Э.Бат-Үүл Хотын дарга болсноосоо хойш хязгаарлах талын арга хэмжээг эрчимтэй өрнүүлсэн. Онолын хувьд боломжтой, практик жишээ ч бий хэмээн нутагшуулсаар ирсэн түүний “дэглэм” дор автомашины, барилгын, агаарын бохирдлын гээд Улаанбаатар хотын гол асуудлууд цөм багтана.
Гэвч нийтийн хязгаарлалтаас бусад нь хэрэгжиж гавьсан зүйл одоогоор алга гэдгийг хэд, хэдэн жишээнд тулгуурлан хүргэж болно. Тухайлбал, Э.Бат-Үүл “Яг одоо гараад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа барилгын цахилгааныг тасал” хэмээн олноос оноо цуглуулсан үйл явдлыг эргэн сануулж болох юм. Харамсалтай нь, усан оргилуур барих нэрийдлээр газрын зөвшөөрөл авч, мэргэжлийн хяналтын газрын хамар дор оффис үйлчилгээний барилга болгож хувиргасан үйл явдлаас эхтэй түүний дээрх уур хилэн хэдхэн хоногийн настай байв.
Өнөөдөр түүний дэлгэсэн зөвшөөрөлгүй барилгын жагсаалт хэнд ч сонин биш болж, хэлсэн үг нь үнэ цэнээ алдлаа. Учир нь, он гарсаар 14 хүн барилга дээрээс унаж нас барсан гэх харамсалтай тоо баримтыг мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэв. Тиймээс Э.Бат-Үүлийн дээрх ажил иргэдийн дунд төсөөлөл, мөрөөдөл төдий үлдэж, барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол буурах шинжгүй болов.
26 барилга зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна
Эмгэнэлтэй нь мэргэжлийн хяналтын газраас “Өнөөдрийн байдлаар 26 барилга зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна” гэх тоо баримтыг дэлгэлээ. Үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, торгууль шийтгэвэр ногдуулсан ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэмээн тус газар нэмж булайгаа дэлгэв. Угтаа бол Хотын дарга Э.Бат-Үүл “Мэргэжлийн хяналтын газарт торгууль тавих, үйл ажиллагааг нь зогсоох, цаашлаад нураах хүртэл эрх нь бий” хэмээн хэлсэн удаатай. Гэвч эрх, үүргийнхээ хэмжээнд ч барилгын салбарын дутагдлыг зогсоож чадахаа больсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрчээ.
Нөгөөтэйгүүр, энэ сарын 7-ны өдөр “S Development” компанийн захиалгаар “БоБи констракшн” гүйцэтгэж байсан “River Stone” барилга дээрээс гурван залуу унаж амиа алдсан хэрэг мөн л мэргэжлийн хяналтын газрын доголдлыг тод, томруунаар илчиллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ч “Осол гарсан барилга нь зөвшөөрөлгүй баригдаж байсан.
Хяналтын улсын байцаагчид тус барилгад өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийж, барилгын ажлыг албан ёсоор зогсоогоод байсан. Гэхдээ нууцаар үйл ажиллагаа явуулж байсны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид эрчим хүчийг нь хязгаарлаж өгөх хүсэлт хүргүүлээд байсан” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр дуулгав. Магадгүй бахь барьж очоод хууль зөрчсөн газар тэр дор нь цахилгааныг таслахад ч буруудахгүй байхад бие бие рүүгээ бичиг, цаас чулуудсаар бүтэн таван сарыг барсны улмаас гурван залуу амь насаа алдах нөхцөл боломж үүсгэсэн ч байж болох юм.
Тиймээс мэргэжлийн хяналтын гэх асар том бүтцийг ажлын чиг үүргийнхээ дагуу толгойлдог Шадар сайд Д.Тэрбишдагва салбартаа анхаарч, акт тавихаас хэтрэхгүй байдалд анхаарлаа хандуулах цаг иржээ. Цаашлаад барилга барих зөвшөөрөл олгох, түүнийг нь шалгах, барилгын давхраас хамааран өөр, өөр яам, агентлагууд хариуцдаг завхралыг нэг тийш болгох хэрэгтэй болж. Дээрх хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоохын тулд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Барилга, хот байгуулалтын яаманд мэргэжлийн хяналтынхан хүсэлт хүргүүлсэн гэдгийг ч санахад илүүдэхгүй юм.
Туслан гүйцэтгэгчид эрүү үүсгэсэн
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хийсэн Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга “Дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс захиалагч, гүйцэтгэгч, ажил олгогч, хөдөлмөр хамгааллын инженер гээд бүх оролцогч талуудыг ажил үүргийн хуваарийн дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар туслан гүйцэтгэгч компанийн захиралд эрүү үүсгээд байна. Тухайн өдөр амиа алдсан залуус хөдөлмөр хамгааллын нөхцөлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт нь олдсон” хэмээн мэдээлсэн юм. Гэхдээ тус газраас бичиг хэргийн шинжилгээ хийж өөрсдийнх нь гарын үсэг мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
2011-2013 онд нийслэлд 126, улсын хэмжээнд 173 осол гарав
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 470 гаруй барилгын ажил үргэлжилж байна. Харин энэ салбарт 2011 онд 46, 2012 онд 56, 2013 онд 24, 2014 онд 14 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн нь буурч байгаа үзүүлэлт хэмээн тус газрын дарга Л.Эрдэнэчулуун иш татан хэлж байна. Гэвч тус газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын судалгаанд 2011 онд 65, 2012 онд 69, 2013 онд 39 осол бүртгэгдсэн хэмээн гарсан байдаг. Харин нийслэлийн болон улсын хэмжээний гэх энэ тооны зөрүүг мэргэжлийн хяналтынхан ялгаж хэлээгүйн улмаас иргэдийн дунд аль тоог нь үнэн зөв гэж хүлээж авах вэ гэсэн эргэлзээ төрж эхлэв. Үүнээс үүдээд мэргэжлийн хяналтынхан тоо баримтаа ч нэгтгэж чадахгүй гэх хэл ам дагууллаа. Гурван хүний үхэлтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл хийхдээ ч алдаа гаргаж, өөрсдийгөө зөвтгөсөөр ослын тоо буурч байна гэж хэлэх нь хэр хүнлэг үйлдэл вэ гэх шүүмжлэл онлайнаар олны хэлэлцэх асуудал болж хувирав. Ингээд эцэст нь мэргэжлийн хяналт гэх байгууллага хэрэгтэй юу хэмээх асуудлыг иргэд өөрийн эрхгүй сөхөхөд хүрч байна.