Хэрвээ өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч компанийн цахилгааны үнийг нэмбэл, эцсийн бүтээгдэхүүний үнэ өснө. Эцэстээ иргэд бухимдаж Засгийн газрыг чичнэ. Аж, ахуйн нэгжийн биш, айл өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн ч иргэд Засгийн газрыг чичих л болно. Амин чухал хэрэгцээт зүйлийн үнэ өсөхөд ард түмэн өөрсдийгөө өмгөөлж, эрх баригчийн эдэлдэг ямбанд халдаж эхэлдэг дээрх үзэгдлийг жам ёсных ч хэмээн ойлгож болно. Тиймээс аль ч улсын Засгийн газар нийгмийн нэн шаардлагатай буюу тог цахилгаан, ус, дулаан зэрэг хэрэглээний үнээр оролдох дургүй. Харин манай улсын хувьд эрчим хүчний үнэ хямд байх ёстой гэх тогтолцоо зах зээлд шилжсээр замхраагүй учраас бид цахилгаан эрчим хүчээ бусад улстай харьцуулбал, маш хямд үнээр худалдан авч байгаадаа эргэлзэх шаардлагагүй.
Нэгэнт үнэ чөлөөлөх зах зээлийн горимыг зөрчсөн учраас төр өөрийн татаасаар зөвхөн төвийн бүсийн эрчим хүчний системд 2010-2013 онд 45 тэрбум төгрөг олгож энэ салбарыг торгоож байгаа энгийн жишээг ч энд дурдаж болно. Гэхдээ нийгэмд үүсч болохуйц бухимдлаас үүдэн хүчээр зохицуулсан энэ тогтолцоо эцэстээ эрчим хүчний салбарыг ямар нөхцөлд түлхэж болох вэ, гэдэг нь чухал асуудал.
Магадгүй V цахилгаан станц баригдтал ингээд торгоогоод байж болно гэдгийг зарим нэг улстөрч хэлдэг ч 2002 оноос яригдаж эхэлсэн дээрх асуудал 2011 онд тендер нь зарлагдаж, энэ онд арай ядан газрын асуудлыг нь шийдсэнээр хэзээ ашиглалтад орохыг хэлж зориглох хүн олдохоо болив. Цаашдаа Монгол Улсын хурдацтай өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад одоо байгаа хүчин чадал нь хүрэлцэхээ больж, эрчим хүчний хомсдолд орсон гээд олон асуудал энэ салбарт тулгамдаж байна.
Тэгвэл цахилгааны үнийг нэмээд асуудлаас гаръя, гэтэл...
Дэд бүтцийн асуудлаа хурдацтай шийдэж байгаа орон нутгийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд 30 орчим хувиар өсч байна. Үүнээс гадна, 2016-2020 он гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэх мэргэжлийн байгууллагын судалгаа бий. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын бүхий л цахилгаан эрчим хүч гаргагч компаниуд өвлийн улиралд бүх хүчээ дайчилсан ч хөрш улсуудаас харилцан адилгүй өртгөөр эрчим хүч импортолсоор байна. Өөрөөр хэлбэл, 20 хувийн эрчим хүчний нөөцтэй байх учиртай стратегийн чухал салбар өөрөө хөрш улсуудаасаа нэмж эрчим хүч импортолж байгаа юм.
