Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дотооддоо үйлдвэрлэсэн хонины ноосон даавуугаар хийсэн дүрэмт хувцсаар ижилсэж эхлээд хоёр дахь жилтэйгээ золгож байна. Ноднин дүрэймт хувцасны нийлүүлэлт оройтсоноос олон хүүхэд авч чадаагүй бол энэ жил бүх ангийн хүүхдийг үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээр хангаад байгаа юм. Эхэндээ материал нь чанартай чанаргүй, загвар нь гоё муухай, размер нь таардаг таардаггүй гээд хэл ам нэлээд дагуулсан ч өнөөдөр эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэйг ойлгож, дотооддоо үйлдвэрлэсэн форм чанартай гэдгийг мэдэх болжээ. Элдэв хэл ам ч намжсан гэхэд болно. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа татвараа төлөн үйлдвэрлэлээ явуулж буй оёдлын салбарынхны ажлыг хийлгэхгүй, олон ч асуудал ар араасаа хөвөрсөөр байгаа гэнэ. Тухайлбал, саяхан БНХАУ-д үйлдвэрлэсэн нейлон даавуугаар хийсэн хуурамч форм зарсан дуулдах болсон. Ингэхдээ “Өэлүн минж”-ийн шошго, “Төмөр трейд”-ийн товч хадсан байжээ. Хуурамч форум нь үндэсний үйлдвэрлэгчдийн шошгыг ашигласнаар тэдний нэр хүнд унахад хүргээд буй юм. Бодит байдал дээрээ үйлдвэрлэгчид гаднаас форм оруулж ирээгүй, өөрсдийн хүч боломжоороо бүх хувцсаа үйлдвэрлэж, хангалт хийсэн гэдгээ учирлаж, энэ дагуу хуулийн байгууллагад ч ханджээ. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл хэр байгаатай танилцахаар зарим үйлдвэрт очсон юм. Зөвхөн бага ангийн эмэгтэй сурагчийн дүрэмт хувцас гэхэд таван эсгүүрчин, 30 орчим оёдолчны гараар бүтдэг аж.
Үүн дээр борлуулалтын болон бусад зардлыг нэмж тооцвол нэлээд өндөр өртөг шингэж байгаа нь гарцаагүй. Гэтэл хямд төсөр, хүүхдийн эрүүл ахуйд нийцэхгүй хувцас хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирж байгаа нь эх орноо худалдсанаас өөрцгүй хэмээн үйлдвэрлэгчид халаглаж сууна.
Уг нь холбогдох албаныхан хуурамч формын асуудал дээр хяналт тавиад эхэлжээ. Мөн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд дэвшилттэй олон зүйл байгааг ч үйлдвэрлэгчид хэлж байна. Дүрэмт хувцас хүүхдэд нь таарахгүй байна гэх гомдол мэр сэр гардаг. Тэгвэл үүнийг шийдвэрлэх дэвшилтэт технологи болох 3D скайнер оруулж ирээд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийг бүхэлд нь уншиж яг биед нь таарсан форм үйлдвэрлэх боломжтой болжээ. Өнгөрсөн жилээс өрнөсөн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл гэхэд даавуун материалын ноос нийлүүлдэг малчдаа оруулан тооцох юм бол 500 гаруй мянган хүний хүч хөдөлмөр шингэж, тэр хэрээр тэдний амьдрал ахуйд нөлөөлсөн дэвшилтэй ажил болсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Зөвхөн үйлдвэрлэх явцад л гэхэд 60-аад үйлдвэрийн 2500 орчим ажилтан оролцжээ. Манай улсын хүн амын 500 орчим мянга нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Тэднийгээ энэ жил дүрэмт хувцсаар бараг бүрэн хангажээ. Дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд хүүхдийн сурах тайван байдлыг бүрдүүлж болохуйц өнгөтэй, эдэлгээ даах чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой гэхчлэн олон нарийн шаардлага тавьдаг. Монгол Улс сурагчдаа яг ийм бүтээгдэхүүнээр хангаад байгаа юм. Дашрамд дурдахад Японы сурагчид гэхэд чанартай хувцас өмсөх ёстой гэдгээ бүгд мэддэг, “Газар хөдлөх юм бол намайг хувцаснаас минь татна” хэмээн ярьдаг юм билээ.

