Хүүхдээ сайн сургуульд оруулж, эрдэм мэдлэгтэй хүн болгохыг эцэг эх бүхэн хүсэх нь дамжиггүй. Гэвч гүнзгийрүүлсэн сургалттай гэгдэх сургуульд хүүхдээ оруулна гэдэг амаргүй. Ар өврийн хаалга, хандивт өргөх хэдэн бор төгрөг байхгүй л бол бүтэшгүй зүйл болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Төрийн гэх тодотголтой зарим сургуульд хүүхэд элсүүлэхэд жил бүр ханштай болдог гэдгийг ч батлах хүн нэг биш бий. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг холбогдох байгууллагууд аль болох хумиж байгаа ч сургууль цэцэрлэгийн хүрэлцээ тааруу, эцэг эхчүүд хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг зэргийг далимдуулан ашиг хонжоо хайгчид ч цөөнгүй байдаг. Үүнийг батлах нэг хэрэг Хан-Уул дүүрэгт гарсан байна. Улсын тэргүүний гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд хүүхдийг чинь оруулж өгнө хэмээн эцэг эхчүүдээс багагүй мөнгө залилсан гэнэ. Хамгийн гол нь өнөөдөр үеийнхэнтэйгээ хамт сурагчийн ширээний ард сууж байх ёстой зургаан хүүхэд энэ хэргийн хохирогч болж сургуульд ч орж чадалгүй гадаа тоос шороотой хутгалдан өдрийг өнгөрөөх болжээ. Болсон явдлыг доор сийрүүлье.
Бүх зүйл орон сууцны орц, цэцэрлэгийн гадна хадсан “18 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн шалгалтад хүүхэд бэлдүүлнэ” гэх зараас эхтэй аж. Энэ дагуу 20 орчим хүүүхдийн ээж аав Т.Тансагчимэг гэх эмэгтэйд 60, 60 мянган төгрөг өгч, хүүхдээ шалгалтад бэлдүүлжээ. Гэвч элсэлтийн шалгалтад хүүхдүүд тэнцээгүй аж. Т.Тансагчимэгийн бэлдүүлсэн 100 асуулт бүхий тестээс шалгалтад нэг ч асуулт ирээгүй тул хүүхдүүд бүдрэх нь ч аргагүй юм. Энэ дагуу нь гомдоллоход “Санаа зоволтгүй би оруулж өгнө. 500 мянган төгрөг өгчих” гээд дээрх зургаан хүүхдийн ээж ааваас тус бүр 500 мянган төгрөг авчээ.
Ингээд есдүгээр сарын 1 дөхөв. Мөнгөө өгсөн ээж аавууд Т.Тансагчимэгтэй утсаар ярихад нь “Семинартай яваад байна, зөвлөгөөн болж байгаа, хуралтай байна, санаа зоволтгүй, маргааш яриад л оруулаад өгнө” гэсээр өнөөдрийг хүрчээ. Нэгэн хохирогч эмэгтэй энэ тухай “Есдүгээр сарын 1-нд өдөр өнжүүлэхийн багш нь гэх эмэгтэй анги руу нь оруулж өгнө гээд хүүхдийг маань аваад үлдсэн юм. Би тарахад нь авсан болохоор хичээлд суусан гэдгийг нь мэдэж байна. Харин маргааш нь өдөр өнжүүлэхээс нь автал багш нь “Танай хүүхэд өнөөдөр хичээлд суугаагүй байна. Дэвтэр дээрээ юу ч бичээгүй байна” гэхэд нь их гайхсан. Хүүхдээсээ асуутал “Шүдэндээ аппараттай эгч биднийг сургуульд оруулалгүй, гадаа тоглуулж байгаад авчраад өгсөн” гэж хэлсэн. Ингээд Тансагчимэгтэй утсаар ярьсан юм. 3-нд манай сургалтын төвийн багш анги ангид нь оруулж өгнө гэхээр нь та өөрөө ирж учрыг нь олж өг гээд уурласан. Өчигдөр /уржигдар/ Тансагчимэг ирээд багштай нь уулзана аа, та нар сургуулийн захирлын нүдэнд битгий өртөөд бай, гадаа хүлээж бай гээд орсон юм. Яриад болчихсон шүү. Орой 10 цагийн үед та нартай утсаар ярина. Тэр болтол битгий залгаарай гээд явсан. Гэтэл орой нь яриад баасан гарагт ангиудад хоёр хоёроор нь оруулна гэж хэлсэн. Сургууль дээр ирээд хүлээх зуур танилтайгаа таараад тэр эмэгтэй залилагч болохыг мэдсэн” гэв. Өчигдөр мөнгөө өгөөд залилуулсан хоёр хүүхдийн ээж аав сургуулийн улирдлагатай уулзжээ. Харин үлдсэн дөрөв нь Т.Тансагчимэг гэгчийн худал үгэнд итгэж хүлээгээд сууж байгаа нь гарцаагүй юм.
