Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Галтбаяр: Төлбөр гэж ярихаасаа өмнө сургалтын чанар дээр хариуцлага хүлээдэг


МУИС-ийн захирал А.Галтбаяртай сургуулийн шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн хичээлийн жилээс их дээд сургуулиудын бүтцийн шинэчлэл хийж эхэлсэн. Энэ хичээлийн жилд шинэчлэгдсэн бүтцээр үйл ажиллагаа явуулж буй. МУИС тэр шинэчлэлийг манлайлж мөн тэр хэрээрээ эсэргүүцэлтэй тулгарсан?
-Хэрэв манай сургууль зориглож шинэчлэлийг эхлүүлээгүй бол нэг нэгнээ харж суусаар бас л замхрах байсан л даа. Манай сургууль дээр хийж байгаа шинэчлэлийн гол агуулга нь сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарыг төрүүлдэг, эдийн  засгийн хувьд үр ашигтай, нөөцийг оновчтой ашиглаж чадах, ахисан түвшний сургалт, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд тохиромжтой бүтэц зохион байгуулалтыг бий болгох юм. Мөн үүнээс гадна орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах шилдэг  мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харьцуулахуйц жишгийг бий болгоход чиглэж байна. Манай сургуульд Монгол Улсын шилдэг багш нар ажиллаж байгаа учраас тэдний ажиллах, оюутнуудын сурах таатай нөхцлийг хангасан сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлсэн, хараат бус, биеэ даасан эдийн засаг, санхүүгийн бүтэц тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм.

-Их дээд сургуулийн хамгийн гол асуудал нь төлбөр болоод байна. Харин шинэчлэлээр их сургууль судалгааны бүтээлээсээ санхүүжилтээ босгодог тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа. Танай сургуулийн хувьд ийм боломж харагдаж байна уу?
-Уг нь дээд боловсролын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, судалгааны бүтээлээс санхүүжилт босгож болох таатай нөхцлийг бүрдүүлсэн ч их сургууль өөрөө төрийн өмчит үйлдвэрийн газар гэж явдаг учраас одоо бол хараахан таатай нөхцөл бололцоо бүрдээгүй байна. 1990 оноос хойш МУИС-д хийсэн өөрчлөлтүүд нь дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэж байсан. Харин одоо бидний хийж буй шинэчлэлийн зорилго нь кредит системийг сургалтад бүрэн нэвтрүүлж,  их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаа, хөтөлбөрийг тасралтгүй өөрчлөн сайжруулдаг, нэг талаас оюутан багш нараас байнгын хүчин чармайлтыг шаарддаг, нөгөө талаас илүү их хөдөлмөрлөж буй багш, оюутанд илүү боломжийг бий болгодог өрсөлдөөнт тогтолцоог бүрдүүлж, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай бүтцийг бий болгох замаар их сургуулийг өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддаг, бие даасан хөгжлийн замд оруулахад чиглэж байна. Мөн олон жижиг бүтцийг халж, том бүтэцтэй болсноор хөрөнгө санхүүжилтийг зөв зохистой зарцуулахад ойлгомжтой болж ирж байгаа юм л даа.

-Бүтцийн шинэчлэлийг дагаад сургууль дотроо ч нүүдэл суудал их хийлээ. Мөн шинэчилсэн хөтөлбөртэй холбоотойгоор оюутнуудад заавар зөвлөгөө өгдөг албыг бий болгоно гэж байсан. Энэ ажил хэр өрнөж байна вэ?
-Бүтэц зохион байгуулал­тын шинэчлэлийн хүрээнд тэнхим, багш, оюутан, сургалтын болон хичээлийн туслах ажилтнууд, хөтөлбө­рүүдийг шинэ бүтцийн дагуу байршуулж, сургуулиудын төсвийг дахин хуваарилж, хөтөл­бөрийн хороод, сургал­тын нэгдсэн алба, оюутанд үйлчлэх бүтцийг шинээр зохион байгуулаад дууссан. Шинэчилсэн хөтөлбөрөөр бол хүүхдүүд сайн суралцах тусам цаашид сонголт хийж, өөрийгөө дайчлаад олон боломжийг эдэлж болно. Гэхдээ энэ нь одоо анх удаа хийж байгаа ажил учраас оюутнуудад ойлгуулж, зөвлөгөө өгдөг туслах ажилтнуудын албыг бий болгосон. Мэдээж тэндээс оюутнууд хэрэгтэй мэдээллээ авч, өөрийн хүсч байгаа замаар явж, суралцах боломж нээгдэж байна. Өмнө нь хүүхдүүд ганцхан сэтгүүлч болохоор шийдээд дөрвөн жил суралцаад сэтгүүлч гэсэн диплом аваад төгсдөг байсан бол одоо шал өөр системээр суралцах болоод байна.
Орчин үеийн сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд шинэ номын сангийн барил­гын зураг төслийг боловсруулж, хөрөнгө оруу­лалтын асуудлыг шийдвэр­лэн, барилгын ажлыг эхлүүлэх, хичээлийн болон оюутны байруудад их засвар хийх, номын санг шинэчлэн зохион байгуулах, хичээллэх орон зайг нэмэгдүүлэх, хичээлийн байруудад оюутны тав тухыг хангасан орчинг бүрдүүлэх, жижиг хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийх, сургалтын шинэ тоног төхөөрөмж, ширээ сандлыг худалдан авах, шинэ элссэн оюутанд зориулсан гарын авлага бэлтгэх зэрэг ажлуудыг хийлээ.  Тухайлбал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын албаны дарга нарын өрөөг өөрчлөн, 500 метр квадрат талбай бүхий сургалт судалгааны 14 анги танхимын орон зайг шинээр бий болгож, оюутны байрны багтаамжийг 30 гаруй өрөөгөөр нэмэгдүүлж, зарим магистр, докторын оюутнууд дотуур байранд амьдрах боломжтой болгосон.