-Танай компани сурагчийн дүрэмт хувцасны хэдэн хувийг хангаж байна вэ?
-Манайх Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн сурагчдыг формоор хангах гэрээ хийсэн. Нийт 87 мянган дүрэмт хувцсыг “Торгон хийц” компанитай хамтран хийж байгаа. Үндсэндээ нийлүүлээд дууссан. Гэхдээ нэмэлт захиалгууд орж ирж байна. Энэ жил нийт сурагчийн 70 хувийг формоор хангана гэсэн гэрээ хийсэн ч бүх л сурагч авахыг эрмэлзэж байна.
-Та бүхэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Ноднин бол их олон саад бэрхшээл тулгарч байлаа. Харин энэ жилээс эцэг эхчдүүд мэддэг болсон байна. Яг одоогийн нөхцөл байдалд ахлах ангийн сурагчдын форм жаахан хомсдоод бид дахин үйлдвэрлэж байна. Уг нь ахлах ангийнхны формыг бүрэн оёод дууссан. Гэтэл есдүгээр ангийн сурагчид ирэх жил бас өмсөх юм чинь гээд дунд ангийн форм авахгүй шууд ахлах ангийнхыг аваад байгаа нь хомсдол үүсэхэд хүргэлээ. Ийм зүйл бүх л үйлдвэрт тохиолдож байгаа байх. Тавдугаар ангийн сурагчид ч ялгаагүй. Бид тэдэнд бага ангийн дүрэмт хувцас оёсон байхад дунд ангийнхыг авна гэдэг. Өөрөөр хүндрэл бэрхшээл гэх зүйл алга даа.
-Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг болсноор танай үйлдвэр хэр өргөжсөн бэ?
-Манай үйлдвэр өмнө нь 30-аад ажилтантай л байсан. Харин дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлснээр 120 хүнтэй болсон. Дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэж байгаагийн нэг сайн тал нь олон хүнийг ажлын байраар хангах юм байна. Ноднин хүүхэддээ форм авч өгсөн эцэг эхчүүдийн сэтгэлд хүрсэн гэдэг нь энэ жил тодорхой. Эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэжье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсонд хувьдаа их баяртай байгаа. Гэхдээ бидний оёсон бүтээгдэхүүний чанар чансаа нэг жилд бүрэн танигдахгүй. Материал размерын тал дээр гомдол гараагүй. Энэ жилээс борлуулалтад мэргэжлийн хүн тавьсан болохоор хүүхдийг хараад л шууд таарах размерыг нь гаргаж өгөөд явж байгаа.

-Сурагчийн формыг эх орондоо үйлдвэрлэж байгаагийн тухайд таны санал сэтгэгдлийг сонсмоор байна?
-2012 оноос эхлээд сурагчийн дүрэмт хувцсыг оёх олон талт арга хэмжээг Засгийн газар, БСШУЯ, ҮХААЯ явуулж, амжилтанд хүрлээ. Хөнгөн үйлдвэрийн салбар ерөнхийдөө босч ирэх анхны суурь тавигдсан гэж боддог. Оёод гарсан бэлэн бүтээгдэхүүн ард иргэдэд очих эхний шатанд аль аль талдаа алдаатай ойлголцохгүй зүйл гарч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ч туршлагажлаа. Би эх орондоо хүүхдийн дүрэмт хувцас оёж байгаагаараа их бахархдаг. Наад зах нь Төв аймагтаа олон хүнийг ажлын байртай болгосон. Ажилчид ч сайн цалин хөлс авдаг болсон. Дээд тал нь хоёр сая доод тал нь 800 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ жилээс эцэг эхчүүд мэдээлэл сайтай болжээ. Материал нь нээрээ сайн юм байна шүү гэдэг. Манай хүүхэд ямар размер өмсдөг юм бол гээд орж ирдэг байсан бол одоо 64/128 размер авъя гээд орж ирдэг боллоо. 128 нь хүүхдийн өндөр, 64 нь цээжний тойрог шүү дээ.
