Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1939 оны дөрөвдүгээр сараас манай улсад цагаатгалын ажил эхэлжээ. Улс төрийн хилс хэргээр ял сонсч, амиа алдаж байсан олон хүний ар гэрт тохиосон хүнд гарзыг төр чадах чинээгээрээ нөхөх гэж буй үйл ажиллагаа бол энэ. Тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл 31 мянга гаруй хүний нэр төрийг сэргээгээд байгаа аж. Энэ жил манай улс 19 дэх удаагаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгал хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Маргааш тохиох энэ өдрөөр Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн хөшөөнд тус тус цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, “1932 оны бослого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх, сүм хийдэд буяны ном хуруулах, хэлмэгдэгсэдтэй уулзалт хийх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар сурагчдад хичээл заана хэмээн Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн хэллээ.
2014 он гарснаас хойш 18 хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээн цагаатгаж, Улсын комиссоос Тагнуулын ерөнхий газар, хөдөө орон нутгийн архив, шүүхийн архив, аймгийн салбар комиссуудад цагаатгагдаагүй хэрэг үлдсэн эсэхийг шалгаж байгаа гэнэ. Манай улсад 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль баталж, хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш өдий хүртэл 18036 хүнд 16.247 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор хүргэжээ. Харин энэ он гарсаар 34 иргэнд 33 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн байна. Одоогоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст зургаан мянга гаруй хүнтэй холбоотой хэрэг үлджээ. Эдгээрийг нягтлан шалгаж, шийдвэрлэснээр тус комиссын цагаатгалын ажил үндсэндээ дуусах аж. Гэхдээ улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгаж дуусгахаас гадна иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь элдвээр хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг дахин давтаж гаргахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх нь нэн чухал гэж УИХ-ын дэд дарга Л.Цог мэдэгдэв. Тэрээр өчигдөр хэлмэгдэгсдийн төлөөллийг хүлээн авч уулзаад нийт 20 хэлмэгдэгч, тэдний үр хүүхдэд гэр олгох тухай батламж гардуулсан байна.
Хохирсон, гомдсон хүн бүр хэлмэгдэгч болдоггүй. Төрийн бодлогын дагуу олон нийтийг хомроголж, нийгэм даяар явуулах бодлогын уршгаар хохирсон хүмүүс л хэлмэгдэгч болдог. Түүнээс биш ганцаараа юм уу, хоёр, гурваараа хохирсон тохиолдолд хэлмэгдэгсдийг цагаатгах комисст хандах нь буруу гэдгийг албаныхан хэлж байв. Орчин үеийн хэлмэгдүүлэлтэд эрх баригч улс төрийн нам солигдоход олон мянган хүн ажлаас халж, сэлгэдэг явдал тооцогдож болох гэнэ. Тиймээс манай төр энэ асуудалд анхаарах шаардлагатайг санууллаа.