Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үг товчилно гэдэг хэн хүний дурын хэрэг биш


Аливаа хэл гэдэг өөр өөрийн дү­рэм, тогтсон хэв жаягтай байдаг. Ийм ч учраас аль ч хэл өөрийн гэсэн зөв бич­гийн дүрэмтэй, үүнийгээ иргэн хү­нээ анх бичиг үсэгт сургахаасаа эх­лэн таниулж хэвшүүлдэг. Үүнийгээ ч төвийн хэвлэл мэдээллийн хэрэг­сэл, албан хэрэг, гудамж талбай дахь сам­бар үзүүлэн бүхэнд ягштал мөрд­дөг. Манай гарагийн аль ч улсад энэ л дүрэм журам үйлчилсээр өнөө хүр­сэн.

Сүүлийн үест  албан бичиг, хэв­лэл мэдээллийн хэрэгслийн бичвэр, энд тэндэхийн самбар үзүүлэнгийн бичлэгт үг үсгийн, зөв бичих дүр­мийн алдаа ёстой л нүдэнд эвэр ургатал тааралддаг болсныг эс өгүүлэн зөвхөн үг товчилж байгаа тухайд өгүүлэх минь.

Хүн төрөлхтөн хэлэнд ч,  хэлэхэд ч  аль болох товчлон хураангуйлахыг эрмэлзэж ирсэн байдаг. “Та өчигдөр хөдөөнөөс ирэв үү” гэсэн асуултад “Тэглээ” гэж хариулж байгаа нь чухамдаа бүтэн өгүүлбэрийг хураан­гуйлан товчилж л байгаа хэрэг. Үүн лүгээ бичгийн хэлэнд нэр томъёог товчлох нь бий. Та бид бэлхэнээ БНМАУ /Бүгд найрамдах Монгол ард улс/ , МАН /Монгол Ар­­дын нам/, АН /Ардчилсан нам/, УМХГ /Улсын мэргэжлийн хянал­тын газар/ , ЦЕГ /Цагдаагийн ерөнхий газар/ ОУОХ /Олон улсын олим­пын хороо/ зэрэг үгийг мэднэ. Энэ үг сонин хэвлэлийн хуудаснаа ч, теле­визийн дэлгэцнээ ч, гудамж талбайд хаана ч таарсан эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тайлж уншиж чадна. Тэгэхээр эндээс үг товчилно гэдэг хэн бүхний танил болсон байж сая товчилдог гэдэг нь харагдаж байна. Гэтэл сүүлийн үест хэн дуртай нь нэр томъёо л байвал товчилж бичин юуг хэлээд байгаа нь ойлгогдохгүй хэдэн бөөн үсэг газар сайгүй тааралдах болсон нь уншигч олныг эргэлзээнд оруулдаг болсныг хэн хүнгүй мэднэ.

Ухаандаа ТЕГ гэсэн товчлол байна. Манайд ингэж товчилж болох гур­ван ч агентлаг бий. Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар гээд. ТЕГ гэсэн товчлол алийг нь хэлж байна гэж уншигч ойлгох вэ. Телевизүүдээр гарч байгаа хөтөлбөрт ОАК, СоАК, Оакино, СОАУСК гэсэн үг олонтаа тохионо. Олон ангит киног хэлээд байгаа хэрэг. Тэгээд тэр нь баяжаад Солонгосын олон ангит кино, Солонгосын олон ангит уран сайхны кино гэдгийг бүхэлд нь товчлоод байгаа нь тэр бололтой. Өнөөх кино нь инээдмийн байвал СОАИУСК болох нь л дээ.

“NBS” телевиз нэг хөтөлбөрийн­хөө титрт “ХЗНҮХ-ийн тэргүүн” гэж бичиж. Тэргүүн гэхээр бодо­ход иргэний хөдөлгөөний нэг байгууллага бололтой. Хүн ойлгох юм алга. Бас НТХХГ гэсэн үг байх юм, юу гэж байгааг бүү мэд. ХЧБ-ийн захирагч, БМИҮЗ-ийн гүйцэтгэх захирал гэснийг юу гэж ойлгох вэ. Тэдгээр хүмүүсийн яриад байгаагаас үзвэл Худалдааны чөлөөт бүс, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл гэсэн үг болов уу гэж таалаа. ОУОСХ гэдгийг бол Олон улсын оюутны спортын холбоо гэж буудах жишээтэй. “ЗГҮЦ худалдааллаа” гэсэн титр харагдаж л байна. Бодож бодож Засгийн газрын үнэт цаас л юм болов уу гэж тайлах жишээтэй. Гэхдээ бичигч би эдгээр үгийн тайллыг олох гэж бодсоор  байгаад тухайн мэдээг үзэж сонсч чадаагүйгээ хэлэх минь.