-Түгээлтийн тухайд бэрхшээл гарч байна уу?
-Жирийн үйлдвэрлэгч бид хотод болон орон нутагт борлуулалт хийх үнэхээр амаргүй. Энэ нь бидний хийх ёстой ажил мөн үү, үгүй юу гэдэг дээр их маргалддаг. Би хувьдаа борлуулалт, түгээлтээ хамт хийх нь буруу гэж боддог. Бид дараагийн бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуулах ёстой байтал борлуулалт хөөгөөд явж байна шүү дээ. Гэхдээ ямар ч байсан, ядаж хүүхдийн дүрэмт хувцсыг эх орондоо нутагшуулж байгаа маань бидний баяр бахдал.
-Олон хүнийг ажлын байртай болгосон гэж байсан. Хэчнээн ажилтантай вэ?
-315 ажилтантай. Тэдний 47 нь тэргэнцэртэй хэлгүй дүлий. 72 эмэгтэй нь өрх толгойлсон. Өнөөдөр эх орны хонины ноосоор хийсэн формоо бүх хүүхэд өмсөөд гялалзаж явна. Мөн энэ хувцсыг авах боломжгүй 4000 хүүхэд байна шүү дээ. Бид боломжоороо нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, чадлынхаа хэрээр туслахыг боддог. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 60 хүүхдэд манайх дүрэмт хувцас өгсөн. Ээж нь усанд осолдоод өнчирсөн хоёр хүүхдэд мөн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцсыг нь өглөө. Мөн ажилчдынхаа хүүхдүүдэд дүрэмт хувцсыг нь өгдөг. Би татвара төлнө, өрөө төлнө бусадтай адилхан л болохоор бүгдийг нь үнэгүй өгөөд байх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн халамж шаардлагатай эдгээр хүүхдийг дүрэмт хувцастай болгох тал дээр төр болон олон улсын, хувийн байгууллагууд ч анхаарч сэтгэлтэй хандаасай гэж хүсдэг.
-Хуурамч форм худалдаанд гаргасан гэх яриа гараад байгаа. Энэ тухайд?
-“Нарантуул” зах дээр яг “Өэлүн минж”-ийн шошготой манай компанийн таних тэмдэгтэй товчтой форм зарж байсан. Бид Нийслэлийн боловсролын газар, “Нарантуул” захын удирдлагатай хамтраад арга хэмжээ зохион байгуулсан. Гомдол саналаа хуулийн байгууллагад ч гаргаад байгаа. Цагдаагийнхан хяналт тавьсан ч цагдааг явсан хойгуур ил гаргаж ирээд зараад байгаа тохиолдлыг үгүйсгэхгүй. Нейлон маш муу материалтай юм билээ. Наймаачид бөөсрөхгүй гэж сурталчлаад зараад байгаа гэсэн. Нэг форм, нэг талхаа Эрээнд авч очоод дуурайчих гээд хийлгээд байвал бидний эх орон худалдагдаад дууслаа. Өдөр бүр улсдаа татвар өгч, иргэдээ ажлын байраар хангаж, цалин өгч байгаагийн үр дүн алга болно. Тэгээд хог шиг муу материалтай хувцас оруулж ирээд зах зээл дээр худалдахаар бидний үнэ цэнэ, нэр хүнд уначихаад байна. Маш их гомдолтой байгаа. Гэтэл биднийг элдвээр хардаж сэрдээд их хэцүү байна.
-Танай товчийг хаанаас авсан байж таарах вэ?
-Бид Эрээн юм уу, Бээжинд хийлгээгүй. Вьетнамтай хамтарсан товч хийдэг үйлдвэрт хийлгэсэн байхад яг адилхныг долоохон хоногийн дараа гаргаад ирсэн байдаг. Ялгах юм юу ч байхгүй. Товчин дээр ухаж гаргасан таних тэмдэг хүртэл ижилхэн. Үүнийг хийх гэж бид нэлээд судалж бодсон. Бидний оюуны өмч юм шүү дээ.