Хятадын бизнесмэн Жералд Чан Харвардын анагаах ухааны сургуульд 350 сая ам.долларыг гэр бүлийнхээ сангаас хандивлажээ. Түүний гэр бүлийн эрхэлдэг “The Morningside Foundation” –гаас хандивласан энэ 350 сая ам.доллар бол Харвардын түүхэнд байгаагүй хамгийн том хандив юм. Харвард мэдээж дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн хувьд олон мянган хандивлагчийн өгсөн мөнгөөр сургуулиа, сургалтаа, оюутнуудаа өдий хүртэл хөгжүүлж ирсэн ч ингэж нэг дор бүхэл бүтэн 350 сая ам.долларыг хандивласан тохиолдол өдий хүртэл гараагүй юм.
Харвардын түүхнээ үлдэх энэ том хандивыг өгөх болсон шалтгаанаа Жеральд Чан ингэж тайлбарлажээ. “Миний ээж жирийн нэг сувилагч эмэгтэй байсан ч 1950-иад онд айл хөршийнхөө хүүхдүүдэд вакцин тарьдаг ачтай хүн байсан юм. Тэр аюулт өвчнөөс хүүхдүүдийг хамгаалахын тулд нэг шприцийг олон удаа буцалгаж ариутгаж байгаад гэрийнхээ гал тогоонд тарьдаг байсан юм. Харин аав минь амьдрал хэдий амаргүй байсан ч үр хүүхдүүдээ гадаадад сургахыг дэмждэг нэгэн байсан. Тийм ч учраас хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд асар их санаа тавьдаг эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, алдаршуулахын тулд Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуульд энэ хандивыг өргөхөөр манай гэр бүл шийдсэн юм” хэмээн хэлжээ.