Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, иргэдийнх нь хоол унд, унаа хөсөг, цахилгаан, түлээ зэрэгт нэг өдөр зарцуулж байгаа мөнгөөр аливаа улсын баян ядууг тодорхойлох боломжтой.Эдийн засгийн шинжээчид эдгээрийг тодорхойлохдоо дэлхийн валют гэгддэг ам.долларыг ашигладаг. Ингэснээр ам.долларын ханшаар тухайн улсын иргэд хэр баян эсвэл ядуу байгааг багцаалддаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, хоногт зарцуулж байгаа мөнгөн дүнгээр өрнөдийн орнууд дэлхийд толгой цохидог. Швейцарь, АНУ, Лихтенштейн, Люксембург, Герман гээд ярихаар “Тэнд төрчихгүй яав даа” гэж уулга алдах хүн ч цөөнгүй. Нөгөө талаас “Бурхан минь, ямар азаар тэнд биш энд төрөө вэ” гэж баярлахад хүргэдэг улсууд ч байх. Эдгээр улсууд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь бага, ажилгүйдэл, ядуурал гуйланчлал гээд бүх л үзүүлэлтээрээ толгой цохиж байдаг.
Нэн ядуу болохоор хүн амынх нь ихээхэн хэсэг хоногт хоол унд, унаа хөсөг, цахилгаан, түлээ нүүрс гээд бүх зүйлдээ нэг ам.доллар ч хүрэхгүй мөнгө зарж гол зогоохоос өөр аргагүй. Дэлхийн банкнаас ийм улсуудыг тодруулжээ. Нэг ам.доллар хүрэхгүй гэдгийг Монгол мөнгөнд шилжүүлвэл 1000 төгрөг болж байгаа юм. Ингээд хоногт 1000 төгрөгөөр гол зогоож байдаг орнуудтай танилц.
Зимбабве
Энэ улсад хүн амынх нь 36 хувь нь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог. Мугабе гээч этгээд бүгдийг тэгш хувааж тараагаад баяжина гэж уриа гарган цагаан арьст фермерүүдийн газрыг булаан авч хар арьстнуудад тараан өгсөн.
Гэтэл хүний бэлэн юм авсан нөхдүүд нь газар тариалан эрхэлж эрхэлж, бизнес хөтлөж чаддаггүй байж таарав. Дээр нь санхүүгийн мунхуу бодлого явуулж, мэргэжилтэй боловсон хүчин асар их дутагдсан тул Зимбабвегийн эдийн засаг, санхүү сүйрсэн юм.
Жил гаруйн өмнө Зимбабвегийн Төв банк дансанд нь ердөө 20 мянган ам.доллар үлдээд байна гэж мэдэгдэж байв. Үр дүнд нь энэ улсын хүн амын 71 хувь нь нэн ядуу, 36 хувь 1000 төгрөгөөр хоол, унд залгуулсан болж амьдардаг.
Балба
Манай улсын тэжээгч гол салбар нь уул уурхай бол Балбын хувьд аялал жуулчлал. Иймд Балбын эрх баригчдын хувьд энэ салбарыг улам өргөжүүлэх, илүү олон жуулчид татах нь амин чухал асуудал.
Гэвч уул уурхай эсвэл аялал жуулчлал гэх мэт ганцхан салбарыг хөгжүүлээд бусдыг нь орхигдуулсан улс өөдлөж чаддаггүй гэдгийг Балба харуулж байна. Энэ улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 750 ам.доллар. Үүний дээр жирийн иргэд нь нийгэмд эзэлж байгаа байр сууриа дээшлүүлэх, шат ахих боломж бараг байхгүй, дээд сургуулийн тоо ба чанар хангалтгүй, дэд бүтэц дорой. Үүнээс болж Балба Хүний хөгжлийн индексээрээ 187 орноос 157 дугаарт ордог. Энэ улсын хүн амын 37 хувь нь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог.
Мозамбик
Мозамбикийн хүн амын 80 хувь нь газар тариалан эрхлэн аж төрдөг.
Өөрөөр хэлбэл хүн амын дийлэнх нь хөдөө тосгонд натурал аж ахуй эрхлэн амьдардаг. Хот суурин газар амьдардаг хүмүүсийн амьжиргааны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн ч хотжилтыг дагаад ажилгүйдэл газар авсан. Энэ улсын хүн амын 38 хувь нь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог.
