Яг одоогоор нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүй гэж үзэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр акталсан байгаа. Үүнээс оны сүүлээр актлагдсан 14 дүгээр сургуулийн барилга, 38 дугаар сургуулийн өргөтгөлийг буулгаад, дахин барих санхүүжилт хаанаас гаргах нь тодорхойгүй байсан. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд энэ онд 67 барилгын хөрөнгө оруулалтын ажлыг шийдсэн.
Үүний 27 нь энэ ондоо багтаад ашиглалтад орно. Нэн түрүүнд цэцэрлэгийн хүрэлцээг хангах, сургуулиудыг хоёр ээлжээр хичээллүүлэхийн тулд 345 барилга шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Өнгөрсөн онд актлагдсан 14, 38, 73, 32 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэлийн ажлыг концессоор шийдэхээр болсон. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хэлэлцэгдээд явж байна” гэсэн юм.