Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Гандулам: Монголын 36 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон

Ялтан шилжүүлэх гэрээ энэ сарын 21-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ

БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулж, батламж жуух бичгээ солилцсон билээ. Энэ талаар ХЗЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Гандуламаас зарим зүйлийг тодрууллаа.  


-Ялтан шилжүүлэх гэрээг сая баталсан ч өмнө нь манай улс хятадаас ялтан шилжүүлж авч байсан шиг санах юм?
-Монгол Улсын хувьд БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг эртнээс тавьж ирсэн. Өмнөх Засгийн газрын үед ч тавьж байсан. Аливаа түвшинд ялтан шилжүүлэх тал дээр ярилцаж ирсэн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Гэхдээ тусгай хэлэлцээрүүд байгуулж манай улс Хятадад ял сонссон гурван иргэнээ шилжүүлэн авч байсан л даа. Тухайн иргэний нууц гэдэг утгаар нь ямар ял эдэлж байсан хэн гэдэг хүнийг шилжүүлж авсан гэдгийг мэдээлдэггүй.

-Ялтан шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй гэл үү?
-Ялтан шилжүүлэх гэрээний анхны тохиролцоог 2011 оны зургадугаар сарын 16-нд Бээжин хотноо хийсэн байдаг. Энэ оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчлах үеэр дээрх гэрээг эцэслэж, батламжилсныг хоёр улсын сайд нар солилцсон. Энэ нь ялтан шилжүүлэх гэрээ хоёр орны хооронд албан ёсоор байгуулагдсан гэсэн үг. Гэрээ нь батламжилсан өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 21-ээс гэсэн үг.

-Үйлчилж эхэлсэн өд­рөөс хойш энэ гэрээ байн­га хүчин төгөлдөр байх уу, эсвэл одоо ял эдэлж байгаа иргэдээ солилцоод л өнгөрөх үү?
-Хоёр улсын хооронд хийгд­сэн гэрээ цаашид үйл­чилнэ. Хятадын ялын бодлого нь харьцангуй хатуу гэдгийг дэлхийн улс орнууд мэддэг. Тухайлбал цаазын ялыг одоог хүртэл халаагүй улс. Тэр дундаа монголчуудын гэмт хэрэгт холбогдоод шийт­гэгд­сэн байдлыг харахад олон­хи нь хар тамхины хэрэгт хол­бог­дож, тус улсын хуулийн дагуу оноосон шийтгэлийг биеэр эдэлж байна. Хар тамхитай холбоотой хэрэгт цаазаар авах ял оноох нь элбэг.

-Одоо Хятадад ял эдэлж буй хэдэн монгол иргэн байна вэ?
-Албан ёсны тоогоор 41 монгол иргэн ял эдэлж байна. Мөн Хятадын засаг захиргааны онцгой бүс гэгдэх Хонгконг, Макаод ял эдэлж буй хүн цөөнгүй бий. Хонгконгд 16, Макаод нэг монгол иргэн ял эдэлж байна.

-Хонгконг Макао дахь иргэдээ энэ гэрээгээр шил­жүүлж авч болно биз дээ?
-Хүмүүс энэ асуудлыг хам­гийн ихээр сонирхож байна. Ялгааг нь сайн ойлгох хэрэгтэй. БНХАУ-тай хийсэн гэрээний хүрээнд зөвхөн Хятадад ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлж авна. Хонгконгд ял эдэлж байгаа иргэдийг тусдаа гэрээ байгуулж байж шилжүүлж авах боломжтой. Хонгконгтой ялтан шилжүүлэх гэрээ байгуулах асуудал хэлэлцээрийн түвшинд нэлээд нааштай яваа. Эхний хэлэлцээр хийгдсэн. Гэрээ эцэслэгдээд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаа ойрхон байгаа гэж ойлгож болно.

-Манай улс хэзээ 41 иргэнээ шилжүүлж авах вэ?
-Эхний ээлжинд 14 хүний материалыг Хятадын талд өгөөд байна. Энэ гэрээг Монгол улс иргэнийхээ эрх ашгийн төлөө л хийсэн. Тэнд ял эдэлж байгаа бүх хүнээ шилжүүлж авахыг бодно. Гэхдээ ар гэрийнхнийх нь хүсэлтийг харгалздаг. Ту­хайн ял эдэлж буй иргэн маань шилжихгүйгээр тэндээ ялаа гүйцээмээр байна гэх тохиол­дол ч гардаг.

-Гадаадад ял эдэлж буй монголчуудын ар гэрийнхэн хүнээ нутагт нь авчрахыг л хүсдэг биш гэж үү?
-Тиймээ. Ар гэрийнхэн нь Монголдоо ялыг нь эдлүүлье гэсэн хүсэлтэй байдаг. 21 оронд Монгол улсын иргэн ял эдэлж байгаагийн хамгийн олон нь БНХАУ-д байгаа. Ямар ял шийтгэгдсэн хэн байхаас нь үл хамаарч хоёр улсын хооронд байгуулсан гэрээ Хятадад ял эдэлж байгаа бүх хүнд адил тэгш үйлчилнэ.

-Хятадын талаас шил­жүүлж авсан ялтны ялыг хэвээр нь эдлүүлэх шаард­лага тавьсан гэл үү?
-Ялыг тэр чигээр нь нутагт нь эдлүүл гэсэн шаардлага тавьсан. Жишээ нь, Хятадад 15 жилийн ял авсан бол өөрийн орондоо яг тэр хугацаагаар нь дэглэмийг бууруулахгүйгээр эд­лэх шаардлага тавьсан гэсэн үг.

-Манай 41 хүний хэд нь хар тамхины хэргээр ял авсан юм бол?
-36 нь хар тамхины хэрэгт холбогдсон. 80 гаруй хувь нь гэсэн үг. Энэ хүмүүсийг судлаад үзэхээр олонхи нь хуулийн мэдлэг, мэдээлэлгүй, хүнд итгэмтгий, амар хялбар аргаар мөнгө олох хүслээсээ болсон байдаг. Голчлон дамжин тээвэрлэгч хийж яваад баригдсан байдаг юм.

-Манай улсад ял эдэлж буй хятад иргэн хэр олон байдаг вэ. Тэднийг мөн өөрийн улс руу нь шилжүүлнэ биз дээ?
-Манай улсад ял эдэлж байгаа хятадын долоон иргэн бий. Хоёр орны гэрээний дагуу шилжүүлж авч болно. Одоогоор манай яаманд албан ёсоор хүсэлт ирээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан