П.ЛХАГВАЖАРГАЛ
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2013, 2019, 2020 оны аварга 14 жилийн түүхт “Алдар” спорт хорооны “Танан Гарьд” баг цоо шинэ өнгө төрхтэйгөөр “BCH Knights” нэрийн дор энэ улирлыг эхлүүлсэн билээ. Үнэнч дэмжигчдийнхээ уухай дуунд ширүүхэн өрсөлдөөнүүдийг туулсаар “play off”-ын шатанд “Selenge Bodons”-тай таарч, харамсалтайгаа 2024-2025 оны улирлаа өчигдөр өндөрлүүллээ. Хэдийгээр улирлаа өндөрлүүлсэн ч тэд сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн баг мөнөөсөө мөн билээ. Багийн ахлагч, лигийн хоёр удаагийн аварга О.Эрдэнэцогтыг ордон дүүрэн үзэгчид “MVP” гэж уухайлан дуудаж, түүнийг “Ард түмний хүлээн зөвшөөрсөн үнэ цэнтэй тоглогч” гэдгийг дахин баталлаа.Энэ үйл явдлын дараа сүмо бөхийн 68 дахь удаагийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа “Гарьдыг сэргээцгээе! 1980 оны бидний нэгэн үе энэ багийг үүсгэн байгуулж байсан. Бүх зүйл дээр нээлттэй. Ийм супер фанатууд байхад өөр ямар баталгаа хэрэгтэй гэж. Сав нь байна. Сэтгэл нь байна. Фанат нь байна. Хамтарч ажиллацгаая. Танан Гарьд нэртэйгээр” хэмээн нийтэлж, олны анхаарлыг татаад байна. Д.Дагвадорж аварга нь “Гарьд” багийг анх үүсгэн байгуулж, 2023-2024 оны улирал хүртэл багийг удирдаж байсан Б.Буяннэмэхтэй ойрын найзууд ажээ.
Эх сурвалж: zms.mn