-Монгол Улсын хэм­жээнд мэргэжлийн индекс өмнө байснаасаа бараг найм дахин буурсан. Тэгэхээр МУИС оюутнуудад хэдэн хичээлээс сонголт хийх боломжийг үлдээв?
-Хөтөлбөрийн шинэчлэ­лийн хүрээнд өмнө нь байсан сургалтын 170 гаруй хөтөлбөрийг шинэчилж, ЮНЕСКО, БШУЯ-наас гарга­­сан шаардлагад нийцүү­лэн мэргэжлийн 70 гаруй индексийн дагуу 93 хөтөл­бөрийг шинэчлэн боловсруул­лаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн 35 хороодод докторын зэрэгтэй 260 гаруй багш, профессорууд орол­цож 150 гаруй багш, ажил олгогчдын төлөөлөл экспер­тээр ажилласан. Сургал­тын хөтөлбөрт МУИС-ийн ерөнхий суурь хичээлүүдийг бий болгож, мэргэжлийн тэн­хим хөтөлбөрийн багуудаас са­нал болгосон 170 хичээлээс шат шатны хэлэлцүүлгийн дүнд 90 хичээлийг оюутанд санал болгохоор тогтлоо. Энэ бүхний дүнд оюутан бүр өөрийн авьяас чадвар, хүсэл сонир­хол, ирээдүйн хэрэгцээ шаардлагадаа үндэслэн мэр­гэжил, хичээл, багшаа сонгох, хос болон хавсарга мэргэжил эзэмших боломж бүрдэж байгаа юм.

-Тэгэхээр таны хэлж байгаагаар бол МУИС-д элсээд сайн суралцаж, өөрийгөө дайчилж чадвал хоёр дипломтой төгсч болох нь ээ. Тэгэхээр зарим хэрэгцээт салбарт давхардал үүсээд зарим багш нарын ачаалал их, заримынх нь хөнгөдөх вий?
-Хүүхдүүд анх сургуульд элсэхдээ өөрийн мэргэжлээ төсөөлчихсөн байгаа. Тэр тө­сөөлөл дээр нэмээд сургуу­­лийн зүгээс гарын авлага өгөөд, та бүхэн ийм замаар явбал ийм хөтөлбөр рүү орно гэдгийг тодорхой болгож өгнө. Өрсөлдөөн ихтэй салбаруудыг хамгийн сайн сурч байгаа хүүхдүүд сонгох эрхтэй. Харин тэр сайн хүүхдүүдийн дараагийн хүүхдүүд өөрийн хүсч байгаа зам руу очих уу үгүй юу гэсэн асуудал байна. Тэдэнд хос мэргэжил сонгох боломж нээлттэй. Түүний дараа­­гийн хүүхэд байна. Тэ­дэнд хавсарга мэргэжил эзэмших боломж бий. Үнэхээр тухайн хүүхэд өөрийн сонгосон мэргэжлээ л эзэмших үү, түүнээс жаахан илүү өөрийгөө дайчлаад хавсарга мэргэжил эзэмших үү, бүр тухайн мэргэжлийнхээ хажуугаар сонирхож байгаа салбарынхаа тухай жаахан мэдлэг аваад майнер болоод төгсөх үү гэсэн сонголт ч байгаа. Ингэхээр нэг их өрсөлдөөн үүсгээд муу хүүхдийг хаяна гэсэн үг биш. Бүх хүүхэд л өөрийн нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлаад ямар нэг байдлаар амжилттай сургуулиа төгсөх ёстой.