Сонинд бол товчилсон үгийг эх­лээд заавал тайлалтай нь бичээд хойш нь товчилж бичдэг. Хүн ойл­гохгүй бол өмнөхийг нь гүйлгэж ха­раад ойлгоно. Харин телевизэд ер­дөө хэдхэн секунд /телевизийн суб­титрийг 8-10 секундэд буюу хүний ун­шиж амжих хугацаагаар л өгдөг/ ур­саад өнгөрөхөд хүн яаж учрыг нь олж унших вэ.
Манайд үг товчилдог ганц л дүрэм үйлчилдэг. Энэ бол толгой үсгээр нь товчлох. ОХУ, ХХК, СБД гэх мэтээр.  Их гүүш Ренчин гуайн үеэр товчилсон ганц үг нь МОНЦАМЭ /Монголын цахилгаан мэдээ/. Хэвшчихсэн л болохоос биш ХУД /Хан-Уул дүүрэг/ СБД /Сүхбаатар дүүрэг/ гэдэг ч угтаа буруу л товчлол. Энд Хан-Уул, Сүхбаатар гэдэг нэг үгийг хоёр хуваан ХУ, СБ гэж товчилсон нь угтаа монгол хэлний хэм хэмжээнээс зөрсөн зүйл. Гэхдээ энэ бол эрхбиш олны танил болоод хэвшчихсэн юм л даа.

Тэгэхээр төрийн хэлний зөвлөл /Нарийн бичгийн дарга нь гүүш Ж.Нэргүй/ гэдэг байгууллага үг товчлох асуудлыг нэгэнтээ эргэн харж хэвшүүлэх, цэгцлэх цаг болсон баймаар. Телевизийн дэлгэц, самбар үзүүлэн, гарчиг зэрэгт багтахгүй нь гээд хэн дуртай нь үг өгүүлбэр бүрийг толгой үсгээр нь товчлоод байвал “чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл”-ийг минь хэн уншиж ойлгох болж байна аа. Дээхэн цагт бүр 1960-70-аад онд  монгол хэлэнд гадаад үг ихээр орж байгааг шүүм­жилсэн “Комбинатын клубт лекцтэй. Билетийг касст зарна” гэсэн онигоо гарсан байдагсан. Гэтэл одоо хаа нэгтээ цагаан толгойн том үсгийг жагсаагаад биччихсэн юм шиг бүтэн өгүүлбэрийг тэр чигээр нь товчлоод биччихсэн зүйл таарахгүй гэх баталгаагүй болж байна.

Ний нуугүй үнэнийг хэлэхэд ингэж хайр найргүй товчилдог хүмүүс чинь манай төрийн албаныхан, тэгээд мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд маань шүү.

0 Сэтгэгдэл
uneheer zuv sedev hundluu gadaadiin televizuudiig haraad bhad tiim tovchilson usegnuud haragddguim bilee manaihan yaagad tegej tovchilood bdg yum boloo yostoi hen ch tailj unshihgui tatatungaa shuu dee
Үүнийг холбогдох хүмүүс нь, тэр Ж.Нэргүй нь уншаасай билээ дээ.
Ээ зайлуул даа,тэр Ж.Нэргүй чинь монгол хэлний дүрмийн талаар А-гүй юм билээ. Харин өөрөө бичих,найруулахдаа гайгүй. Түүнээс бус үг товчилох,бичгийн болон ярианы хэлний талаар төсөөлөл үгүй.Зайлуул цалин л авч суугаа,хоног өнгөрүүлэгч шүү дээ.
эхлээд ургийн овог эцгийн нэр өөрийн нэрээ бүтнээр нь ярьж бичээд хэвшчихээ
нээрээ арай л хэтэрч байгаа шүү дээ.
Хамгийн их уншсан