх. Манай сургуульд Баян-Адарга болон Бэрх сумаас хүүхдүүд ирж суралцдаг. Цаашид хүүхдийн тоо улам л нэмэгдэнэ.
-Багш нарын хүрэлцээ хэр байна вэ?
-Өнөө жил багш нараар 100 хувь хангагдсан. Математик, мэдээлэлзүй, хими биологи, биеийн тамир, нийгмийн ухааны багшийн захиалга өгсөн. Энэ жилээс эхлээд наймдугаар сарын 12-нд багшлах эрхийн шалгалт явуулсан нь их зөв зүйтэй ажил боллоо. Наймдугаар сарын 28-ны өдөр багшлах эрхийн шалгалт өгсөн багш нарыг мэргэжил мэргэжлээр нь сонгон шалгаруулалтад оруулаад жагсаасан. Тэндээс сургуулийн захирлууд хүнээ сонгодог тогтолцоонд шилжчихлээ. Ингэснээр багш нарын чанар өсч байна.
-Нөгөө талаараа хэрэг­цээтэй байгаа багшийн төлөөх өрсөлдөөн захир­луудын дунд үүсч байна уу?
-Тэгэлгүй яахав. МУБИС-ийн 2013 оны тэргүүний оюутан болсон физикийн багш охин гэр бүлийн хүн болох физикийн мундаг багш залуутай ирсэн. Мөн биологийн шалгалтад аймагт нэгдүгээр байрт орсон багш ирлээ. Шалгаруулалтад дээгүүр байрт орсон багш нар хаана ажиллахаа сонгох боломжтой байгаа юм. Чадвартай хүмүүсийг авч ажиллуулах маань ч бидний хувьд нэр төрийн хэрэг.
-Актлагдсан дотуур байранд багш нарыг амьдруулж байгаа гэсэн...
-Тэр байр маань малчдын хүүхдүүдийг аваад бүрэн хүчин чадлаараа ажиллахад л дутагдалтай болохоос хүн амьдарч болохоо больсон юм биш л дээ. Тийм учраас нийслэлээс хол суманд ажиллахаар ирсэн залуу багш нарыг амьдрах байраар хангахаар цахилгааны монтажийг нь шинэчлээд дөрвөн айл оруулчихаад байна. Тэдний гурав нь хуучин Захиргааны барилгад 90 мянган төгрөгийн түрээс төлөөд амьдарч байсан. Харин сургуулийн мэдлийн барилгадаа тэднийгээ оруулаад сарын 50 мянган төгрөгийн түрээс авахаар болсон. Гэхдээ тэр түрээсийн мөнгөөрөө байрныхаа өнгө үзэмжийг сайжруулж, хүн амьдрахад аюулгүй байх тал дээр анхаарах юм.
-“Зөв Монгол хүүхэд” хө­­төлбөр танай сургууль дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?
-“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн маань дэд хөтөлбөр болох “Авьяас”, “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлээд наад зах нь шүлэг цээжлүүлэхэд л бүгд сайн тогтоож буй юм. Ном сайн уншуулахаар алдаагүй бичиж байна. Зарим талаар ном уншуулаад шүлэг цээжлүүлээд ирэхээр хүүхдүүдийн нас сэтгэхүйд таарсан, тэдэнд зориулагдсан уран зохиол дутмаг юм. “Авьяас” хөтөлбөрийн тухайд өнгөрсөн жил манай сургууль дээр 27 дугуйлан секц хичээллэлээ. Энэ нь давхардсан тоогоор 580 гаруй хүүхдийг хамруулж чадсан. Өнгөрсөн хичээлийн жилийн сүүлээр Хэнтий аймгийн төв дээр гар бөмбөгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж, найман сумын сургуулийн баг оролцсон. Сумд нэгээс хоёр багтай очиж байхад манай сумаас найман баг очиж оролцоод баг бүр маань амжилт гаргасан. Чаддаг цөөхөнтэй биш аль болох олон хүүхэдтэй ажиллах тусам л тэдний авьяас ундарч гардаг юм байна. Манай сургууль “Сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал” гэж хийдэг. Төгсөх ангийн сурагчидтай хийдэг багш нарын хурал шүү дээ. Өмнө нь хавар хийдэг байсан бол одоо намар хийж байхаар болоод байна. Есдүгээр сарын гуравдугаар долоо хоногт төгсөх ангийн хүүхдүүдээс ямар мэргэжил сонгосон саналыг нь хураагаад мөн түвшин тогтоох шалгалт авна. Ингээд дөрөвдүгээр долоо хоногт хурлаа хийгээд багш нар хүүхдүүдэд ямар чиглэлээр явбал илүү тохиромжтой болох, сонгосон мэргэжлээрээ цааш нь суралцахын тулд яах ёстой талаар зөвлөнө. Хүүхдүүд хэн болохоо мэдэхгүй явсаар сургуулиа төгсөөд яах ийхээ мэддэггүйгээс буруу мэргэжил сонгож, түүндээ сонирхолгүй байснаар амжилт гаргасан зүйлгүй өнгөрдөг. Хичээлдээ тааруу хүүхэд хүртэл малчин болж болно. Энэ чинь нэг сайхан хөдөлмөр. Тэгэхэд хүмүүс малчин бол мэргэжил биш гэдэг. Үнэхээр эмч болох гэж мөрөөдөөд хичээлдээ таа­руу бол эртнээс мэрийх хэ­рэгтэй. Хэрэв чадахгүй бол цаана чинь өөр хөдөлмөр бай­на. Хөдөлмөр бүхэн сайхан гэд­гийг л хүүхдүүддээ аль болох эрт ойлгуулах хэрэгтэй байна.
-Энэ жилээс улс орон даяар бага боловсролын шинэчлэл хийж байна. Энэ шинэчлэлийн гол чиг нь ерөөсөө л хүүхэд бүрт хэрэгцээтэй мэдлэг өгөх. Шинэчлэлийн ажил хэр үр дүнтэй хэрэгжихээр харагдаж байна вэ?
-Хоёр удаа шинэчлэлийн хөтөлбөрийн сургалтад багш нар маань хамрагдлаа. Сургалтаас харж байхад үнэхээр үр дүнтэй хөтөлбөр болж байна. Яагаад замын ихэнд энэ үгийг хэлж байна гэхээр хөтөлбөрөөр хүүхэд бүрт тохирсон мэдлэгийг олгоно гэдэг бол үнэхээр зөв зүйтэй. Уулын мод урттай богинотой гэдэг. Хүн бүр онц сурах албагүй. Хамгийн гол нь өөрт хэрэгцээтэй мэдлэгийг авч боловсрох л чухал. Багш нарыг үнэлэхдээ ч мөн адил онц сурдаг хүүхдээр нь биш хүүхдийн ахицаар нь үнэлэх болж байна. Манай анги долоон онцтой гэдгээрээ багш нар үнэлэгддэг байлаа. Одоо бол хэдэн муу хүүхдийн түвшин дээшилсэн гэдгээрээ үнэлэгддэг болж байна. Тийм ч учраас манай хамт олон “Эвсэг, ажилсаг, тусархаг байя” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа. 

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан