07.00 цаг айлын эзэгтэй хамгийн түрүүнд сэрээд нөхөр хүүхдүүдээ ажил сургуульд нь явуулах бэлтгэлээ хийнэ. Цэцэрлэг олж чадсан бол өөрийгөө азтайд тооцож, бага хүүхдээ 08.30 цагаас өмнө цэцэрлэгт хүргэж өгнө. Хэрвээ цэцэрлэгт оруулж чадаагүй бол хадам ээж, өөрийн ээж, за тэгээд наашаа гэсэнд нь аваачиж өгөхөөр хувцаслаад гарна. Харин сургуульд орсон хүүхдүүдээ “зам сайн харж гараарай, хичээлээ тарангуут гэртээ ирээрэй” гээд л өдөр бүр нэг үгээ давтаж хэлээд гаргана. Ямар ч айлын өглөөний дүр төрх нэг иймэрхүү эхэлнэ. Манайхан хэнэггүй юм хойно. Гуравдугаар ангид л орчихвол хүүхдээ сургууль руу нь ганцааранг нь явуулчихна. Яг л ийм нэгэн дүр зургаар Н охин өчигдөр өглөө сургуульдаа явсан. Ээж аав хоёр нь охиноо сургуульд хүрэх замдаа эндчихнэ гэж огт төсөөлөөгүй. “Хичээлээ тарангуут гэртээ ирээрэй” гэж хэлээд л гаргасан даа.
Гэвч охин өчигдөр гэртээ ирэх нь байтугай хичээлдээ ч сууж чадсангүй. Тэр сургууль хүрэх замдаа автозамын ослоор өнгөрчихлөө. Хамгийн аймшигтай нь урсгал сөрж гарч ирсэн цагдаагийн машинд дайруулж амь насаа алджээ.
Тэр юуг мөрөөдөж, ямар хүн болно гэж төсөөлж явсан бол...
Өнөөдөр хэчнээн хүүхэд гэрийнхээ ойролцоох сургуульд суралцаж чадахгүй байгаа билээ. Сургалтын чанар муу, нэг ангид олон хүүхэд сурдаг гэхчлэн янз бүрийн шалтгаанаар олон хүүхэд хэдэн км хол явж сургуульд суралцаж байгаа.
Сургуульд сурахын төлөө Энэтхэг Бангладешт хүүхдүүд дүүжин гүүрээр гол дээгүүр гарч, уул ороосон ганцхан хүний замаар хад чулуугаар явдаг гэдэг ч бидний хүүхдүүд ч тэднээс дутахгүй эрсдэлтэй нөхцөлд сургуульдаа явж байна. Та бод доо. Нийслэлийн гурав, 14, 11 дүгээр сургуулийн барилга өнөөдрийг хүртэл барьж дуусаагүй учраас 6000 гаруй хүүхэд ямар ч байсан зам хөндлөн гарч өөр сургуульд суралцсаар байна.
Замын цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн өгсөн мэдээлэлдээ “Осолд өртсөн ихэнх хүүхэд гэр-сургууль маршрутаар явсан байдаг” гэж онцлон хэлж байсан. Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 594 хүүхэд бэртэж дөрвөн хүүхэд нас барсан гэж байсан. Энэ тоо есдүгээр сар гарсаар нэмэгдсээр байна. Н охин гэр сургууль гэр маршрутаар зорчигч мянга мянган хүүхдийн нэг нь. Гэтэл өчигдөрхөн инээгээд гарсан, уржигдархан ангийнхандаа гайхуулах мөрөөдөлтэй байсан энэ бяцхан зүрх өнөөдөр гашуудан энэлэх эцэг эхээ харж байгаа.
Үрээ алдсан эцэг эх хэнийг харааж зүхэх вэ. Хэнийг ч хараагаад хэнийг ч зүхээд бяцхан зүрх ахин цохилохгүй болохоор...
Гэхдээ Сэлэнгийн Цагдаагийн машин хотод ирээд дуут дохио хангинуулж явсны учрыг олох л хэрэгтэй. Үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд дуут дохио хангинуулж дүрэм зөрчиж яваа цагдаагийн ажилтанд хариуцлага хатуу тооцдог болох хэрэгтэй. Их хотын түгжрэлд заримдаа цагдаа нар бусдыг “атаархтал” дуут дохио хангинуулж урсгал сөрж явах нь хэвийн үзэгдэл шахуу болсон энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Зөвхөн жолоочид төдийгүй тухайн этгээдийг хариуцагч, бүүр дээд дарга ч хариуцлага үүрэх хэрэгтэй. Цагдаагийн шинэчлэл, хуулийн шинэчлэл, шүүхийн шинэчлэл хэмээн зай завсаргүй шинэчлэл ярьсан хуулийнхан хамгийн түрүүнд өөрсдийгөө шинэчлэх хэрэгтэй. Ердөө долоохон хоногийн өмнө Баянзүрх дүүрэгт цагдаагийн албан хаагчид явган зорчигчийг дайрч гэмтээсэн хэрэг гарч байсан. Гэвч хариуцлага хэрхэн тооцсон талаар хэн ч, ямар ч мэдээлэл хийгээгүй.
Саяхан уг нь Цагдаагийн удирдлагыг шинэчилж, жинхэнэ утгаар нь цагдаагийн байгууллагад шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ гэсэн мэдээлэл цацсан санагдана. Ердөө өнгөрсөн сарын 29-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдож тэргүүн комиссор цол гардсан С.Баатаржав хариуцлагатай албанд томилсон Засгийн газартаа баярлаж байгаагаа илэрхийлээд өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрхзүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэж амласан. Түүгээр зогсохгүй төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн албан хаагчид идэвхи санаачлагатай оролцож ажиллана. Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харилцаа, сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд олон нийтдээ илтгэж байна хэмээн ам тангараг өргөөд байсан нь цагаан дээр хараар бичигдэж, магадгүй бэх нь хатаагүй байгаа бус уу.
Гэтэл таны тэрхүү мэргэжлийн өндөр ур чадвартай байх ёстой цагдаа нар бусдын аминд хүрч бас бусдыг гэмтээж байна. Хариуцлагыг хар толгойгоороо та ч бас үүрэх учиртай. Хашлагагүй газраар гэнэт хүүхэд гарч ирсэн, 65 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлээд байгаа танай цагдаад ямар хариуцлага тооцох ёстой вэ. Ахиад асууя.Чухам юуны учир дуут дохио хангинуулж явсан хэрэг вэ. Тэр муу дуут дохиог хангинуулах эрх эрээн машинтай цагдаа бүрт байдаг гэж үү.
Зөвхөн цагдаа ч гэлтгүй жолоо барих эрх олгож байгаа хүмүүсээ ямар чадвартай ямар ухамсартай хүн бэ гэдгийг жолооны шалгалт дээрээ танадаж байх үүрэг бас л та бүхэнд бий. Энэ чинь жолооч болж байгаа нөхөрт төдийгүй бидний үр хүүхэд ах дүүсийн амь настай холбоотой байгаа бус уу.
Амиа тасалж төрүүлсэн үр минь гэж зүгээр нэг хэлдэг үг гэж үү. Үртэй хүн бүрийн зүрх шимширч, өр өвтгөсөн мэдээлэл өчигдөр ч, өнөөдөр ч магадгүй маргааш ч... Гэхдээ маргаашийн мэдээг сайн байлгахын төлөө бид аль байдгаар хичээх хэрэгтэй биз.
19-23 насны гурван залуу барилгаас унаж нас барлаа. Хоёр нь төлбөртөө мөнгө нэмэрлэх гэж ажил хийж байсан гэнэ. Дөрөвдүгээр курсын оюутан байж гэсэн мэдээллийн араас залгаад цагдаагийн машин 12 настай охиныг дайрчээ гэх мэдээлэл. Харуусал хар мөр...