“The Wall Street Journal” сонинд мэдээлж байгаагаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагчдыг Хятадын 700 цэргийн албан хаагчаар зузаатгахаар болжээ. Шинээр ирж байгаа урд хөршийн энхийг сахиулагчид Өмнөд Суданы газрын тосны орд газар, тэдгээрт ажиллаж байгаа хятад мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангахад голлон анхаарна гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Атени Век Атени мэдэгдэв. 700 цэргийн албан хаагч гэдэг нь нэг батальон болох бөгөөд тэднийг ойрын өдрүүдэд онгоцоор Өмнөд Суданд хүргэнэ. Хятадын энхийг сахиулагчид газрын тосны объектуудыг хамгаалахдаа шаардлагатай гэж үзсэн бүх зэвсэг, техникээ ашиглах эрхтэй гэдгийг Ерөнхийлөгч Атени бататгаж.
Иргэний дайны байдалтай улсад НҮБ-ын мандатаар аль нэг орны энхийг сахиулагчдыг байрлуулах нь онц анхаарал татах үйлдэл биш. Ер нь хэн ч тоож анхаардаггүй. Жишээлэхэд, Монголын цэргийн албан хаагчид энэ улсад үүрэг гүйцэтгэх болсон гэдгийг манайхаас өөр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээгүй. Харин Хятадын батальон Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боллоо гэдгийг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэлээд түгшүүртэй хүлээн авчээ.
“The Wall Street Journal” сонинд “БНХАУ-аас явуулж байгаа батальон нь НҮБ-ын удирдлага дор ажиллах хэдий ч Өмнөд Суданд Хятадын цэргийнхэн байрлана гэдэг тус улс Африк дахь өөрийн ажилчид ба объектуудын аюулгүй байдлыг хангахад гаргаж байгаа хүчин чармайлтаа огцом нэмэгдүүлж буйг илтгэж байна” гэжээ.
“The Wall Street Journal” сонины мэдээлж байгаагаар Хятадын төрийн мэдлийн газрын тос ба шатдаг хийн компани “CNPC” нь Өмнөд Суданы газрын тосны орд газруудад ажилладаг том компанийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг. Энэ компани нь олборлосон газрын тосыг хөрш зэргэлдээ Судан улсаар дамжуулан Улаан тэнгисийн эрэг дээрх боомт ордог 1600 км үргэлжилсэн хоолойн системийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг.
Өөрөөр хэлбэл, Өмнөд Суданд хайртайдаа биш харин өөрийн шатахуун, газрын тосны аюулгүй байдлыг хангахын тулд цэргээ явуулсан болж таарав. Си Жинпинь олон улсаас тусдаа тушаал гаргаад манай газрын тос дамжуулах хоолойг хамгаал гээд цэргээ явуулсан бол маш их дуулиан дэгдэх байсан биз. Тэр тусам өөрийн ашиг сонирхлыг НҮБ-ын явуулж байгаа энхийг сахиулах хүчээр далдалж байгаа нь олон улсан тавцан дээрх идэвх нь эрс нэмэгдсэн хэрэг гэж шинжээчид үзсэн байна. Зүгээр ч нэг нэмэгдээгүй их ухаалгаар НҮБ-ын далбаагаар халхлан хүчирхэгжсэн гэнэ.
Дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлэх дийлэнх үйл явдал Африк тивд болж байгаа одоо үед Хятадын батальон цэрэг тийш явна гэдэг бусад их гүрнүүдийн хувьд тун ч таагүй “мессэж” гэж болно. Сири, Ливид болж үйл явдал үүний жишээ. “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл ба тэднийг дэмжигчдийн явуулж байгаа үйл ажиллагаа Хойд Африкт үүртэй гэж болно. “НАТО” , Европын холбоо гэсэн хүчирхэг байгууллагууд энэ үүрийг дарах гэж асар их мөнгө зарж байна.
