Сүүлийн үед 1930-40-өөд оны улстөрийн хүнд хэцүү хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн шаардлага тодорхой шалтгаанаар эрчимжиж, бухимдал нь нэмэгдэж байна. Ерөнхийлөгчид, УИХ-ын даргад, Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүдэд, зарим сайд нарт, Хүний эрхийн үндэсний комисст, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс (ЦАУЗБУК)-т, Үндсэн хуулийн цэцэд гээд тэдний бичээгүй, хандаагүй газар гэж алга. Бас хэвлэлийн бага хурал ч хийлгэв. Мэдэгдэл ч гаргав. УИХ-ын чуулганд ч шаардлага тавив.
УИХ-ын дэд дарга бөгөөд хэлмэгдэгсдийн цагаатгал, нөхөн олговрын асуудлыг хариуцдаг ганц дарга Л.Цог 2012 оны өвөл “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд (Цагаатгалын хуульд) нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар оруулан хэлэлцүүлнэ, 1930-40-өөд оны хэлмэгдэгсдэд 70 сая төгрөгийн нөхөн олговор олгуулна гэсэн ч одоо хүртэл таг. 2013 оны есдүгээр сараас эхлэн ЦАУЗБУК-ын (Цагаатгалын комиссын) удирдлагууд сонинд хэд хэдэн нийтлэл бичсэн ч, тэдгээртээ зөвхөн цагаатгах ажлын явцын талаар өөрсдийн үргэлж хэлж, бичиж байдаг улиг болсон илэрхий зүйлүүдээ л дахин давтан нуршсанаас биш, одоо үеийн хамгийн тулгамдсан асуудал болох 1930-40-өөд оны улстөрийн хүнд, хэцүү хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн өнөөгийн байдал, эрэлт хүсэлт, санал гомдол, шаардлага бухимдал, тэдэнд олгоно гэсэн нөгөөх нөхөх олговрынхоо талаар ганц үг ган гэсэнгүй. Иймээс их хэлмэгдүүлэлт ба хэлмэгдэгчдийн талаар зарим үнэнийг энд товч өгүүлъе.
Нэг. 1930-40-өөд оны улстөрийн их хэлмэгдүүлэлт
1921 оны хоёрдугаар сард Нийслэл хүрээг Хятадын гамин цэргээс чөлөөлөлцсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд Хаант Автономит Монгол Улсын Сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 88 хүнийг 1921 оны долдугаар сард хилс хэргээр баривчлан шоронд хийв. Түүнчлэн, “Богдын сэм дэмжлэгтэйгээр ардын засгийг эсэргүүцэн босохоор бэлтгэж байсан” гэсэн зохиомол хэргээр, мөн л гамингаас нийслэл хүрээг чөлөөлөлцөж, Монголын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээлцэж явсан Богдын торгон цэргийн дарга саж лам Жамъянданзан нарын 48 хүнийг 1921 оны 10,11 дүгээр сард баривчлан шоронд хорилоо.Тэднээс Жамъянданзан нарын долоон хүнийг буудан хороохоор шийтгэсэн ч сүүлд нь Жамъянданзан, Лувсанцэвээн нарыг 1922 наймдугаар сарын 30-нд Бодоо, да лам Пунцагдорж, Түр Засгийн газрын Ерөнхий сайд Чагдаржавын хамтаар Д.Сүхбаатарын гарын үсэгтэй тушаалаар бууджээ.
Ийнхүү улстөрийн хэлмэгдүүлэлт Монголд 1921 оноос эхэлсэн байтал, түүнийг нь нууж, 1922 онд Бодоо нарын хэлмэгдлээр эхэлсэн гэж одоо ч хүртэл худал ярьж, бичсээр байх юм.
1921 оноос эхэлсэн Монгол дахь улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт жил бүхэн явагдсаар. 1930-40-өөд онд оргилдоо хүрч, Монголын насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг улстөрийн хилс хэргээр баривчлан шийтгэж, 15 хувийг нь буудан алсан гэдэг. Тийм хэмжээтэй улстөрийн хэлмэгдүүлэлт тэр үед дэлхий дээр Монголоос өөр ямар ч оронд болоогүй аж. Түүнчлэн, 1930- 40-өөд онд манай насанд хүрсэн 10 эрэгтэй буриад тутмын 9-ийг нь баривчилж, 8-ыг нь буудан, буриад өрхийн 95 хувийг өрхийн тэргүүнгүй болгож байснаа бас л хэлэхгүй юм. Зөвхөн Х.Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937оны аравдугаар сарын 02-ноос 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл нэг жил зургаахан сар ажиллахдаа 25824 хүнийг баривчлан, 20474- ийг нь буудан алсан байна. Их хэлмэгдүүлэлтэд лам нар хамгийн түрүүнд, хамгийн ихээр өртөв. Нийт баривчлагдсан болоод буудуулсан хүний 3-ны 2-оос 4-ний 3 нь лам нар байлаа.