Лесото
Энэ жижигхэн улс нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын дотор байрладаг гэдгээрээ тун онцлог.
Дэлхий дээр өөр ийм улс байхгүй. “Бүслэн” тойрсон улсынх нь ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 10 мянган ам.доллар бол Лесотогийнх 5000. Ажилгүйдэл 24 хувь. Хүн амынх нь 43 хувь нь 1000 төгрөгөөр үнэлэгдэх хоол хүнс, усаар гол зогоож байдаг.
Энэтхэг
Энэтхэгийг дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай таван улсын эвсэл буюу БРИКС-ийн гишүүн, гадаадаас хамгийн их зэвсэг экспортлодог, цөмийн зэвсэгтэй, хүн амын тоогоор удахгүй манай урд хөршийг давж гарна гэдгээр нь бүгд мэднэ.
Гэхдээ Энэтхэгт гурван хүн тутмын нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл, засмал зам гэх мэт дэд бүтцийг ашиглах боломжгүй, 300 сая хүн цахилгаан байдаг гэдгийг мэддэггүй. Энэтхэгт үйлдвэржилт хурдацтай явагдаж байгаа ч хөдөө аж ахуй шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Үүнээс болж Энэтхэгийн тэрбум гаруй хүн амын 44 хувь нь хоногт 1000 төгрөгөөр амьдардаг.
Мадагаскар
Арлын энэ улсыг дэлхийн нийтээр ийм нэртэй хүүхэлдэйн киногоор сайн мэднэ. Дэлгэцнээс харахад ой мод, гадил жимс араатан амьтад гээд сайхан харагддаг. Гэвч Мадагаскарын ДНБ-ий нэг хүнд ногдох хувь 499 ам.доллар.
Уул уурхайн салбар нь овоо хөгжөөд эдийн засаг нь уналтаас гарч бүр хоёр хувь хүртэл өсдөг болсон. Гэвч энэ өсөлт нь хүн амын өсөлтийн хаана ч хүрэхгүй. 1993 онд 13 сая байсан хүн ам нь одоо 22 сая болж нэмэгджээ. Энэ улсын хүн амын 49 хувь нь өдөрт 1000 төгрөгөөр амь зогоодог.
Сьерра-Леоне
Манай энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байсан гэдгээр нь бид сайн мэддэг энэ улсын хүн амын 57 хувь нь хоногт 1000 төгрөгөөр амь зогоодог.
Сүүлийн үед иргэний дайн зогсож, улс төрийн байдал тогтворжин төмрийн олборлолт, үйлдвэрлэл сэргэсний ачаар эдийн засаг нь арай гайгүй болсон. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 60 хувь нь ажилгүй, боловсролын систем гэж нэр төдий, эрүүл мэндийн салбар нь дөнгөж сууриа тавьж байгаа гэж болно.
Гамби
Африкийн хамгийн жижиг газар нутагтай улс. Хүн ам нь хоёр сая. Дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хувь нь 508 ам.доллар. Төсвөө самрын модны экспортоор бүрдүүлдэг. Ийм байхад яаж олигтой байх билээ. Хүн амын 59 хувь нь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог. Осолтгүй л хөдөө орон нутагт натурал аж ахуй эрхэлдэг тулдаа л өлсөж үхэлгүй явдаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Буркина-Фасо
Энэ улсын хүн амын олонх нь залуучууд. Харамсалтай нь хөгжөөд цэцэглээд байгаадаа биш харин өндөр наслах тун хэцүү болохоор залуучуудын орон болжээ.
Африкийн саваннад байрладаг 20 хүрэхгүй гол горхитой болохоор цэвэр усны байнгын гачлантай тулгарна. Борооны ба хуурай гэсэн хоёрхон улирал ээлжилж байдаг газар энэ тун ч том асуудал юм. Жилийн талд нь бороонд нороод, талд нь ганд нэрвэгддэг гэсэн үг. Буркина-Фасод экспортлодог олборлодог зүйлс алтнаас эхлээд олон байдаг ч хүн амын 60 хувь нь өдөрт 1000 төгрөгөөр гол зогоодог.
Нигер
Нигер улсыг Нигеритэй андуурах нь элбэг. Зарим нь Африкт л байгаа юм, ялгаа нь ганц “и” л байна гэдэг. Энэ хоёр улсын хооронд ялгаатай ба төстэй зүйлс олон. Нигери улсын ДНБ-ий хэмжээ 450 тэрбум ам.доллар, хүн ам нь 170 сая. Харин Нигер улсынх 5,5 тэрбум ам.доллар, хүн ам 17 сая. Тогтвортой хөгжихөд таарамжгүй цаг агаартай, хоцрогдсон эдийн засагтайгаас болж Нигер улсын хүн амын 61 хувь нь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог.
Замби
Хот хөдөөгийн ялгаа, газрын баялгийн хараал хүрсэн улс гэж болно. Хөдөө орон нутгийн хүн амын 70 хувь нь гуйланчлалын түвшинд амь зогоодог, хоногт 1000 төгрөгөөр амьдарсан дүр үзүүлдэг хүн амын эзлэх хувь 64.
Гэсэн атлаа зэс, кобальт, цайр, тугалга, нүүрс, номин эрдэнэ, алт, уран, мөнгөний асар их баялагтай. Дэлхийн хамгийн томд тооцогддог Виктория хүрхрээ байдаг Замбези гэсэн голтой. Голыг ашиглаад өөрсдөө бүрэн хангаад хөршүүддээ зарах хэмжээнд цахилгаан гаргадаг усан станц барьж болно. Гэсэн хэдий ч цахилгаанаа хөрш орнуудаасаа экспортлож байдаг.
Төв Африкийн Бүгд найрамдах улс
Улстөрчдийн тэмцэл маргаан ямаршуу аюулд хүргэдэгийн тод жишээ бол энэ улс.
Эрх мэдлийн төлөөх тэмцэл нь иргэний дайн болж хувирсан энэ улс дөрвөн сая хүнтэй. Иргэний дайнаас болоод эдийн засаг нь хөгжиж чаддаггүй. Алмаз, уран, алт, газрын тос, усны баялаг нөөцтэй атлаа хүн амынх нь 67 хувь хоногт 1000 төгрөгөөр гол зогоодог.
Нигери
Дээр энэ улсаас ганц “и”-гээр ялгаатай улсын тухай ярихдаа ДНБ, хүн ам гэх мэт үзүүлэлтүүдийг дурдсан.
Нигери нь энэ жил Африкийн хамгийн том эдийн засагтай улс болж Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсыг ардаа орхисон. Газрын тос, шатдаг хийн асар их баялагтай ОПЕК-ийн гишүүн. Дэлхийн газрын тосны үнийг бүрдүүлэхэд оролцдог нөлөөтэй улс. Гэхдээ л улс төрийн зөрчил, хэрээс хэтэрсэн авлига, боловсон хүчний дутагдал, газрын тосны экспортоос хэт хамааралтай болсон зэргээс болоод хүн амынх нь 70 хувь нь өдөрт 1000 төгрөгөөр гол зогоодог. Өөрөөр хэлбэл эрх баригчдынх нь “ухаалаг, алсын хараатай” бодлогын улмаас 10 хүн тутмын долоо нь гуйлгачин болжээ.
Мали
Энэ улс 15 сая хүнтэй. Төмрийн хүдрээс эхлээд уран хүртэл янз бүрийн ашигт малтмал арвин.
Гэвч дотоод улс төр, шашны зөрчлөөс болж ер өөдөлдөггүй, эдийн засаг нь огт хөгжөөгүй бараг дундад зууны үеийнх шиг. Хүн амынх нь 80 хувь нь тариа тарьж натурал аж ахуй эрхэлж амьдардаг. Хүн амынх нь 73 хувь өдөрт 1000 төгрөгөөр гол зогоодог. Натурал аж ахуй гэхээр зөвхөн өлсөж үхэхгүй хэмжээнд тариа тарьж, мал маллан амь зуухыг хэлдэг гэдгийг та санаж байгаа байх. Натурал аж ахуй эрхэлж байгаа хүнд гадагш зарах хэмжээнд тариа, мал байхгүй. Гадагш зарахгүй болохоор мөнгө ч байхгүй, өсөх боломжгүй.