Дээд зэргийн прагматик байдлаас хандвал Африктаа лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гээд орхиж болох. Гэвч тэгэхгүй байна. Энгийн жишээ татья. Төв Африкийн Бүгд найрамдах улсад болсон улс төрийн хямралын дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тушаал буулган тусгай хүчнээ илгээж төрийг нь эргүүлж байв. Франц ардчилалд их хайртай болохоор энэ улсад цэрэг оруулж төр эргүүлээд байгаа юм уу гэтэл үгүй аж. Манай улсад ч ажилладаг нэр бүхий компани энэ улсад уран олборлолт хийгээд олон жил болж буй. Шинээр засгийн эрхэд гарсан хүмүүс Францын компанийн, өөрөөр хэлбэл Францын эрх ашгийг авч хэлэлцэхгүй гэжээ. Тэгээд л хариуд л Олланд цэргээ оруулж хуучин хүмүүсийг буцаан засгийн эрхэнд гаргасан хэрэг. Яагаад Африк тивд байгаа орнуудын байгалийн баялагт өрнөдийн орнууд ингэтэл их анхаарал тавиад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ.
Европ, Ази, Хойд ба Өмнөд Америкт байгалийн баялаг хангалттай их бий. Шавхаж дуусаа ч үгүй байгаа. Гэхдээ эдгээр тивийн жирийн иргэдийн мэдлэг боловсрол Африкаас арай өндөр. Тиймдээ ч баялгийг нь ухах гээд тив дамнасан том корпорациуд ороод ирэхээр ажлын хүчээ нутгийн иргэдээс ав, цалин хөлсийг өндөр байлга, татвар суутгалаа төл гэх мэт олон шаардлага тавьж гүйцэтгэлд нь хатуу хяналт тогтоодог.
Харин Африк бол өөр. Ажилчдын цалин хөлсний талаар ярьдаг үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөн гэж байхгүй, байгаль орчин ба экологийн аюулгүй байдал гэхээр мэддэг хүн бараг байхгүй шахуу, татвар суутгал, нийгмийн халамжийн асуудлыг эрх баригчдад ялихгүй хахууль өгснөөр шийдэж болдог.
Иймд Америк эсвэл Европ, Азийн компаниуд өөрийн нутаг дээр тавь жаран төрлийн татвар суутгал төлж, ажилчдад өндөр цалин өгөн байж байгалийн баялгийг олборлож боловсруулах уу эсвэл эрх баригчдад нь “таван цаас” өгөөд нөхөн сэргээлт, ажилчдын цалин, нийгмийн халамжийн мөнгө энэ тэр төлөлгүйгээр Африкт ажиллах уу гэдэг асуултад хариулах шаардлага тулгарсан. Хариулт нь ойлгомжтой Африкт байгаа орд газрыг ашиглах нь бүх талаар ашигтай. Иргэний хөдөлгөөн нь жагсаал хийвэл буудчихна, цалин нэмэхийг шаарвал хоёр гурван доллараар бус харин нэг центээр нэмэхэд л хангалттай. Боломж таарвал үйлдвэрчний эвлэлийн даргад нь авлига өгчихвөл цалин нэмэх шаардлагагүй болно гээд том компаниудад боломж олон. Ажлын хүч хямд, Хятадаас хямд, эрх баригчид нь авлигад нэвт идэгдсэн гэдэг “давуу” эрх байгаа тул АНУ, БНХАУ, ОХУ –ын том компаниуд хар тивийн орд газруудын төлөө далд “дайн” өрнүүлээд нэлээд хэдэн жил болж байгаа нь нууц биш. Энэ дайнд манай урд хөрш ялагч болсоор олон жил болсон гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдэг АНУ ба Африк тив хоорондын худалдааны хэмжээ 89 тэрбум ам.доллар байхад БНХАУ ба Африк хоорондын арилжааны хэмжээ 206 тэрбум ам.доллар байх жишээтэй.