-Та энэ сонголтуудын талаар сэтгүүлч мэргэжил эзэмших гэж байгаа хүүхдийн жишээн дээр тайлбарлаж өгөөч?
-МУИС-ийн сэтгүүлчийн ангид элссэн оюутан эхний жилдээ үндсэн хичээлийн 30 багц цагийн хичээлийг судлах ёстой. Дээр ярьсан майнер мэдлэг бол тухайн хүүхэд сэтгүүлчийн мэргэжлийн хичээлийнхээ хажуугаар 30 багц цагийн гадаад хэлний хичээл ч юм уу, хүссэн хичээлээ үзээд мэдлэг олж авч болно. Эсвэл тухайн хүүхэд сурч байгаад би сэтгүүлч болох ёсгүй байжээ гэдэг ч юм уу би сэтгүүлчийн мэргэжлээс гадна өөр мэргэжил эзэмших бүрэн бололцоотой юм байна гэж өөрийгөө үнэлж болно. Тэгвэл давхар мэргэжлээ сонгоод явж болно. Хос мэргэжил эзэмшихийн тулд тухайн хүүхдийн суралцах хугацаа жаахан нэмэгдэхээс гадна 3.0 голчоос дээш дүнтэй суралцсан байх ёстой. 20-30 өөр багшаар хичээл заалгаад үнэхээр бүх хичээл дээрээ 3.0-оос дээш суралцаж байгаа хүүхэд бол давхар мэргэжил эзэмших бүрэн боломжтой. Хэрэв түүнээс жаахан тааруу сурсан ч давхар мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхэд байна. Тэдэнд хавсарга мэргэжил эзэмших боломжийг нээж өгч байгаа юм. Тэгэхээр нийгмийн хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг олж хараад өөрийн мэргэжлийн сонголтоо чөлөөтэй хийх боломжийг л бий болгож байгаа юм. Майнер хөтөлбөрөөр хичээл судалсан хүүхдүүдийн диплом дээр сэтгүүлч, улс төрийн чиглэлээр хичээлээ гүнзгийрүүлж судалсан гэж бичнэ. Хавсарга мэргэжлийн хувьд ч мөн диплом дээр нь бичнэ. Хос мэргэжлийн хувьд хоёр диплом авна.

-Тэгвэл ямар ч байсан МУИС-д орчихсон. Тэгсэн хэрнээ урсгалаараа өөрий­гөө ч дайчлахгүй, бусадтай ч өрсөлдөх хүсэлгүй хүүхдүүд байдаг даа. Тийм оюутнууд нөгөө багш нарын ном шахалтад өртөөд байдаг. Тэр асуудал энэ шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд яаж шийдэгдэж байгаа бол?
-Хуучин бол багш нар өөрсдөө номоо хэвлүүлээд, түүнийхээ дагуу хичээлээ зааж, хүүхдүүдэд дүн гаргахдаа номоо шахдаг байсан. Одоо МУИС энэ асуудлыг хэр­хэн шийдвэрлэсэн гэхээр жу­рам гаргаад сурах бичиг хэвлүү­лэхэд гарах тухайн багшийн хөлс, хэвлэлтийн зардал, бор­луу­лалтын зардлыг сур­гууль даана. Харин зо­хиогч­той гэрээ хийгээд бор­луулалтаас олсон ашгийн тодор­хой хувийг багшид өгнө. Сурах бичгийн борлуу­­лалтыг сургууль хариуцна. Тухайн хөтөл­бөрт судлах номуудын жаг­саалтыг гаргаснаар хүүх­дүүд өөр хэрэггүй номыг ху­дал­­­даж авах шаардлагагүй болно.

-Өнгөрсөн хавар ШӨХТГ-аас танай сургуульд торгууль тавьсан. Тэр нь оюутнуудаас татвар авч өөр санд хуримтлуулж байгаа тухай байсан. Энэ асуудлаас үүдээд таныг огцрох нь гэж ч хэвлэлээр бичиж байлаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Оюутнуудын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуу­дал үүссэн байгаа. Өмнө бол сургууль хооронд шилжилт хөдөлгөөн маш их байсан. Гадаад харилцааны сургуульд элссэн хүүхэд эдийн засгийн сургууль руу шилжих ч юм уу. Шилжинэ гэдэг чинь хүүхэд өөрийнхөө сонгосон мэргэжлээр элсч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр тийм хүүхдүүдэд өнгөрсөн арав гаруй жилүүдэд нэг журам үйлчилж байсан. Тэр журамд шилжих үзэгдэл нь авилгын шинж дагуулдаг учраас сургуулийн зүгээс шилжиж байгаа оюутнууд нэг жилийн төлбөрөө 0.5-2 дахин үржүүлсэн хэмжээний мөнгийг сургуулийн дансанд хийнэ гэсэн журам байсан. Энэ журам 2004 оноос эхэлж мөрдөгдөж эхэлсэн. Өнгөрсөн жил ШӨХТГ-аас сургууль тэр мөнгийг авах ёсгүй гэж үзээд торгууль тавьсан. Тиймээс МУИС-ийн зүгээс Удирдах зөвлөлийн хурлаар үүнийг шийдэж хариу өгнө гээд МУИС-ийн захирлын захирамж гаргаж шилжилт хөдөлгөөнийг хориглоод ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн. Үүнээс хойш бол сургууль доторх шилжилт хөдөлгөөнийг хааж боогдуулахгүй. Харин өөр сургуулиас манай сургуульд шилжиж суралцах хүсэлтэй байгаа үнэхээр чадалтай оюутнуудыг шалгалтаар авч байхаар болсон. Нөгөө талаас шинэчилсэн хөтөлбөрөөр оюутнуудын сонголт чөлөөтэй болоод ирэхээр шилжилт хөдөлгөөн байхгүй болно.

