Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туул голын сав газарт ирэх оноос усны хомсдол нүүрлэх нь


Азийн хөгжлийн банк, БОНХЯ-тай хамтарч манай улсын усны нөөцийн тухай “Цөл нутаг дахь эрэлт хэрэгцээ” нэртэй судалгаа хийсэнээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Швед улсын Стокхольм хотноо зохиогдож буй Дэлхийн усны долоо хоногийн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгон АХБ-наас зохион байгуулж буй “Азийг харах нүд” үйл ажиллагааны үеэр танилцуулав. Үүнд Монгол Улсад  усны нөөцийн хомсдол нүүрлэж байна гэж үзжээ. Иймд  эрчим хүч, уул уурхайн хөгжлийн төлөвлөгөөндөө усны асуудлыг тодорхой тусгах ёстой гэлээ.  Дээрх судалгааг танилцуулах үеэр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Аюуми Кониши “Уул уурхайн салбар, дулааны цахилгаан станцуудад Монгол Улсын хувьд жилээс жилд хомсдож буй усны нөөцийг улам ихээр ашиглахаар зэхэж байна. Цаашид бусад улс орны адил ус, эрчим хүчний хэрэглээг хамтад нь төлөвлөх туйлын чухал” гэжээ. 

Манай улсад усны гол хэрэглэгч нь хөдөө аж ахуйн салбар байв. Гэтэл 2009 оноос хойш уул уурхайн салбар эдийн засагт чухал байр суурь эзлэх болсон. Энэ үеэс уг салбарын усны хэрэглээ огцом нэмэгдэж буй юм. Мөн хүн амын өсөлт, уул уурхайн үйлдвэрлэлээ дагаад эрчим хүчний хэрэглээ жил бүр өсч буй билээ. Энэ нь усны хэрэглээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон. Тухайлбал,  өнгөрсөн  онд уул уурхайн салбар нийт экспортын 82, ДНБ-ий 19 хувийг бүрдүүлсэн байдаг.

Манай улс жилд 1500 МВт цахилгаан эрчим хүч хэрэглэгдэг судалгаа бий. Энэ хэрэглээ  2030 он гэхэд 3000 МВТ хүрэх тооцоо гарсан. Гэтэл усны нөөц бага  бүс нутгуудад эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхайн барилга байгууламж, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд байна хэмээн уг судалгаанд дурджээ.  Манай улс Таван толгойн нүүрсний ордоо бүрэн ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дулааны цахилгаан станц барих болсон. Тус ордод босох цахилгаан станцын хүчин чадал 700 МВт бөгөөд Өмнөд нутаг болон тэнд байгаа томоохон орд, ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж буй юм.  Гэвч усны асуудлаа нэн тэргүүнд шийдэх хэрэгтэйг дээрх судалгаагаар анхааруулжээ. 

Үүнээс гадна “Цөл нутаг дахь эрэлт хэрэгцээ” судалгаа хийхдээ манай улсын  ус, эрчим хүчний одоогийн төлөв байдал болон Туул голын сав газар, говийн бүсийн Галба-Ууш Долоодын сав газрыг  голлон авч үзсэн байна. Тухайлбал, Туул голын сав газар нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр юм. Одоо энэ бүс нутагт 1650 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. Иймд усны хэрэглээ огцом нэмэгдэнэ хэмээн уг судалгаанд үзжээ. Гэтэл дээрх судалгаанд Туул голын сав газрын усны нөөц  хэдийнэ хүрэлцэхгүй болж эхэлсэн.  Газрын гүний усны хэрэглээ 2015 он гэхэд дээд түвшинд хүрч, усны хомсдол нүүрлэх төлөвтэй байгаа гэж дүгнэсэн байна.    

Говийн бүсийн Галба-Ууш Долоодын сав газарт Таван толгой, Оюу толгойн томоохон уурхай бий. Дээр нь томоохон дулааны цахилгаан станц байгуулах тул  2020 он гэхэд усны хэрэглээ огцом нэмэгдэнэ. Хэдийгээр усны  хомсдолд орох  аюул үгүй ч, 2025 он гэхэд жилийн усны хэрэглээ 108.2 сая шоо метр хүрнэ гэсэн тооцоо хийжээ. Иймд орон нутгийн оршин суугчид, малчидтай усны асуудлаас улбаалсан зөрчил гарах эрсдэлтэй хэмээн дүгнэсэн аж.  
Дээрх судалгааны нэг гол асуудал нь орон сууц, үйлдвэрлэлийн салбарт аль болох эрчим хүч хэмнэх, хурын ус хэрэглэх, хаягдал усаа дахин ашиглахыг уриалсан байна. Нөгөө талаар цахилгаан станц барихдаа ус бага хэргэлдэг технологи нэвтрүүлэх, төлбөрийн тогтолцоог сайжруулах шаардлагатай гэжээ.
Цаашид Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад усны аюулгүй байдлын үнэлгээг хийж, айл өрх, хот байгуулалт, эдийн засаг, байгаль орчин, гамшигийн бэлэн байдал зэрэг усны аюулгүй хэрэглээний бүрэлдэхүүн хэсгүүдийг судлах болсон байна.

0 Сэтгэгдэл
монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг усны тухай хууль гэж байна уу?
Хамгийн их уншсан