Зургаан хүүхдийг ирэх долоо хоног гэхэд сургуультай болгоно
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сургуульд орж чадаагүй залилангийн хэргийн хохирогч болсон зургаан хүүхдийн асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?
-Мэдээж цагдаагийн байгууллагад хандана. Манай дүүргийн хувьд 52, 18 дугаар сургууль гүнзгийрүүлсэн сургалттай байдаг. Эцэг эхчүүд энэ хоёр сургуульд л хүүхдээ оруулах сонирхолтой байдаг юм. Дүүргийнхээ хэмжээнд нэмэлт элсэлт зохион байгуулдаг. Хамрагдаж чадаагүй хүүхдийн тухайд сургуулиас завсардана гэсэн ойлголт байхгүй. Хамран сургах тойргийнхоо сургуульд орох боломжтой. Бусад сургууль хүүхэд элсүүлэх боломжтой. Ирэх долоо хоног гэхэд энэ зургаан хүүхдийн сургуулийн асуудлыг шийдэж, хичээлд нь явуулна.
-Та дүүргийн боловсролын хэлтсийн даргын хувьд энэ хэрэгт хариуцлага хүлээх үү?
-Боловсролын хэлтсийн дарга Эрдэнэчимэг болон мэргэжилтэн Чинбаатар нарт арга хэмжээ авна гэсэн байна лээ. Манай хэлтэс зөвлөмжийн дагуу элсэлтийг зохион байгуулж, арга зүйгээр хангаж ажилласан. Иргэдийг хохироохгүй, хүүхдүүдээ бүрэн хамруулах чиглэлээр хяналт тавьдаг. Зохих журмын дагуу элсэлтээ явуулаад дууссан. Тийм болохоор биднийг буруутгах нь утгагүй. Хамгийн гол нь залилангийн хэрэг бол нэг тусдаа, хүүхдийн сурах эрх чөлөөг боомилсон гэдгээр нь бас зүйлчилж залилагч этгээдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тансагчимэг гэх эмэгтэй өмнө нь ийм маягаар иргэдээс мөнгө төгрөг залилаж аваад явдаг байсан юм билээ.
-Та мэдэж байсан юм уу?
-Би 2012 оны аравдугаар сард энэ албан тушаалд томилогдсон. Түүнээс өмнө залилан хийгээд явж байсан гэдгийг манай мэргэжилтэн хэлж байна лээ. Өнгөрсөн зургадугаар сард манай мэргэжилтэнтэй уулзаад “Би 18 дугаар сургуульд зургаан хүүхэд оруулмаар байна” гэхэд нь манай мэргэжилтэн “Авах боломжгүй ээ. Та яагаад жил бүр ийм юм хийгээд явж байдаг юм бэ” гэхэд нь уурлаад гараад явсан гэсэн. Дараа нь над дээр нэг удаа орж ирсэн л дээ. “Зөвлөмжийнхөө дагуу элсэлт аваад дууссан учраас би эндээс ав гэж хэлж чадахгүй” гэж хэлээд гаргасан. Түүнээс хойш ирж уулзаагүй. Тэгсэн ийм хэрэг тариад явж байж л дээ.