Харин үнийн хувьд нэг киловатт цаг (квт.ц) цахилгааныг Америк 11.8 центээр, Япон 27.6, Герман 33.8, Франц 17.4, Лаос 7.1, Норвеги улс 13.6 центээр тус, тус худалддаг бол бид таван центээр эрчим хүч худалдан авч байгаа гэдгийг Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуурын хэлснээс иш татан хүргэж болно. Гэтэл дэлхийн 117 орныг оролцуулан эрчим хүчний үнийн судалгаа хийхэд нэг квт.ц цахилгааныг доод тал нь найман центээр тогтоох ёстой гэх Олон улсын судалгаа бий. Ингээд татаас авсан ч өнөөдрийг хүртэл 13 жилийн турш алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний компаниуд цахилгааны үнийг нэмэх шийдвэрт хэд, хэдэн удаа хүрч, үнийг нэмж байсан тохиолдол ч гарсан. Харин өнгөрсөн сараас мөрдөж эхэлсэн шинэ тарифыг энэ удаад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас болиуллаа. Ингэхдээ таван төгрөгөөр цахилгааны үнийг нэмсэн нь хууль зөрчсөн асуудал хэмээн мэдэгдэв.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг квт.ц үнэ тарифыг таван төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хоёр дахь хэсгээр баталсан тарифыг өнгөрсөн сарын 10-ны өдрөөс мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг аж ахуй эрхлэгчдэд үүрэг болгосон юм. Харин ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог аж. Гэтэл тус газраас зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн үзжээ. Ингээд тэд үнэ нэмэх тогтоолуудыг хүчингүй болгох талаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлж, хууль зөрчсөн аж ахуй эрхлэгчдийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн захиргааны арга хэмжээг авлаа.
Угтаа бол монополь, монополь бусаас үл шалтгаан эрчим хүч үйлдвэрлэгч аж, ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадлыг 100 хувь ашиглан ажилладаг. Дээрээс нь асуудлын гол нь иргэд ШӨХТГ-ын дээрх үйлдлийг үнэ нэмэх учиргүй байж хэмээн хүлээж авлаа. Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг эрчим хүчний салбарын хасах баланс бэлхнээ илтгэнэ. Мөн таван төгрөгөөр үнэ нэмсэнд бус үнэ нэмэхдээ ШӨХТГ-т танилцуулаагүй гэх шалтгаан энэ удаагийн цахилгаан, эрчим хүчний нэмэгдлийг зогсоосон юм. Ингээд үзвэл, ШӨХТГ-ын гаргасан дээрх шийдвэр нь иргэдэд ашигтай мэт харагдаж болох ч эрчим хүчний салбарын голлох орлогыг хязгаарласан, зах зээлээс ухралт хийсэн нөхцөл байдлыг дэмжсэн гэх ойлголтыг нэг талаараа нийгэмд үүсгээд байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгөөр цахилгааны төлбөр хийсэн нэг ч өрх, аж, ахуй нэгж байхгүй гэж мэдэгдсэн мөртлөө цахилгаан түгээх компаниудыг 1.4-89 сая төгрөгөөр торгосон нь санхүүгийн дарамтад орсон компаниудын нөхцөл байдалд илүү хүндээр тусч болох талтай. Хэдий хуулийн дагуу ажиллах ёстой ч хэн нэгэн хохирол амсаагүй, тогтоолыг хүчингүй болгосон бол нийгмийн эмзэг сэдвээр “өрсөлдөөн” хийж, олны сэтгэл санааг өөрчлөлгүйгээр дээрх асуудлыг шийдэх боломж байсан. Тиймээс эрчим хүчний салбар улсын онц чухал ч уналтад орсон бус хэн нэг бизнесмэний орлогын эх үүсвэр мэт харагдуулсан ШӨХТГ-ын дээрх мэдэгдэл эрчим хүчний салбарт томоохон “дарамт” учрууллаа хэмээн салбарынхан хэлж байна. Тэд өнөөдөр албан ёсны байр сууриа илэрхийлнэ.
ШӨХТГ-ын торгуулийн дүн (төгрөгөөр)
1. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 89.436.259
2. “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 48.593.255
3. “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 23.651.190
4. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 13.336.992
5. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК. 9.022.355
6. “Хөвсгөл-Эрчим хүч” ОНӨХХК 1.490.405
7. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр 960.000
8. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Т.Ган-төмөр 960.000
9. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмар 960.000
10. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан 960.000
Нийт 189.370.456