Гэр бүлийнхэн нь дутахааргүй хэлмэгдсэн юм. Бас, Монголын соёлын өвийг бараг үлдээлгүй эвдлэн сүйтгэж, галдан шатааж, устгав. Соёлын өвийг устгах явдал 30-аад оноор шувтарсангүй. “Хүн алах, хядах нь 40-өөд оноос цөөрсөн боловч, харин, ном, судар шатаах нь улам гаарсан юм” гэж их эрдэмтэн, зохиолч Ц,Дамдинсүрэн гуай гэрчилсэн байдаг,
1930-40-өөд оны энэ улстөрийн яргалал бол Монголын түүхэнд хэзээ ч үл мартагдах хамгийн эмгэнэлт явдал, Монголын бүх түүхийн хэзээ ч, юугаар ч үл цайруулагдах эрүүгийн хамгийн том гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт ордог геноцид (төрлөөр устгах ажиллагаа) байлаа.
Хоёр. 1930-40-өөд оны хэлмэгдэгсдийн байдал
1930-40-өөд онд төрд цаазлагдсан 30-аад мянган улстөрийн хэлмэгдэгсдийн хэдэн арван мянган үр хүүхдээс одоо, 2012 оны байдлаар, өвчин зовлонд баригдсан 917- хон ядарсан хөгшин л амьд байгаа аж. Тэдний дийлэнхи нь хамгийн бага тэтгэвэртэй, хамгийн ядуу амьдралтай, зарим нь тэтгэвэр ч үгүй, орон гэр ч үгүй амьдарч байна. Гэвч, эцгийг нь буудаж, хөрөнгийг нь хураасан төр өнөөдрийг хүртэл тэдний хохирлыг барагдуулж өгсөнгүй. Хэлмэгдэгсдийн үр хүүхэд өргөдөлдөө: “Төр бидний эцгийг ид амьдралынх нь насанд хилсээр цаазалсан. Төр өрх гэрийн маань бүх хөрөнгийг цөлмөн хурааж биднийг хөсөр хаясан. Бүх насаараа бэлэвсэрсэн эх маань хоосорсон өрхөө толгойлсоор насаараа зовсон. Ингээд зогссонгүй, өмөг түшиггүй болон өнчирсөн биднийг төр, эсэргүүний хүүхэд гэж хялайж адлан, эцгээрээ овоглох аргагүйд хүргэж, олон хүнийг ажил, сургуульгүй, боловсрол мэргэжилгүй болгон, бүх амьдралаараа хохироход хүргэсэн. 1990 онд ардчилсан хувьсгал гарч, төр эцгийг маань цагаатгаж, биднээс уучлал гуйсан ч, ийнхүү бид цагаатгагдаад 24 жил болж байгаа ч, төр хохирлыг маань одоо хэр барагдуулж өгсөнгүй, хөрөнгийг маань буцааж олгосонгүй. Тэгэхдээ, арай ч энэ чигээрээ луйвардаад өнгөрчихъе гээгүй байлтай. Бидэнд ганц байр юмуу байрны мөнгийг хохирлын маань нөхөн олговор болгон өгчихөөч. Эцгийн маань амь, эхийн маань туулсан зовлон, өрхийн маань хураалгасан хөрөнгө, эсэргүүний хүүхэд гэж адлагдсан бидний энэ насны хохирол, шаналал - энэ бүхэн нийлээд ганц байрны үнэд хүрэхгүй гэж үү? Хураалгасан ганц ширхэг хөөрөг маань гэхэд ноднин жил 150 сая төгрөгт, энэ жил 200-300 сая төгрөгт хүрч байна шүү дээ. Иймээс Монгол Улс хамгийн хүндээр хэлмэгдсэн 1930-40-өөд оны улстөрийн хэлмэгдэгсдэд зориулсан хууль үндсэндээ одоо хүртэл гаргасангүй" гэсэн байв.
Үнэн л дээ. Тэгвэл Орос Улс 1989,1991,1995 онд гурван удаа хууль гаргаж, улстөрийн хэлмэгдэгсдэдээ байр өгсөн, тэтгэлэг олгосон, хөнгөлөлт үзүүлсэн, хүүхэд, гэр бүлийг нь хэлмэгдсэнээр тооцдог болсон байдаг. Герман Улс дотоод, гадаадад амьд байгаа II дайны үеийн бүх хэлмэгдэгсдээ дотор нь тав ангилан, тэднийг дахин нөхөн олговор олгохыг шаардаагүй байхад нь, 2000 онд янз бүрийн хэмжээний томоохон нөхөх олговор өгөв. АНУ 2001 онд Нью-Иоркийн хоёр өндрийг террористууд нураахад амь үрэгдсэн 3000 хүн тус бүрийн ар гэрт 1,3 сая долларын тэтгэмж олгов. Энэ 2014 оны хавар БНСУ-ын Засгийн газар Севол усан онгоцны ослоор нас барсан 300-гаад хүүхэд, том хүн тус бүрийнхээ ар гэрт 250000 ам. доллар олгохоор шийдвэрлэснийг бид бүгд мэдэх билээ. Гагцхүү Монголын төр л ядахдаа, одоо амьд байгаа цөөн хэдэн хүний ч хохирлыг барагдуулсангүй.
Уул нь, 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн II бүлэгт бол “16-р зүйл. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг БАТАЛГААТАЙ эдэлнэ:” гээд, 16.12-т нь иргэд ‘Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж, 16.14-т нь иргэд “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхон төлүүлэх,.,эрхтэй...” гэж тус тус заасан байдаг.
Тэгэхээр,Монголын төр хэлмэгдсэн иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг ч хүсэхгүй байгаа нь мөн л манай төр Үндсэн хуулиа зөрчиж байгаа, түүний заалтыг хэрэгжүүлэх гэхгүй байгаа бас нэг зөрчил мөн юм.
Гурав. Цагаатгалын комисс
Манайд улстөрийн хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө ажиллах ёстой цорын ганц төрийн байгууллага бол УИХ-ын дэргэд 1990 онд байгуулагдаж, эдүгээ 24 жил болж байгаа ЦАУЗБУК (Цагаатгалын улсын комисс) билээ, ЦАУЗБУК-ын гол үүрэг нь, нэгд, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, хоёрт, тэдний эрх ашгийг хамгаалж, цагаатгагдсан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулуулах. Энэ нь ярвигтай, хариуцлагатай, маш чухал ажил тул ЦАУЗБУК-ыг өндөр эрх мэдэлтэй томоохон албан тушаалтнаар толгойлуулах шаардлага тулгарч, тийнхүү, түүнийг УИХ-ын нэг дэд даргаар удирдуулах болсон байна.
Гэвч, дээр өгүүлснээр, одоо үед байдал ийм байхад ЦАУЗБУК шаардлагын хэмжээнд хүрч ажиллахгүй байна. Одоо хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх ажлыг үндсэндээ судлаачид, Тагнуулын ерөнхий газрын цагаатгалын тасаг, цагаатгалын асуудал хариуцсан прокурорууд, Улсын дээд шүүх бүрэн хийчихэж байна. Нөгөөтэйгүүр, эдүгээ 33000 гаруй хүн цагаатгагдаж, цагаатгах ажил үндсэндээ шувтрах тийшээ болж байна. Тэгэхлээр, ЦАУЗБУК ганцхан цагаатгагсдын эрх ашгийг хамгаалах, тэдний хохирлыг барагдуулуулах ажлыг л санаачлан хийх ёстой болж байгаа юм.
Гэмгүй 30000-аад иргэнийхээ алтан амийг хилсээр егүүтгэсэн төр ингэж санаа зовохгүй байгаад байж болдог юм уу? 40000-аад иргэнийхээ бүх хөрөнгийг булааж идсэн төр тоох ч үгүй байгаад байж болдог юм уу? Үндсэн хуулиар заагдсан “иргэдийнхээ баталгаатай эдлэх эрхийг” төр нь үл тоомсорлон, ингэж өөрөө зөрчөөд, Үндсэн хуулийнхаа заалтыг төр ингзж өөрөө хөсөрдүүлээд байж болдог юм уу?
Л.Цог хэлмэгдэгсдийн шахалт, шаардлагаар хуулийн нэг төслийг боловсруулж, УИХ-ын Тамгын газарт өгсөн ч Засгийн газар 2013.12.07-ны хурлаараа хэлэлцээд, “улсын төсөвт 2 251,6 тэрбум төгрөгийн ачаалал үүсгэхээр байгаа тул энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй” гэсэн байна.