В.Пүрэвжаргал: Т.Тансагчимэг цагийн багшаар ажиллаж байгаад гарсан
Т.Тансагчимэг гэж хэн бэ. Сургуультай ямар холбоотой вэ, сургуулийн удирдлагатай уулзаж байсан эсэхийг Ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуулийн захирал В.Пүрэвжаргалтай уулзаж тодруулав.
-Т.Тансагчимэг гэх эмэгтэй танай сургуультай ямар холбоотой юм бэ?
-Өнгөрсөн жилийн хавар манай хятад хэлний багш жирэмсний амралтаа авсан юм. Тэр үед Тансагчимэг гэх эмэгтэй ирж уулзсан. “ Би Хятадад доктурантурт сурдаг. Гэр ойрхон болохоор түр ч гэсэн танай сургуульд ажилламаар байна. Би сургуульдаа бэлэгтэй ирсэн” гээд хайрцаг дүүрэн тараах материал, үзүүлэн, ном гаргаж ирж байсан. Хэлэндээ сайн, сэтгэлтэй хүүхэд байна гээд цагийн багшаар гурван сар ажиллуулаад хичээлийн сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 31-нд ажлаас чөлөөлсөн. Өмнө нь долдугаар сургуульд ажиллаж байхдаа мөнгө төгрөгнөөс болоод бөөн асуудал үүсгэж байсан гэдгийг саяхан сонслоо.
-Ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш тантай уулзаагүй юу?
-Өчигдөр /уржигдар/ танай сургуульд хүүхдээ оруулмаар байна гээд ирсэн. Манайд хамран сургах тойргийнх мөн эсэхийг нь нотлох байрны ордероо авч ирээд хүүхдээ оруул гэсэн чинь баярлалаа гээд гарсан. Хоёр хүүхэд нь манай сургуульд сурдаг юм. Өөрийнхөө хүүхдийг аваач гээд ирснээс бус өрөөлийн зургаан хүүхдийг аваач гэж надтай огт уулзаагүй. Зургаан хүүхдийн ээж ааваас мөнгө аваад залилан хийснийг би дөнгөж сая л мэдлээ.
-Нэгдүгээр ангийн сурагчдаа шалгалт авч элсүүлдэг юм уу?
-Хамран сургах тойргийн хүүхдүүдээ шалгалтгүй шууд авдаг. Гүнзгийрүүлсэн сургалттай сургууль учраас бусад тойргоос хүүхэд авдаг. Ингэхдээ шалгалт авдаг юм. Их сүртэй шалгалт биш. Гол нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургууль болохоор хүүхдийн хэл ярианы хөгжлийг шалгаж авах шаардлагатай байдаг юм.
-Зургаан хүүхэд хохироод байгааг та хэзээ мэдсэн бэ?
-Эцэг эхтэй нь уулзаад л мэдлээ. Манайд нэг хувийн байгууллагаас зургаан хүүхэд элсүүлнэ үү гэсэн албан бичиг ирж байсан юм. Энэ зургаан хүүхэдтэй холбоотой байж. Манайх элсэлтээ зохих журмынх нь дагуу явуулаад дууссан. Одоо нэмж хүүхэд авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Өчигдөр энэ тухай сонсоод нэлээд балмагдаж судаллаа. Тэр хувийн байгууллагын захирлын нэр нь Т.Тансагчимэгийн хүүхдүүдийн аавынх нь нэртэй адилхан байна. Тэгэхээр нөрхийнхөө байгууллагын нэр дээр албан бичиг явуулсан юм байна гэж таамаглалаа. Албан бичгийнхээ доор дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэнэцэцэг гэх эмэгтэйгээс авна уу гээд утасны дугаар бичсэн байхаар нь залгаж үзлээ. Байгууллагынхаа тухай танилцуулаач гэсэн чинь “Би ажилд ороод хоёр хонож байгаа болохоор мэдэхгүй” гэх юм.