Монгол Улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны ач охин Анастасия Цэдэнбал түрүү сард Монголд ирснийг манай сонин уншигчдадаа дуулгаж, ярилцлагыг нь хүргэж байсан билээ. Тэгвэл тэрээр өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст сумд зочлоод иржээ. Өчигдөр тэрээр үндэсний томоохон бүтээн байгуулалт болох “Их Майдар” төсөлтэй танилцсан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа. “Их Майдар” төсөл амжилттай хэрэгжиж байгаа ч энэ жил хөрөнгө санхүүгээс болж бага зэрэг удааширсан гэдгийг төслийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр хэлсэн. Одоогоор Их Майдар хөшөөт цогцолборын барилгын ажил 30 гаруй хувьтай яваа гэнэ.
-Монгол Улсад хийж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажилтай танилцлаа. Төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Их Майдар” төсөл миний төсөөлж байснаас агуу том ажил болжээ. Энэ их ажлыг зоригтойгоор барьж авч ажил болгохоор зүтгэж байгаа хүмүүсийг би үнэхээр гайхан биширч байна. Энэ төслөөс миний сэтгэлийг хамгийн ихээр татсан зүйл бол нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаа юу ч харгалзахгүй бүх хүн төсөлд гар бие оролцож болох юм байна. Энэ төсөл маань цаашид Монгол Улсын хөгжилд маш их хувь нэмэр оруулна. Монголын ард түмний оюун санаа сэтгэлгээг хөгжүүлэх, буддын шашныг Монголд төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлэх томоохон бүтээн байгуулалт болжээ.
-Монголчууд бид Их Майдарын эрин үе ирж байгаа учраас томоохон бүтээн байгуулалт хийх цаг нь болсон гэж үзэж буй. Та буддын шашинтны хувьд энэ бүтээн байгуулалтыг бурхны сургаалийн үүднээс юу гэж бодож байна?
-Надад аливаа зүйлийг урьдчилан харах чадвар байхгүй. Гэхдээ би Бурхан багш, Будда Шагжамунигийн сургаалиар амьдралын үнэнийг олохын тулд суралцаж байгаа энгийн хүн. Цаг хугацаанаас үл хамааран бид хүний биеийг олж төрсөн энэ үедээ бурхан багшийн сургаалийг хүлээн авч суралцаж байгаа маань өөрөө агуу их буян. Тиймээс хүний төрөлд амьдарч байгаа бүхий л цаг хугацаа маань аз жаргал юм даа.
-Та аялал жуулчлалын ажил эрхэлдэг шүү дээ. Монгол Улсын байгалиас илүү иймэрхүү бүтээн байгуулалт жуулчдын сэтгэлийг хэр татдаг юм бол?
-Тэгэлгүй яах вэ, энэ бол маргаангүйгээр сонирхолтой обьект болно. Би Чингис хааны морьт хөшөө, XIII зуун цогцолбор руу жуулчдаа үргэлж илгээдэг. Жуулчдын сонирхлыг их татдаг шүү. Цаашид Их Майдар руу жуулчдаа явуулах байх.
-Өнгөрсөн сард ирээд өвөөгийнхөө төрж өссөн нутгийг зорьсон. Явсан хүнээс үг сонс гэсэн үг бий?
-Увс аймаг үнэхээр миний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн.
-Өмнө ярилцаж байхад дахиад хэзээ ирэх нь тодорхойгүй гэж байсан. Одоо бол тодорхой болчихсон уу?
-Наймдугаар сард ирэхдээ миний тавьж байсан зорилго маань эцэг өвгөдийнхөө унасан газар угаасан усыг үзэх байсан. Очиж үзсэний дараа бол энэ газартай би салшгүй холбоотой байх ёстой гэдгийг ойлгосон. Энд миний үндэс угсаа байгаа юм байна. Цаашид ч би Монгол, Орос улсын гүүр болж ажиллана гэж бодож байна. Монголоос миний сэтгэл хэзээ ч салахгүй. Улаангом хотод очиход хүмүүс надтай уулзахаар үнэн сэтгэлээсээ хүлээж байсан. Хөгшчүүл бүр намайг хараад нүдний нулимс нь цийлэгнэж байлаа. Тэр нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн.
-Танд баярлалаа, дахиад удахгүй уулзахыг ерөөе.
-Би хараахан яваагүй байна шүү.
-Тэгвэл эндээ бүр үлдчих.
-Тийм ээ, эндээ бүр үлдээд нөхөрт гараад, хүүхэд төрүүлмээр байна. /инээв/