Хүн ам их төвлөрсөн хот, суурингийн тулгамддаг бэрхшээлийн нэг хог хаягдлаа яах вэ гэдэг асуудал байдаг. Улаанбаатарын хүн эдүгээ нэг сая даваад буй. Гурван сая орчим хүн амтай улсын хувьд хамгийн их оршин суугчтай хот болж байгаа билээ. Нийслэлээс өдөрт дахин боловсруулж болох 1100 тонн хатуу хог хаягдал гардаг судалгаа бий. Хоёрдогч түүхий эд худалдан авдаг цэг нийслэлийн хаа сайгүй таардаг ч гарч буй бүх хаягдлыг цуглуулж дахин боловсруулж чадахгүй нь тодорхой. Хогийн цэг дээр зарчмыг нь шатаах, булшлах зэргээр устгах явдал байдаг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд асар их хохиролтой юм. Нийслэлийн үе үеийн удирдлагууд хог боловсруулах эко технологитой үйлдвэр байгуулах тухай ярьж ирсэн ч өнөөг хүртэл нэг мөр болоогүй байна. Өөрөөр хэлбэл ярьж төлөвлөхөөс хэтрэхгүй байгаа. Иймд хог хаягдлаа устгах, ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж нийслэлийн хөрсний бохирдол олон улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их болсон гэдэг. Тэгвэл эдийн засагчид орчин үед хүмүүсийн хэрэглэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг ашиглан тэдгээрийг дахин боловсруулах, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн шинэ боломж бий хэмээдэг. Улаанбаатрын хүн ам өдрөөс өдөрт хурдацтай өсч байгаа нэг шалтгаан бол аж амьдралаа дээшлүүлэх гэж орон нутгаас зорин ирж буй иргэдийн цуваа. Нийслэлийн захиргааны мэдээллээс үзвэл жилд Улаанбаатарт 10 гаруй мянган өрх сайн сайхан амьдрал хайж ирдэг аж. Гэвч санасандаа хүрэх боломж тун тааруу юм. Тэгээд хүн ам олноор төвлөрсөн суурин газрын зовлонг нэмэхээс өөр зүйлгүй байна.
Их хотын хог хаягдал, иргэдийн аж амьдралыг бага ч атугай шийдэх зорилготой “Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” төсөл хэрэгжих боллоо. Уг төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “ТЕХНОЖ” бизнес инкубатор төв өнгөрсөн долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор энэ төсөлд хүн ам хамгийн их төвлөрсөн гэр хороолол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 1, 3, 5, 20-р хороо, Баянхошууны 9, 11-р хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8-р хороо, Био-ийн 12-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт 20 бүлгийн 100 гаруй өрх хамрагдаж байна. Тэдний дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, нөхрөө асардаг эмэгтэйчүүд, ажилд орж чадаагүй, боловсролын түвшин доогуур, мэргэжилгүй, тэтгэврийн насны, амьжиргааны түвшин доогуур иргэд аж.
Тэд ус, ундаа, жүүсний хуванцар саваар хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан, хайрцаг, үзэгний сав, тетрапак хайрцгаар аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл хувцсаар улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэргийн болон ахуйн, зөөврийн компьютерийн цүнх, даавууны өөдсөөр сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, цаас, хатуу цаасан хайрцгаар чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг урлажээ. Хог хаягдал ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өчигдөр НҮБ-ын байранд үзэсгэлэн гаргасан юм. Энэ үеэр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн “Эко-Дэнж” бүлгийн гишүүн Ш.Өлзийхутаг “Бид ундааны сав ашиглаж том жижиг дугуй, дөрвөлжин хэлбэртэй буйдан, сандал үйлдвэрлэж байна. Хүмүүс яасан хөөрхөн юм бэ гээд их сонирхдог. Том буйдан нь 20, жижиг нь зургаан мянган төгрөгийн үнэтэй. Том дугуй буйданд 37 ундааны сав орсон. Гадуур үрээс зөөлөвчинд л багахан зардал гардаг. Борлуулалтын асуудлаа шийдэх л хэрэгтэй байна. Бид бүтээгдэхүүнийхээ даац, стандартыг тогтоолгохоор Стандарчилал хэмжил зүйн газарт өгсөн. Хариу нь удахгүй гарна” гэв.
Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгчид “Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёрдогч түүхий эдээр шилдэг бүтээл, бүтээгдэхүүн хийж шалгаруулах уралдааныг Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 15 хүртэл зарлалаа.