Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байхад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хоолондоо хордсон талаарх мэдээ шил шилээ даган гарч, эцэг эхчүүдийн санаа зовоосон. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд хоолны хордлого авсан 69 хүүхдийн хордсон шалтгааныг тогтоохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийгээд багш нараас нь халдварт өвчин халдсан байх магадлалтай гэж үзжээ. Учир нь, цэцэрлэгийн 49 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн байна.
Мэргэжлийн хяналтын газар цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодист мөн шинжилгээ хийхэд уснаас нь нян ихээр илэрч, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрч, цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн хлорамины уусмал нь байх ёстой хэмжээнээсээ 67 хувиар бага байсан нь тогтоогдсон байна.