-Шинэчлэлийг МУИС дотроосоо эсэргүүцэж бай­сан. Тэр сөрөг хүчинтэйгээ учраа олж чадсан уу?
-Эсэргүүцлээс айгаад суугаад байвал ажил явахгүй л дээ. Цоо шинэ зүйлийг хийж байхад мэдээж эсэргүүцэлтэй тулгарна. Тэрэнд бид бэлэн байх ёстой. Хамгийн наад захын эсэргүүцлийн жишээг хэлье л дээ. Өнгөрсөн хавар орон байрны асуудлаа цэгцлээд, нааш цааш нь нүүлгэж байтал нэг багш над дээр хэрэг болгож орж ирсэн. Их сургуулийн захирал дээр цаг аваад орж ирсэн багш юу гэж хэлсэн гэхээр дөрвөн давхраас хоёр давхар руу нүүх болчихлоо. Үүнийг болиулж өгөөч гэсэн. Би урдаас нь таны нүүх байтугай асуудал сургууль дээр өрнөж байна. Бүхэл бүтэн тэнхим, лаборатор нүүж байна гэсэн. Хоёрхон давхрын хооронд хэдэн номоо аваад нүүх нь тухайн хүнд “хүндээр” туссан бололтой. Шинэчлэл гэдэг хүн бүрд л ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг.
Яг үнэнийг хэлэхэд сургуу­лийн бүх шинэчлэлийг багш нарын төлөө биш оюутнуудын төлөө хийж байгаа юм л даа. Тэгж байхад оюутнууд дээр хэлсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор жагсаал хийж, шинэчлэлийг эсэргүүцсэн нь нийгэмд зохисгүй үйлдэл болсон. Тэр жагсаалд МУИС-ийн нийт оюутнуудын 10 ч хүрэхгүй хувь нь жагссан.

-Сүүлийн үед их сур­гуулийн боловсрол ху­вийн цэцэрлэгийн төлбөрөөс ч хямд байна гэж ярих хэсэг байна. Дээд боловсролын төлбөр өндөр байх тусмаа үнэ цэнээ хадгалах ёстой гэсэн энэ үзэл дээр таны бодлыг сонирхмоор байна?
-Тэр үнэтэй цэцэрлэгүүдэд ямар хүний хүүхэд суралцаж байгаа билээ гэдгийг нарийн судалж тогтоосны эцэст ингэж ярих хэрэгтэй л дээ. МУИС болон ШУТИС-д монголын нийт оюутны 60 хувь нь суралцдаг. Гэтэл ийм газар боловсролын чанараараа сургалтын төлбөрөө тогтоох нь өрөөсгөл. Хөдөөгийн малчид ч малаа зараад их сургуульд хүүхдээ явуулдаг. Янз бүрийн давхаргад үйлчилж байгаа учраас бид төлбөр гэж яри­хаасаа илүү сургалтын чанар дээр хариуцлага хүлээдэг. Харин АНУ-д бол өөр. Тэтгэлэгийн систем нь ч өөр. Хувийн сургуулиуд нь сургалтын төлбөрөөсөө сургуу­лийн санхүүжилтийн 70-80 хувийг бүрдүүлдэг. Харин үлдсэн хувийг дэмжигч бай­гуул­­лагуудаас аваад нийт санхүүжилтийнхээ 20 хувийг сайн хүүхдүүддээ тэтгэлэг болгоод өгдөг. Топ хүүхдүүдийг татахын тулд бусад хүүхдүүдийн мөнгөөр тэтгэлэгийг бий болгож байна. Манай хувьд их сургуулиудад өгдөг төрийн санхүүжилт ч өсч байгаа учраас сургалтын төлбөр улам л буурах хандлагатай болж байна.

0 Сэтгэгдэл
amjilt!
Хамгийн их уншсан