Энэ жил МҮОНР үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож, радиогийн хамт олон ажил хөдөлмөр, уран бүтээлийн ургац арвин байна. Энэ тухай МҮОНР-гийн дарга Л.Цэрэн-Очиртой ярилцлаа.
-Танд болон танай радиогийн хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе?
-“Ардчилал” сонины хамт олондоо баярлалаа. Нийгмийн ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүн ардаа соён гэгээрүүлэх их үйлсийн торгон цэрэг ардчилсан хувьсгалын анхдагч дуу хоолой та нартаа амжилт хүсье.
МҮОНР–гийн түүхт 80 жилийн ойг Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг үүсч бий болсны үндэсний хэмжээний их баярын өдөр гэж ёслол төгөлдөр тэмдэглэх үйл ажиллагаа орон даяар ид өрнөж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын 80 жилийн түүхийг ард түмэнтэйгээ “Монголын радио” хамтдаа бичилцэж ирсэн баялаг түүхтэй хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл юм. Радио сонсогддоггүй цэг, салбар гэж ер үгүй. Радиогоо сонсч ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхэлдэг ард түмэн шүү дээ, монголчууд. Танай сониноор дамжуулан радио сонсогч бүхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Өнөөдрийн цаг үеэс өнгөрсөн 80 жилийнхээ түүхэн баримтуудаас товч дурдахгүй юу?
-Үгээр хэлж, үсгээр бичиж дуусашгүй түүхтэй шүү дээ, Монголын радио. 1931 оны тавдугаар сарын 1-нд нийслэл хүрээнд Засгийн газрын байшин, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клубийн орой дээр чанга яригч байрлуулж орой бүр 19.00 цагаас монгол, орос, хятад хэлээр тусгай хөтөлбөрөөр нэвтрүүлэг явуулж эхэлсэн байдаг. 1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Гэндэн, НТХ-ны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрлийн сайд Дамбийням, Лосол, Өлзийбат, СССР-ийн элчин сайд нар Радио нэвтрүүлэх станцын газарт хүрэлцэн ирж, Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсний ёслолын үйл ажиллагааг явуулж, орон даяар нэвтрүүлгээ цацсан энэ өдрийг Монголын радиогийн баярын өдөр гэж түүхэнд тэмдэглэдэг болжээ. Монгол Улсын нийслэлд 1910 онд Англи улсын тоног төхөөрөмжтэй ганц кВт-ын хүчин чадалтай радио станц ажиллаж байсныг “У- Шиан- Диан”-гийн өндөр буюу хожим нь “Хоёр өндөр” гэж нэрлэгддэг байсан радио өнөөдөр Монгол улсын 21 аймаг, 381 сум суурин газарт өргөн нэвтрүүлгээ цаг алдалгүй хүргэж чаддаг хүчирхэг мэдээллийн байгууллага боллоо.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага, төр, Засгийн газар, үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалах зэвсэгт хүчин, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, зам тээвэр, харилцаа холбоо, мал аж ахуй, газар тариалан, шүүх эрх мэдлийн байгууллагын тухай мэдээ мэдээллийг улс даяараа түгээн дэлгэрүүлэх, хүн ардаа соён гэгээрүүлэх их үйлсийн торгон цэрэг Монголын радиогийн түүх нь Монгол Улсын 800 гаруй жилийн төрт ёсны их түүхийн салшгүй нэгэн салаа мөчир нь юм.
-Түүхт ойгоо ямар амжилтаар угтаж байна?
-Ойд зориулан 80 бүтээлч ажил зохиохоор ойн баярыг тэмдэглэх ажлын хэсэг гарч үндсэндээ бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангаад байна. Олон ястан үндэстний өлгий нутаг болохоор Монгол түмнийхээ зан заншил, удам угсаа, соёл урлаг, ахуй амьжиргааны талаар мөн угсаатан зүйн судалгаа явуулах сэтгүүлч сурвалжлагчдын баг гаргаж Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймагт ажиллуулж, мардагдаж устах дөхсөн соёлын өв сан, эд өлгийн зүйл, дуу хуур, бүжиг наадам зэргийн бичлэг хийж 50 гаруй нэвтрүүлгээр алтан сан хөмрөгөө баяжууллаа.
Аймаг орон нутгаас радио жүжиг олныг бичиж авлаа. Монголын радиод ажиллаж байгаа яруу найрагч зохиолчдынхоо бүтээлээр нэгдсэн концерт бэлтгэж орон даяар нэвтрүүллээ. “Монгол радио-80” телевизийн баримтат кино бүтээсэн. “Хөх тэнгэрийн аялгуу” нэртэй радиогийн үүсэл хөгжил түүхийн товчоо ном гаргалаа. Радиод ажиллаж байсан одоо ажиллаж байгаа 108 эмэгтэйн дурсамж номыг “Радиогийн хүүхнүүд буюу хөх тэнгэрийн аялгуу” нэртэйгээр хэвлэлтэд шилжүүлж ойн баяраар өлгийдөж аваад байна.
-Уран бүтээлийн хувьд олз омог арвин байгаа юм байна. Харин техник шинэчлэлийн хувьд хэр ахиулж чадав?
-Радио өргөн нэвтрүүлгийн сонсогдох хамрах хүрээг өргөжүүлэхээр нэлээд хариуцлагатай хүн хүч шаардсан ажлыг ойн өмнө амжуулсан. МҮОНР-д орчин үеийн техник технологи бүрэн нэвтэрч Монголын радиог өнөөдөр ФМ-ийн сувгаар орон даяар сонсч байна. Авто радио, гар утсаар, интернэтээр бүрнээ чөлөөтэй хүлээн авах боломжтой боллоо. Радиогийн өгөгдлийн болон архивын сан хөмрөг бүхэлдээ дижитал хэлбэрт шилжсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 380 гаруй сум суурин газарт Монголын радиог чөлөөтэй сонсох боломжтой. Түүхт 80 жилийн ойн өмнө Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Булган, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь зэрэг аймагт богино долгионы ФМ 105,5-аар радио өргөн нэвтрүүлэг цацагддаг боллоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар радиогийн архив өгөгдлийн санг тоон технологид шилжүүлэх үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Тун удахгүй нийслэл хотын зарим дүүргийн айл өрх, албан байгууллага бүрт радио өргөн нэвтрүүлгийг хүргэх интернэт радио шугам нээх туршилт явуулах юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар радиогийн зарим техник хэрэгслийг орчин үеийн, тоон технологийн шинэхэн тоног төхөөрөмжийг Герман, Францын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хэсэгчлэн суурилуулаад хүлээж авахад бэлэн боллоо.
-Одоогийн байдлаар олон улсад Монголын радио дангаараа нэвтрүүлэг явуулдаг байх аа?
-Хилийн чанадад гадаадын сонсогч иргэдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх эрх үүргийг хуулиар хүлээлгэсэн нь МҮОНР-гийн хувьд нэр төрийн хэрэг төдийгүй олон нийтэд хариуцлагатай, итгэл хүлээсэн мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болохыг харуулдаг юм.
Монголын дуу хоолой радио энэ жил түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Орос, хятад, япон, англи, монгол хэлээр дэлхийн таван тивийн ард түмэнд мэдээлэл түгээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын албан ёсны өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын радио БНХАУ-ын Олон улсын радиотой хоёр талаас шууд нэвтрүүлгийн гүүр барьж Улаанбаатар-Бээжингийн хооронд радио нэвтрүүлэг хийж дэлхий дахинаа цацлаа. Энэ бол Монголын радио цаашдаа ч Монголынхоо аймаг хот төдийгүй дэлхийн хаанаас ч радио гүүр барьж нэвтрүүлэг явуулах техник технологийн боломжтой гэдгээ харуулсан түүхэн үйл явдал байлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний албан ёсны айлчлалын үеэр МҮОНР болон “Орос улсын өнөөдөр” мэдээллийн байгууллагын хооронд радио өргөн нэвтрүүлгийн урьдын найрамдалт хамтын ажиллагаагаа дахин сэргээж явуулах гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл бүрдүүлэх “Санамж” бичигт МҮОНРТ-ийн ерөнхий захирлын түвшинд гарын үсэг зурлаа. Энэ нь манай хоёр орны ард түмний дунд мэдээ мэдээлэл харилцан солилцох өргөн боломжийг нээж өгсөн түүхэн үйл явдал болсныг Монголын ард түмэнд дуулгаж байгаадаа таатай байна. Түүнчлэн МҮОНР урьсан зочдынхоо ярилцлагыг дүрстэй хэлбэрээр түгээхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Удахгүй Улаанбаатар-Токиогийн хооронд радио гүүр хийхээр Монголын дуу хоолой радиогийн хамт олон ид ажиллаж байна.
-Дотоодын өргөн нэвтрүүлгийн тухайд ямар ололт амжилт байна?
-Өнөөдөр олон нийтийн өргөн нэвтрүүлгийн статусыг тодорхойлогч гол хүчин зүйл, хуулиар олгосон эрх үүргийнхээ дагуу өдөр тутмын хөтөлбөртөө мэдээ, мэдээллийн чиглэлийн нэвтрүүлэг 41 хувь, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн нэвтрүүлэг 19, хөгжөөн цэнгээнт зорилго бүхий нэвтрүүлэг 38 хувийг тусгаж тогтмол нэвтрүүлдэг боллоо. Жилдээ нэгдүгээр програмаар 6207 цаг, хоёрдугаар сувгаар 5110 цаг, гуравдугаар суваг Р-3 радио 5740 цаг, Монголын дуу хоолой радио 1825 цагийн хөтөлбөр тус тус бэлтгэн дамжуулж байна. Хөдөө орон нутагт 21 аймагт ажиллаж байгаа сурвалжлагчдын бэлдсэн мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг нь радиогийн өдөр тутмын хөтөлбөрт тодорхой байр суурийг эзэлж байна.
-Танай хамт олонд амжилт алдар гавьяатнууд олонтой шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Монголын радиогийн түүхэн 80 жилийн хугацаанд манай хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, төрийн соёрхолт, Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт зохиолч Ч. Лодойдамба, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Дорж, Төрийн шагналт Ц.Бавуудорж, Соёл урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Бадраа, Т.Чимэддорж, Буянхишиг, Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа, Д.Балжир, Б.Хишгээ, Рагчаа, Билгээ, Отгон, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч яруу найрагч Дан.Нямаа, Шийрэв, Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч С.Бүргэд, Л.Хаянхирваа, Б.Баатар нарын зэрэг нийтдээ 55 хүнд төрийн болон ардын, улсын гавъяат цол хүртээжээ.
135 хүнийг төрийн дээд шагнал одон медиалаар тус тус шагнасны дотор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 21, Алтангадас одонгоор 75, Хөдөлмөрийн хүндэт медиалаар 39, бусад ойн медаль, албан байгууллагын дээд шагналаар олон зуун хүн шагнуулсан. Энэ бол Монголын радиод ажиллаж байсан одоо ажиллаж байгаа сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, нэвтрүүлэгч, найруулагч, инженер техникийн болон үйлчилгээний ажилтнууд. Тэгэхээр МҮОНР гэдэг их айл Үндэсний олон нийтийн радиогийн анхдагчийн нэр төрийн хэрэг, ажил үйлс, итгэлцлийн баталгааны тод томруун илрэл юм.