Америкчууд Европ эсвэл Азид болж байгаа үйл явдлыг шийдвэрлэх үүрэгтэй гэж үзээд Африкийг мартсан хэрэг. Барак Обама ч судсаар нь Африк цус гүйж байгаа гэдгийг мартсан бололтой. Санаад дөнгөж ухаан ортол манай хойд ба урд хөрш хэдийнэ бүгдийг эзэлчихсэн. Энэ байдлаас гарахын тулд Америкт юу хэрэгтэй вэ? тухайн улс орны эрх баригчдыг өөрчлөх, өөртөө үнэнч хүнээр солих хэрэгтэй. Гэхдээ шууд очоод бөмбөгдөөд байж болохгүй, шалтаг хэрэгтэй. Шалтаг нь ардчилал.
Америкчууд ардчилал, хүний эрх гэх мэт тэнгэрийн юм ярьж газраас зулгаах гэж байх зуур хятадууд хэдийнэ газрын юм ярьж газраас нь зулгаагаад эхэлсэн. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ нь нэгэн цагт ЗХУ-ын явуулж байсантай яг адил бодлого явуулан Африкийг байлдан дагуулж байна.
ЗХУ-ын үед манай талын гэдгээ л баталсан бол Зөвлөлт өөрийн зардлаар зам, сургууль, орон сууцны хороолол бариад өгчихдөг байв. Яах гээд ийм их үргүй зардал гэсэн эдийн засагчдын асуултад “Бид энд олон жил байна” гэсэн хариу өгдөг байв. Үнэхээр ч байргүй газар байр бариад, замгүй газар зам байгуулаад, сургуульгүй газар сургуультай болгосон улсад жирийн иргэд нь ямагт сайнаар дурсдаг.
БНХАУ одоо яг ийм замаар явж байна. Африкийн улсуудад өдөр болгон шахуу сургууль, цэцэрлэг, зам, орон сууц барьж өгч байна. Танай байгалийн баялгийг ашиглаж байгаа ч хариуд нь бид юм хийж өгсөн шүү гэсэн мессежийг хүн амд нь өдөр болгон илгээсээр. Хятадад хэдий дургүй ч харсаар байтал сургууль, цэцэрлэг зүгээр барьж өгөөд байхад ядаж л ёсыг бодож баярлалаа гэж хэлэхгүй үлдэх хүн гарахгүй байх.
Тэр тусам Украины хэрэг явдалтай холбоотойгоор Орос, АНУ, Европын холбоо нь Африк тивийн асар их эд баялгийг эрх мэдэлдээ оруулахын тулд залуучуудыг нь өөрийн улсын сургуульдаа үнэгүй сургах кампанит ажил эхлүүлсэн тухай мэдээ ирж байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаар арвин улсуудаас хэн нь хамгийн олон оюутан элсүүлэх вэ гэсэн уралдаан зарлаад байгаа юм байх. Аливаа нэг улсын мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад улсад бэлтгэнэ гэдэг ямагт эрсдэл дагуулдаг.
Учир нь, дөнгөж ухаан орсон залууг өөрийн хэл соёлд сургана гэдэг дагалдаад өөрийн улсын талыг баримтлагчийг бэлдэж байгаа хэрэг болдог. Товчхон хэлэхэд Хар тив гэсэн өргөмжлөлтэй Африкийн төлөөх тэмцэл дөнгөж эхэлж байна. Өрнөд Европын орнууд 200-300 жил дарангуйлсан байж болох ч энэ тивийн баялаг, нөөцийг сорж мөлжиж бараагүй. Бараагүй төдийгүй геологийн хайгуул хийж байгаа хүмүүс стратегийн чухал ач холбогдолтой гэж болохоор орд газруудыг жил болгон шахуу шинээр нээж байгаа. Ийм үед Хятадыг Өмнөд Судан руу энхийг сахиулах зорилгоор цэргээ явуулна гэдэг мэдээ Өрнө дахиныг төдийгүй өөр олон улсыг түгшээсэн нь ойлгомжтой.